Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олон нийтийн танил болсон хүн бол Г.Дэнзэн. Түүний гэм буруутай нь тогтоогдсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.  

Тэгвэл хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм бурууг тогтоосон хэргийн нотлох баримтуудаас хүргэж байна. Үүнийг хүргэж байгаагийн учир нь хүргэн хүү Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан хохирлоо төлөх ёстой болохыг нэхэн сануулж байгаа зорилготой болно.

Г.Дэнзэн нь давтан үйлдлээр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулахаар Я.Батсуурьд нөлөөлсөн, улмаар дээрх сонгон шалгаруулалтанд оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хаасан, “Говь повер” ХХК-нд давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулах үүрэг өгч, хууль бусаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулахаар нөлөөлсөн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 700.000.000 төгрөгийг “Говь повер” ХХК-нд шилжүүлэхээр Я.Батсуурьд нөлөөлсөн. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалсан байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулахаар нөлөөлсөн, улмаар Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралд оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан дүн болох 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлж, “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн хохирол учруулсан байна. 

Энэхүү гэмт хэрэг нь дараах гэрчүүдийн мэдүүлэг болон баримтаар нотлогддог байна. 

  1. гэрч Д.Энхжаргалын өгсөн: “... би одоо “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит хувьцаат ХХК-д ажиллаж байгаа. “Говь Фовэр” ХХК-наас хүлээлгэн өгсөн эд зүйлс нь нийт 5,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд манай байгууллага нэмж капиталжуулан 7 гаран тэрбум төгрөгөөр үнэлж үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Энэ үндсэн хөрөнгөд Говь Фовераас авсан эд хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэсэн нь үнэн. Одоо Говь Фовераас авсан эд хөрөнгө Эрдэнэс Таван толгой ХХК-ны өмчид бүртгэлтэй явж байгаа. Би тухайн үед үндсэн хөрөнгө хариуцсан тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Хүлээж авсан ажлын хэсэгт байгаагүй... 
  2. гэрч М.Баяржаргалантын өгсөн: “...Би 2007-2009 онуудад Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд татварын улсын байцаагч, 2009 онд Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр, 2013 оны 02 сараас 2014 оны 5 сар хүртэл Эд хөрөнгө бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр ажилласан. 2013 оны 01 сарын эхээр санагдаж байна, ажил тарахын орчим нилээн ачаалалтай ажиллаж байх үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Батцоож нь над дээр ирээд “чи явахгүй байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна, Пүрэвдорж дарга яриад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заавал өнөөдөр хийх ёстой юм уу, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд Пүрэвдорж дарга “одоо хий гээд байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр компани нь “Говь повер” гэж нэртэй компани байсан бөгөөд хувийн хэргийг нь Батцоож татаж авчир луу эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусч, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Батцоож нь 4 хүний хамт орж ирээд “нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд явсан. Ингээд би тэр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Говь повер” ХХК-ний хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан. Авчирсан бичиг баримтуудаас харахад тус компаний хувьцаа эзэмшигчдээс нэг хүн гарч, оронд нь Гэрэлхүүгийн Уянга гэж хүн нэмэгдэж орж байгаа талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, дүрэм, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэг байсан. Энэ материалыг үндэслэн тухайн компанид шинээр Гэрэлхүүгийн Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж өөрчлөлтийг хийж, гэрчилгээг нь шинээр хэвлэж гаргаж өгсөн. Шинэ гэрчилгээнд зөвхөн захирлын өөрчлөлт харагддаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн нэрс харагдахгүй. Ингээд холбогдох материалууд буюу өөрчлөлт хийгдсэн компаний дүрмэнд болон УБ05 маягтанд хувийн тэмдэгээ дарж баталгаажуулаад хувийн хэргийг хэсэг хугацааны дараа архивт өгсөн. Ингээд би 2013 оны 3 сард Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр томилогдон ажилласан. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоо” гэсэн мэдээлэл гарсан байсан. Ингээд би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Говьповер” ХХК-ний материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан бөгөөд архивын хэлтсийн дарга Хүчитбаатар дээр орж уулзахад материал нь түүн дээр байсан. Тэгэхээр нь би түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш, Чулуунбаатарын Уянга гэж болсон байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр дээр хэлсэнчлэн УБ05 маягт болон дүрмэнд миний хувийн тэмдэг дарагдсан байх ёстой боловч өөр тэмдэг буюу Чулуунтуяа бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсан. Тэгэхээр миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. Тэгээд би мэдээллийн сангаас орж үзэхэд үүсгэн байгуулагч Г.Уянгыг Ч.Уянгаар сольж миний нэрээр баазад хадгалсан байсан. Гэрэлхүүгийн Уянга гэж хүнийг “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчээр бүртгэснээ баталгаатай хэлж байна. Нэмж ярихад энэ хууль бус өөрчлөлтийг мэдээллийн технологийн газар, архивын хэлтэс, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтнууд хамтарч байж хийж чадна. Түүнээс биш архивын баримтыг солих боломжгүй. Хэрвээ архив дангаараа баримтыг сольсон тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт хийж чадахгүй. Хуулийн этгээдээс бүртгэлийг өөрчилсөн тохиолдолд програмд өөрчлөлт оруулсан он сар өдрүүд харагдах ёстой. Гэтэл тийм юм харагддаггүй. Тэгэхээр Мэдээлэл технологиос бас оролцсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /23хх-ийн 75-79х/ ...Үзүүлж буй Цахим архиваас хэвлэж авсан “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Говьповер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дашдондогийг хасч, шинээр хувьцаа эзэмшигчээр Гэрэлхүүгийн Уянга, Доржпүрэвийн Баярхүү нарыг бүртгэсэн байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ Ц.Дашдондогийн хувьцаа эзэмшигчээс хасагдах шийдвэр, Г.Уянга, Д.Баярхүү нарын шинэчилсэн дүрэм, Ц.Дашдондогоос Г.Уянга, Д.Баярхүү нарт хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэргийг үндэслэсэн байна. Энэхүү баримтуудад дарагдсан улсын бүртгэгчийн тэмдэг нь миний өөрийн тэмдэг мөн байна. Хэвлэлтээс шалтгаалан дугаар нь харагдахгүй байгаа хэдий ч тэмдэгийн хэв, дарагдсан байдал нь мөн байна. Учир нь миний тэмдэг хуучраад зарим хэсгээрээ бүдэг, зарим хэсэгт нь тос нь илүү гарч байсан юм. Өмнө нь дан ганц Г.Уянгыг нэмсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. Г.Уянга, Д.Баярхүү нарыг бүртгэсэн байна. Өмнө мэдүүлэхдээ хувийн хэргээ хараагүй учир андуурал гарсан байна. “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэг 2013.01.07-2013.02.06-ны өдөр хүртэл миний сейфэнд хадгалагдаж байсан. Энэ хугацаанд би хэн нэгэнд уг хувийн хэргийг огт өгөөгүй. Хувийн хэргийн материал над дээр байх хугацаанд бол огт солигдох үндэс байхгүй. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна. Тэгэхээр цахим архивт орсон өдрөөс хойш хугацаанд солигдсон байх магадлалтай гэж үзэж байна...”
