Зарын сонингийн хуудас эргүүлэх төдийд ажилтан авах зар олон янзаараа тавигдсан байдаг. Тэгвэл ихэнх ажлын байрны  хамгийн эхний шаардлага нь "ДИПЛОМ" гэсэн байдаг бөгөөд үүнээс үүдэж нийгэмд ажилгүйдэл үүсэх гол шалтгаан болоод буй.

Энэ нь ч дараах судалгаанаас харагдав. 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 64.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2019 онд нийт 33 473 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 10 878 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна. 

 

 

Харин 2019 оны 12 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Говь- Алтай, Говьсүмбэр, Дундговь, Ховд, Дорнод, Баянхонгор, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.2-11.3 пунктээр илүү байна.

Тэгвэл Улсын хэмжээнд өмнөх оноос шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.5 (6.9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.3 (6.3%) мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (6.1%) мянган хүнээр өсжээ. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны эцсээс 6.5 (6.9%) мянган хүнээр буурахад Баян-Өлгий, Завхан, Булган, Дорноговь, Төв, Хэнтий аймгууд 0.6-1.2 (21.4-37.4%) мянган хүнээр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 12 дугаар сарын эцэст 37.0 мянга, үүнээс 20.8 (56.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.2 (44.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Ийнхүү ажилгүйчүүдийн дийлэнх хувийг дипломгүй ажилгүй иргэд эзэлж байгаа нь ажил олгогчид хэт туйширч байгаагийн тод илрэл. Дипломтой үйлчлэгч, цэвэрлэгчтэй болсны гор ийн гарч байгаа гэхэд хилсдэхээргүй болжээ.