  3. гэрч Я.Батцоожийн  өгсөн: “...2009 оноос хойш одоог хүртэл УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. 2013 оны 01 сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж, “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан бөгөөд миний бие бүртгэгч Баяржаргалтанд хандаж “нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би Г.Дэнзэнг өөрөө ирэх юм байх гээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Г.Дэнзэн явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би Баяржаргалантын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь Баяржаргалантын хамт харахад “Говьповер” ХХК гэж байсан. Ингээд би “бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгчихөөрэй” гэж Баяржаргалантад хэлээд явсан. 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар анх байгуулагдаж Татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба нэгдсэн юм. Энэ үед манай Агентлагийг тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Энэ үед Г.Дэнзэн нь түүний зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар Г.Дэнзэнтэй харилцах болсноор биесээ мэдэх болсон. 2013 онд “Говьповер” ХХК-ний хувийн хэрэг дэхь материал солигдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэх үед анх мэдэж, дэд дарга Баттулгын хамт тус компаний хувийн хэргийг татаж үзсэн бөгөөд уг материалыг цахим архивын материалтай тулгаж үзэхэд зөрүүтэй байсан. Тэгээд ямар ч байсан солигдож гэж мэдсэн. Хэрхэн яаж солигдсон талаар мэдэх зүйл алга. Г.Д намайг танихгүй гэдэг нь худал. Би түүнтэй сайдын зөвлөх, агентлагийн хүрээнд харьцаж ажиллаж л байсан. 2009-2011 онуудад УБЕГ байгуулагдаад эхний үед Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар Г.Дэнзэнтэй Засгийн газрын ордонд очиж нилээдгүй хэдэн удаа уулзаж байсан. Өрөөнд нь орж ч уулзаж байсан. Харин 2011 оноос нэг их уулзахаа байсан. Г.Дэнзэн өөрөө ярьсан. Би түүнийг хоолойгоор нь танина. Г.Дэнзэн яах аргагүй над руу ярьсан. Би өөртөө итгэлтэй байна...”
  4. гэрч Д.Чулуунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2008 оны 11 сараас Үндэсний Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд мэргэжилтнээр ажилд орж 2009 онд 4 сард Иргэний бүртгэлийн ерөнхий газартай Улсын бүртгэлийн алба нэгдсэнтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлтөөр 2009 оны 6 сард УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь нь хуулийн этгээдийн бүртгэл, нэмэлт өөрчлөлтийг бүртгэх юм. Би 2010 онд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгчээр ажилд орохдоо 7/13 дугаар бүхий тамга авч байсан. Энэ тамгаараа одоог хүртэл бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Би өөрийн тамгыг гээгдүүлж, хэн нэгэнд өгч ашиглуулж байсан тохиолдол байхгүй. Миний хувьд 2013 онд Говьповер ХХК-тай холбоотой ямарваа нэг өөрчлөлт бүртгээгүй. “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2013.01.07-ны өдөр тус компаний хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, Ч.Уянга, Д.Баярхүү нар бүртгэгдсэн байна. Мөн түүнчлэн Хувьцаа эзэмшигчдийн дүрэм батласан тухай хувьцаа эзэмшигч Ч.Уянга, Д.Баярхүү нарын шийдвэр, хувьцааг Дашдондогоос Ч.Уянга, Д.Баярхүү нар худалдан авсан тухай гэрээ зэрэг авагдсан байх бөгөөд эдгээр бичиг баримтууд 7/13 гэсэн дугаартай улсын бүртгэгчийн тамга дарагдсан байна. Дугаар нь бол миний тамганы дугаар байна. Гэхдээ энэ бүртгэлийг би хийж, өөрчлөлт оруулаагүй. 2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийг сольж бүртгэсэн байна гэх мэдээлэл гарсан. Тэгээд маргааш нь ажил дээр ирэхэд манай ажлын Өлзийбаяр эгч, Цэнгэл эгч бид нар өчигдрийн гарсан мэдээллийн дагуу “Говьповер” ХХК-ний бүртгэлийг шүүж үзье гээд бөөнөөрөө шүүж үзэхэд тус компаний сүүлийн бүртгэлийг Баяржаргалант бүртгэгч хийсэн талаар мэдээлэл байсан. Ингээд бид Баяржаргалант ах бүртгэсэн юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн дараа нь лавлагааны ажилтан Адъяасүрэн намайг дуудахаар нь явж очтол “Говьповер” ХХК-ний хувийн хэргээс лавлагаа гаргаж, материал хуулбарласан байсан бөгөөд уг материалаас нь харахад сая таны үзүүлдэг материалууд байсан бөгөөд миний 7/13 тоот тамга дарагдсан байсныг анх олж харсан. Тэгээд би энэ бүртгэлийг хийгээгүй гэдгээ мэдэж байсан учир архиваас авсан баримтаа эргүүлж өгсөн жагсаалтаа гаргаж ирээд үзэхэд тухайн үед уг компаний материалыг огт авч үзээгүй байсан. Ингээд л өнгөрсөн. Миний тамгыг намайг эзгүйд ашигласан эсхүл хуурамчаар хийсэн гэж би бодож байсан...” мэдүүлэг. 
  5. Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай “...УБСЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь LES программыг 2012 оны 8 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа гэх боловч ямар нэгэн баримт бичгээр баталгаажуулаагүй байна. Бүртгэгч, ахлах бүртгэгч, хяналтын улсын байцаагч, программ зохиогч, системийн админ зэрэг албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. LES програмд хяналтын байцаагч нар мэдээллийг “харах”, бүртгэгч, ахлах бүртгэгч нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх”, программ зохиогч, системийн админ нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх, устгах” эрхийн хүрээнд ажиллаж байна. LES програмын агуулагдаж буй аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас устгаж, өөрчлөх боломжтой. Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас бүртгэгч, ахлах бүртгэгч нар өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар өөрчлөх, устгах үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байна. 2013 оны 2-5 сарын үед бүртгэгч, ахлах бүртгэгч, программ зохиогч, системийн админ нар дээрх үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байсан. 2013 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын хооронд ажиллаж байсан ажилтнуудыг шинжээч тодруулах боломжгүй юм. LES програмын мэдээллийн сан /Oracle/-ийн бүртгэл /лог/, мэдээллийн сангийн сервер /Red Hat/-ийн бүртгэл /лог/ хийгдээгүй учраас мэдээллийн сангаас Говьповер ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг ямар албан тушаалтан устгасан, өөрчилсөн эсэхэд хариулах боломжгүй юм. Мэдээллийн сангийн сервер /Red Hat/ нь хандалтын бүртгэлийг /лог/-ийг 3 сараас илүү хугацаагаар хадгалагддаггүй учраас дата баазын түвшинд хийгдсэн хандалтын талаарх мэдээлэл байхгүй байна...” гэсэн дүгнэлт
  6. гэрч Б.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2000 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаартай нотариатаар ажиллаж байна. Миний хувьд “Говьповер” ХХК-нийг болон захирал Д.Баярмаа, Д.Баярхүү, Ч.Уянга нарыг танихгүй, мэдэхгүй, урьд нь харилцаж байгаагүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие үзүүлж буй 2013.01.07-ны өдөр “Говьповер” ХХК-ний хувьцааг Сархачуул овогтой Цэдэнпилжээгийн Дашдондогоос Хонгор овогтой Доржпүрэвийн Баярхүү, Боржигон овогтой Чулуунбаатарын Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” гэрчлээгүй. Үзүүлж буй гэрээнээс харахад миний нотариатын хувийн дугаар болох 80 дугаарын тамга дарагдсан байгаа боловч миний бие уг нотариатын үйлдлийг хийгээгүй. Би гэрээг батлаагүй учир миний тамга биш, харин нотариат 80 гэсэн дугаар маань давхцаж байна. Мөн хэлэхэд бүртгэлийн 2435, 2438 дугаарт бүртгэсэн байгаагаас харахад 2013.01.07-ны өдөр 2435 гэрээ батласан юм шиг харагдаж байна. Гэтэл миний бие 2013.01.07-ны өдөр 27-30 дахь гэрээгээ гэрчилсэн байна. Тэгэхээр бүртгэлийн дугаар нь хүртэл үндэслэлгүй байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн тэмдэг дээр бичигдсэн бичгийн хэв болон Энхээ гэсэн гарын үсэг зэрэг нь миний болон туслахын бичгийн хэв биш, гарын үсэг нь миний зурдаг гарын үсэг биш байна. Тэгэхээр нь энэ гэрээ нь бүхэлдээ миний батласан гэрээ биш байна. Гэрээний бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс баталж эхэлсэн гэрээг 01 гэж эхлэн дугаарлан бүртгэдэг юм. Миний бие 2000 оноос хойш нотариатын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хувийн тамга, тэмдэгийг хаяж гээгдүүлсэн тохиолдол байхгүй. Харин мөн хугацаанд тамга, тэмдэгний элэгдэл, хорогдолтой холбогдуулан 2 удаа солиулж байсан тохиолдол бий. Солиулах тохиолдолд хуучин тэмдэгийг маань нүдэн дээр устгаж шинийг олгодог юм. Би өөрийн хувийн нотариатын тамга, тэмдэгээ зөвхөн өөрийн биеэр нотариатын үйлдэл хийхдээ ашигладаг бөгөөд хэн нэгэнд шилжүүлсэн, ашиглуулсан асуудал байхгүй. Миний бие тамга тэмдэгээ өөрийн ажлын байранд байрлах төмөр сейфэнд хадгалдаг юм. Хэн нэгэн миний өмнөөс ашиглах ямар ч боломжгүй. Миний туслах Б.Алтанцэцэг /төрсөн дүү/, Н.Одонтуяа /нагац дүү/ нар нь надтай 2000 оноос эхлэн миний туслахаар ажиллаж байгаа бөгөөд 2-луу хуульч мэргэжилтэй, хариуцлага өндөртэй туслахууд. Тэдний зүгээс миний тамга тэмдэгийг ашиглах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд 00 орох, өдрийн цайнд орох үеэр нотариатын үйлчилгээ авахаар ирсэн хүмүүсийг манай туслахууд хүлээн авч холбогдох гэрээ, хэлцэлийг канондож, бүртгээд намайг хүлээж байдаг бөгөөд миний бие ирсэнээр гэрчилж, тамгаа тарах тохиолдол байдаг. Түүнээс биш миний эрхийг миний өмнөөс хэрэгжүүлэх тохиолдол байхгүй...”
  7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1119 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Говьповер ХХК-ны 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь Повер” ХХК-ны дүрэм, "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэг шинжилгээнд тэнцэнэ. 2. Говьповер ХХК-ны 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, №01 "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй. 3. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говь Повер” ХХК-ны дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай тохирохгүй, 4. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатчийн “80” дугаартай тамганы дардсууд нь нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчийн тамганы дардастай тохирохгүй. 5. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ”–ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардсууд нь шинжилгээнд хүргүүлсэн нотариатч Б.Энхээгийн тэмдэгний дардастай тохирохгүй. 6. Дээрх шинжилж буй нотариатчийн тэмдэгний дардсуудын нөхөх хэсэгт бичсэн тоон бичвэр, гарын үсгүүд нь нотариатч Б.Энхээгийн болон түүний туслах Б.Алтанцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийн загваруудтай тохирохгүй...” гэсэн дүгнэлт
  8. Шинжээч Х.Баярмаагийн өгсөн: “...Шүүхийн шинжилгээний тухай хуулинд заасны дагуу шинжилгээг эх хувь буюу биет байдлыг үндэслэн явуулдаг. Тэгэхээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт ирүүлсэн баримтыг шинжилгээнд тэнцэнэ гэж дурьдсан нь тухайн баримтууд эх хувь байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тухайн баримт нь хуулбар буюу скайнердсан баримт биш байсан. Шинжилгээнд ирүүлсэн “Говьповер” ХХК-ийн 2013.01.07.ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр” №1 “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байсан. “Говьповер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй, өөрөөр хэлбэл тэмдэгний ерөнхий хэмжээ, дардас дахь хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тохирохгүй, харьцуулах загвартайгаа зөрүүтэй байсан. 2013.01.07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатын 80 дугаартай тамганы дардасуудыг нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчын тамганы дардастай ажиглалт, давхцуулалт, зүсэлтийн аргаар харьцуулан шинжлэхэд ерөнхий хэлбэр хэмжээ, хүрээ, зэрэг ерөнхий шинжүүдээрээ тохирохгүй байсан. Шинжлэгдсэн дардасууд нь энгийн нүдээр болон тусгай зориулалтын техник ашиглан үзэхэд 2 өөр хэлбэр, хэмжээ, 2 өөр дардасны хүрээтэй байсан бөгөөд энэ нь уг 2 дардасыг хоорондоо тохирохгүй гэдэг дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. 2013.01.07-ны өдрийн өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардасууд нь Б.Энхээгийн гэх нотариатчын тэмдэгний дардастай ерөнхий хэлбэр, хэмжээ, үсгийн хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байсан. Энэ нь уг 2 дардасууд нь тохирохгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон...” гэх мэдүүлэг
  9. гэрч Ц.Дашдондогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 1997 оноос эхлэн Цайз зах дээр түүхий эдийн наймаа хийх явцаа Д.Баярмаатай танилцаж байсан. “Говьповер” ХХК-нийг хэзээ үүсгэн байгуулагдсаныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах явцдаа биднээс түүхий эд худалдан авдаг байсан “Дин Атар Говь” ХХК-ний хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Дин Сүн Жинтэй 2007 онд танилцаж байсан бөгөөд түүнтэй нилээдгүй хугацаанд хамтарч ажилласан. 2011 онд түүхий эд нийлүүлэхээр Дин Сүн Жинтэй уулзахад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэдэг газар гаалийн хяналтын талбайн зориулалттай газар эзэмшдэг “Говьповер” ХХК-нийг худалдан авахаар болсон, хятад хүний нэр дээр байж болохгүй байна, чи нэр дээрээ аваад өгөөч, чамайг сарын 1.000.000 төгрөгөөр цалинжуулъя гэж санал болгосон. Ингээд би зөвшөөрч тус компанийг худалдаж буй Гансүх, Оюун-Эрдэнэ нартай Дин Сүн Жиний хамт очиж уулзан холбогдох гэрээ, хэлцэлийг өөрийн нэрээр хийж худалдаж авсан бөгөөд тус компанийг 100 хувь миний нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан. Тус компанийг газрын хамт нийтдээ 900.000.000 гаран төгрөгөөр худалдан авч байна гэж ярьж байсан. Миний сонссоноор Дин Сүн Жин нь Цагаан хад гэх газарт байгаа Гаалийн хяналтын бүсийн талбайдаа барилга, байшин, авто пүү, хашаа, тоног төхөөрөмж худалдан авч нүүрс буулган үйл ажиллагаа явуулж байна гэж ярьж байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа Билгээ гэж залуугаар хариуцуулж байсан. Ингээд байж байтал 2013 онд Дин Сүн Жин нь над руу залгаж Баянгол дүүрэг Төмөр замын хойд талын Богд-Ар хороололд дуудсан бөгөөд “Говьповер” ХХК-ниа бусдад зарах гэж байна гэж хэлсэн. Ингээд би яваад очтол тэр газар нь түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаагийн компаний офисс байсан бөгөөд тус компанийг Баярмаа худалдаж авах гэж байгаа талаар олж мэдсэн. Ингээд компаний хувьцааг бусдад шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компаний хувьцааг бусдад худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан бөгөөд миний хувьд гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдэгээ дарж байсан. Ингээд би уг асуудлыг дуусгаад явсан. Нэгэнт миний компани биш учир, нэрээ салгахад ямар нэгэн асуудал байгаагүй. Баярмаагийн хэлж байснаар “Говьповер” ХХК-нийг дүү Баярхүүгийн нэрэн дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг Уянга гэж хүний нэр харагдаж байсан. Дараа нь хэвлэл мэдээллээр тус компанийг худалдаж авсан Уянга гэгчийн овог нь солигдсон гэж мэдээлэл гарч байсныг үзэж байсан. Тухайн нотариат залуу нь 35-36 гаран насны өндөр, шар залуу байсан. Нэр ус, утасны дугаарыг нь мэдэхгүй. Баярмаагийн офиссд ороод тэдэнтэй юм яриад цай уугаад сууж байх хооронд бүх гэрээ, хэлцэлийг бэлдээд гарын үсэг зуруулсан. Хөрөнгөний эзэн Дин Сүн Жин гарын үсэг зур гэсэн учир гарын үсгээ зураад л гарсан. Нотариатын төлбөрийг хэн төлснийг мэдэхгүй байна. Гэрээ байгуулж байх үед Баярмаагийн ажилчид гэж өчнөөн олон хүн байсан. Яг үнэндээ бол Уянга гэдэг нь огт байгаагүй. Яагаад гэхээр гэрээний талууд зурах үед Баярхүү бид 2 л зурсан бөгөөд Уянгын гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн байсан. Нэмж хэлэхэд уг худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсаны дараа 100 айлд байрлах Хуулийн этгээдийн бүртгэлийн газар луу цуг явахаар болсон бөгөөд Баярмаа нь хэлэхдээ Уянга гэртээ жирэмсэн байгаа бид нар замаараа гарын үсэг зуруулчихаад очно та түрүүлээд явж бай гэсэн юм. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Баярхүү ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн Уянгын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэгээд дотор ороход 18 цаг буюу ажил тарсан байсан бөгөөд 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаж Баярмаа явууллаа гэж Баярхүү хэлэхэд доошоо буугаад нэг хүнтэй уулз гэсэн бөгөөд тэр хүн дээр нь очиж улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. Тэр үед бий их гайхаж байсан, урьд нь өөрөө юм хөөцөлдөж очиход бөөн оочер дараалал, тэгээд бүр ажлын цаг дуусчихсан байвал бүр хүлээж авахгүй байдаг байсан газар нь тэр өдөр биднийг хүлээчихсэн бэлэн байсан нь их гайхалтай санагдаж байсан. Миний хувьд тус компанийг анх худалдаж авах үед нь гарын үсэг зурж авсан, бусдад худалдах үед нь гарын үсэг зурсан. Өөр ямар нэгэн хэлбэрээр тус компаний үйл ажиллагаанд огт оролцоогүй, төлөөлж гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Тамга, тэмдэг нь ч над дээр байдаггүй байсан. Дин Сүн Жин бид 2-ын хооронд хувьцааны талаар ямар нэгэн гэрээ байгаагүй, цэвэр итгэлцлийн журмаар миний нэрээ дээр худалдаж авсан. “Говьповер” ХХК-нийг Д.Баярмаа нар нь 1.000.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж ойлгодог. Сүүлд Баярмаагийн дүү Баярхүү нь төлбөрийн тооцоо дуусан гэдэг баримтан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр баримтаас нь харахад 1.000.000.000 төгрөг гэж байсан. Надад үзүүлж буй хувьцаа эзэмшигчийн шийдвэр, худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэгтэй 1 бүрчлэн танилцлаа. “Говьповер” ХХК-ний хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Говьповер” ХХК-ний хувьцааг Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Тийм учраас би гарын үсгээ шинжлүүлэх хүсэлтэй байна. Гэрээний эх хувь надад байхгүй. Надад уг компанитай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй. Тухайн үед компани шилжүүлэх үед гарын үсэг зурчихаад л явсан. Эх гэрээ нь компаний эзэн Дин Сүн Жинд л үлдсэн байх ёстой. Уг компани нь угаасаа Дин Сүн Жиний компани учир энэ компанитай холбоотой ямар нэгэн бичиг баримт авч үлдэх шаардлага надад огт байгаагүй...” гэх мэдүүлэг
  10. гэрч БНХАУ-ын иргэн Дин Сүн Жин /Ding Shun Ging/-ийн  өгсөн: “...Миний хувьд 2011 онд нүүрсний бизнест орохоор шийдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг гэх Гансүх гэгчтэй урьдын танил Я.Отгоогоор дамжуулан танилцсан. Гансүх нь өөрийн компаниар Тавантолгойн ордоос нүүрс авах эрхтэй гэж байсан бөгөөд надад Тавантолгойгоос нүүрс авч өгье гэсний дагуу гэрээ хийж түүнд 400.000 ам.долларыг харилцах данснаасаа шилжүүлсэн. Гэтэл Гансүх нь энэ ажлаа бүтээж өгөөгүй бөгөөд мөнгөө нэхээд авч чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгтэл Гансүх нь өөрийн эхнэр Оюуны нэр дээр байдаг гэх “Говьповер” ХХК-нийг надад 700.000.000 төгрөгөөр худалдаж, өрөө даръя гэдэг санал тавьсан. Тус компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэдэг газар 10 га талбай бүхий Гаалийн хяналтын зориулалттай газар эзэмшдэг байсан бөгөөд уг талбайг нь ашиглах зорилгоор компанийг нь өрөндөө худалдаж авахаар шийдсэн. Ингээд Гансүхэд 200.000.000 гаран төгрөгийг нэмж өгөөд компанийг нь авсан. Миний хувьд урьдын танил, ноолуурын бизнес эрхэлдэг Дашдондогоос 5.000.000 юанийг нүүрсний ажил бүтээлгэхээр зээлсэн байсан бөгөөд уг мөнгийг Гансүхээс компанийг нь худалдаж авахад зарцуулсан юм. Миний хувьд Дашдондогт өртэй байсан учир баталгаа гаргах зорилгоор “Говьповер” ХХКомпанийг Дашдондогийн нэр дээр авсан бөгөөд мөн Гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл нь гадаад хүнд өгдөггүй байсан учир түүний нэр дээр компанийг авсан бас нэг шалтгаантай юм. Ингээд компанийг худалдан авсанаас хойш 2011 онд 5000 орчим тонн, 2012 онд 15.000 орчим тонн хэмжээтэй бусад компани, аж ахуйн нэгжийн нүүрсийг талбай дээрээ төлбөртэйгээр хадгалж, үйл ажиллагаа явуулсан. Ингээд 2013 онд ямар ч ашиггүй байсан учир “Говьповер” ХХК-нийг Д.Баярмаад 1 тэрбум төгрөгөөр худалдсан. Би Гансүхээс тус компаний хувьцааг бүхэлд нь болон Гаалийн хяналтын талбай, талбай дээрхи 200-250 метр орчим торон хашаа, 150 тонны пүү 1 ширхэг, 40 тонны контейнер 1 ширхэг, контейнерт суурьлагдсан Пүүний зориулалттай 1 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, гадна камерын хяналтын компьютер 1 ширхэг, 2-3 ширхэг эргэдэг гадна камер зэрэг эд зүйлийг мөн нэмж хүлээж авсан. “Говьповер” ХХК-ний худалдан аваад Гаалийн хяналтын талбайд нь 650 орчим урттай 8 метр орчим өндөртэй салхи хаадаг төмөр хашаа шинээр хийсэн. 150 тонны авто пүү 1 ширхэг нэмж суурьлуулсан. 1 ширхэг 60 орчим метр гүний худаг гаргуулж, усны асуудлыг шийдвэрлэсэн. 300 метр кв талбай бүхий ажилчид байрлах, гал тогооны болон ариун цэврийн зориулалтай сендвичэн барилга бариулсан. 2 ширхэг Сангун 50 маркийн ковеш худалдаж авсан. 50 киловаттын дизель мотортой цахилгаан үүсгүүр, оффисын тавилга, гал тогооны тавилга, ор, сандал, ширээ, байр халаагч зуух, усанд орох зориулалттай ус халаагч 2 ширхэг, 1 ширхэг нөүтбүүк зэрэг нийт 1.300.000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд 2013 онд Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаа ямар ч ашигггүй байсан тул бусдад худалдах санаатай байтал Батбилэг манай гаалийн хяналтын талбайг компанитай нь авах хүн байна гэхээр нь уулзахад миний урьдын танил, ноолуурын наймаа хийдэг байсан Баярмаа гэж эмэгтэй байсан. Түүнд би “Говьповер” ХХК-ниа 1 тэрбум төгрөгөөр худалдах санал тавьсан бөгөөд Баярмаа “Цагаан хад” дээр очиж үзээд авахаар болсон. Ингээд “Говьповер” ХХК-нийг Цагаан хад гэдэг газарт байрлах 10 га талбай, талбай дээрх бүхий л эд хөрөнгийн хамт нийт 1.000.000.000 төгрөгөөр Баярмаад худалдсан. Миний хувьд 2 ширхэг Ковешоо л өөртөө авч үлдсэн. Бусдыг нь бүгдийг нь түүнд өгсөн. 2013 оны 01 сард Баярмаа нь манай компанийг худалдан авах гэрээгээ хийе гэж дуудсан бөгөөд Дашдондог бид 2-ыг Богд-ар хорооллын 6 билүү 7-р байрны 1 давхарт байрлах офистоо урьсан. Оффист нь явж очоод худалдах, худалдан авах тухай гэрээн дээр Дашдондог болон Баярмаагийн дүү Баярхүү нар гарын үсэг зурж баталгаажуулаад, нотариатаар батлуулсан. Дуудлагын нотариат ирж баталж өгсөн. Гэрээ байгуулсан даруйд Баярмаагаас 200.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2013 онд бага, багаар нийт 300.000.000 орчим төгрөгийг цувуулж авсан. Дараа нь 2014 онд бараг мөнгө аваагүй бөгөөд оронд нь 500.000.000 орчим төгрөгийн үнэтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө тооцож авсанаар өр, төлбөр дууссан гэж тооцсон. Гэрээг гэрчилсэн нотариатын талаар ёстой санахгүй байна. Баярмаа хэлэхдээ манай байнга харьцдаг нотариат гэж байсан. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Гэрээнүүдтэй үзэж танилцлаа. Миний хувьд аль гэрээгээр нь “Говьповер” ХХК-нийг Баярмаад худалдсанаа мэдэхгүй байна. Гарын үсэг зурсанаараа Дашдондог мэдэх ёстой. Гэрээний эх хувь нь тухайн үедээ надад хадгалагдаж байсан бөгөөд Баярмаатай төлбөр тооцоо дуусах үед гэрээний эх хувийг надад өгчих гэхээр нь нэгэнт мөнгөө авчихсан, одоо надад хамаагүй болсон учир цаас хадгалаад яахав гээд гэрээгээ эх хувиар нь Баярмаад өгчихсөн...” гэх мэдүүлэг
  11. гэрч Ч.Уянгын  өгсөн: “...Доржпүрэвийн Баярмаатай эгч дүүсийн харилцаа холбоотой. Д.Баярмаа эгч нь миний нөхөр Батмөнхийн Ядамбаатарын ээж Зулзагын Нансалмаагийн төрсөн эгч Зулзагын Цэвээнчагдагийн охин нь юм. Өөрөөр хэлбэл тэд үеэлүүд гэсэн үг. Миний хувьд эдний гэр бүлийн бэр нь юм. Миний хувьд “Говьповер” ХХК-д одоо хувь эзэмшихээ больсон. Тухайн үед 60 хувийг эзэмшиж байсан. 2013 оны 01 сард санагдаж байна. Эгч Баярмаа миний утас руу яриад “Ядамбаатарын бичиг баримт байна уу” гэж асууж байсан бөгөөд тухайн үед бичиг баримтаа хаячихсан байсныгаа хэлэхэд “тэгвэл чи бичиг баримтаа аваад хүрээд ир” гэсний дагуу маргааш нь Богд-Ар хороололд байрлах Баярмаа эгчийн компани дээр очиж хувь эзэмшинэ гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тус компанид ямар учиртай, ямар зорилгоор хувь эзэмшиж байгаагаа огт ойлгоогүй. Баярмаа эгч надад тайлбарлаагүй. Би ч асууж сонирхоогүй. Гэтэл хэсэг хугацааны дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр шуугиж, миний нэр гараад бөөн юм болсон.Ингээд айж, санаа зовоод ажлаа хийхэд ч төвөгтэй болсон. Ингээд Баярмаа эгчид хэлж нэрээ хасуулсан. Бид тус компанид ямар ч хөрөнгө оруулаагүй. Миний нөхөр Ядамбаатар нь Баярмаа эгчийн “Болор-Аграмба” ХХК-д барилгыг хариуцаад юм юм л хийнэ дээ. Тухайн үед Баярмаа эгч гэрээн дээр гарын үсэг зур гээд л зуруулсан. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй. Бидний амьдарч байгаа ХУД-ийн ..-р хороо ..-... тоот орон сууц нь “Болор-Аграмба” ХХК-ний нэр дээрх байр бөгөөд 3-4 жил сайн ажиллавал нөхөр Ядмаагийн нэр дээр шилжүүлж өгнө гэж Баярмаа эгч хэлсэн. Миний том охин 2005 онд төрсөн. 2013 онд 8 настай байсан. Бага охин  2015 оны 4 дүгээр сарын 17-нд төрсөн. Тэгэхээр 2013 оны 01 сард би жирэмсэн, нялх хүүхэдтэй байгаагүй. Гэрээс чөлөөтэй гарч орохоор боломжтой байсан.
  12. Г.Дэнзэнгийн ...  хотхоны ...-р байрны .... тоот гэрт 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нэгжлэгийн “...Ажлын өрөөнд байрлах төмөр сейфыг Г.Дэнзэнгээр онгойлгон үзэхэд тус бүр 100 ширхэгээр боосон 3 боодол 50-тын евро, 9 ширхэг 500 евро, 100 ширхэгээр нь боосон 20.000-тын дэвсгэрт 1 боодол, 3 ширхэг 100 долларын дэвсгэрт, ....тус өрөөний номын шкафанд нэгжлэг хийж ...Пэлжид овгийн Гэрэлхүүгийн Уянгын Монгол улсын иргэний үнэмлэх баруун дээд булан хэсгээс нь хайчилсан 1ш үнэмлэх, Г.Уянга, Г.Д нарын гэрлэлтийн гэрчилгээ, 2011.03.27-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээ, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр... зэрэн олон нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. 
  13. Эрдэнэс таван толгой ХК-ний Ханган нийлүүлэлтийн газрын захирал гэрч Д.Батзоригийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газар нь худалдан авах төлөвлөгөөний дагуу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн дагуу тендерийг ил тод нээлттэй явуулах чиг үүрэгтэй ажилладаг. 2012.11.29-ний өдрийн 355 тоот Эрдэнэс таван толгой ХК-ны захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулахад миний бие үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо байгуулснаас хойш 2012.11.30-ны өдрийн 355 тоот тушаалыг үнэлгээний хорооны 3 гишүүн болон нарийн бичгийн даргад танилцуулаад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын судалгаа гаргаж хязгаарлагдмал тендер зарлах техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт боловсруулахаар шийдвэрлэсэн. 2012.12.06-ны өдөр дахин хуралдаад техникийн тодорхойлолтыг нарийн сайн зааж өгөх, өмнө нь шалгарч байсан “Алтанговь транс ХХК-ний гэрээнд заасан ажил хир хэрэгжсэн талаар тодруулах, тендерийг хязгаарлагдмал зарлахад үнэлгээний хорооны бүх гишүүд дэмжсэн. Манай үнэлгээний хороог сонинд алдаатай зар тавьсан гэсэн шалтгаанаар 2012.12.26-ны өдрийн 425 тоот тушаалаар бүх гишүүдийг өөрчлөн дахин шинээр үнэлгээний хороо байгуулаад манай үйл ажиллагааг зогсоосноос дээрх тендертэй холбоотой асуудалд оролцоогүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадвар, өндөр хүчин чадалтай техник технологи, машин тоног төхөөрөмж шаардагддаг бөгөөд уг шаардлагыг хангах аж ахуйн нэгжийн тоо хязгаарлагдмал учир хязгаарлагдмал тендер зарласан...” гэх мэдүүлэг
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан Ш.Бадмаарагийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...“Говьповер” ХХК нь 2013 оны 01 сард тус компаниас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт шалгарч, холбогдох гэрээгээ байгуулсан байсан. Ингээд гэрээний дагуу манай компаниас тус компаний гаалийн бүсэд нэмэлт тоног төхөөрөмж, тохижилтын ажлуудыг хийлгүүлэн, үйл ажиллагааг эхлэх үеэр 2013 оны 6 сард Засгийн газрын 225 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Тавантолгойд байрлах уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах талаар чиглэл өгсөн байсан нь манай компаниас тендер зарлаж, “Говьповер” ХХК-ниар гүйцэтгүүлэх гэж байсан ажилтай давхцсан, цаашид уг ажлыг шаардлагагүй болгосон байсан. Ингээд манай компаниас “Говьповер” ХХК-тай байгуулсан гэрээний 12.1.6 дахь хэсэгт заасан...Захиргааны хууль ёсны болон хууль бус хориглосон шийдвэр... Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг цуцлах үндэслэлийг барин гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байдаг. Ингээд гэрээ цуцласны дараа “Говьповер” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд гэрээ цуцласнаас үүссэн хохирол, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 7.4 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын албан бичгээр Төгсбаяр бид 2-ыг тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Үүний дагуу компаниа төлөөлж, шүүхэд оролцохдоо “Говьповер ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээ цуцлах хүртэл хугацаанд тус компаний хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг л барагдуулна, түүнээс биш бусад зардлыг хариуцахгүй” гэдэг байдлаар оролцож байсан. Манай компаниас шүүхэд хүсэлт тавьсаны дагуу шинжээч томилж, тус компаний хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлүүлэхэд 5.3 тэрбум төгрөг болсон. Ингээд уг дүнг мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Говьповер” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж 4.7 тэрбум төгрөг болсон бөгөөд уг мөнгийг шүүх хуралдааны явцад итгэмжлэлийн хүрээнд хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд уг эвлэрлийн гэрээг шүүх баталж, захирамж гаргасан. Үүний дагуу манай компани “Говьповер” ХХК-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхээс хэрэг, маргаан хянах үйл явцыг компанийхаа удирдлагад тухай бүр танилцуулж байсан. Удирдлага буюу гүйцэтгэх захирал Батсууриас “Говьповер ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээг цуцлах хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалтанд нь тохирсон хөлсийг төлж барагдуулах нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан. “Манай компани нь төрийн компани гэдгээрээ далайлгаж хувийн компанийг хохироож болохгүй, байгуулсан гэрээнийхээ хүрээнд иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан. Үүний дагуу тухайн үед нэхэмжилсэн 7.4 тэрбум төгрөг нь өндөр байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тус компаний гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалт нь бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн өөрийн компаний санхүүгийн ажилтнуудаар “Говьповер” ХХК-ний худалдан авсан бараа, материал, гарсан зардал зэргийг нотлох санхүүгийн бичиг баримтуудыг хянуулж байсан. Удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайлан эвлэрлийн гэрээ байгуулах талаар чиглэл бол өгөөгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн тохирох төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байсан. 2013 онд шүүхийн шийдвэр гарсаны дараа гүйцэтгэх захирал Батсуурийн хамт Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг оруулахад ТУЗ-өөс тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй. Тэд хэлэхдболон бусад  нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн юм. 

Г.Дэнзэнгийн сүүлийн үйлдсэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг нь “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан дүн болох 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлсөнөөр төгссөн гэж шүүх үзэв. 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид ... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүндэвтэр ангилалд хамаарах байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт: “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гээд, 72.1.2 дахь заалтад: “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэсэн байх тул Г.Дэнзэнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн харицлагаас чөлөөлж шүүх шийдвэрлэсэн юм. 

Харин гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-нд 5.388.482.022 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хэдийч иргэний хариуцагч “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-нд газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Уг шилжүүлэн өгсөн хөрөнгийн үнэлгээг хоёр тал хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй маргаантай, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийг Г.Дэнзэнтэй хамтран үйлдсэн гэж 4 хүнийг яллагдагчаар татаж шалгаж байгаад прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул “Эрдэнэс таван толгой” ХК нь иргэний нэхэмжлэлээ гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагчаас холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.  

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Дэнзэнгийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ... хотхон ...  тоот орон сууцыг битүүмжилсэнийг түүний хохирол төлбөрт төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дэнзэнгийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Е1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг Г.Дэнзэнд буцаан олгож, түүний гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617... тоот дансанд байгаа 19.500 евро, 2617....тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, 2617... тоот дансанд байгаа 300 ам доллар зэргийг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Г.Дэнзэнг гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон орлого гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор болсон байна. 

Бэлтгэсэн А.Баярмаа 

Холбоотой мэдээлэл

Хавтаст хэрэг: Хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм буруутайг нотлох баримтууд

Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан 17 тэрбум төгрөгийн хохирлоо төлөх ёстой