Шинэ долоо хоногийн эхний өдрөө Монголчууд дуулиан шуугиантай өчигдөр эхлүүлэв. Айлчлал хийж явсан улс төрчид "Казино тоглосон" хэмээн цоллууллаа. Тодруулбал,

Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ. Тэгвэл эдгээр эрхэм гишүүдээс МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл  цацагдав.

Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар байсан гэгдээд буй. Тэгвэл эл мэдээлэлд АН-ын дарга С.Эрдэнэ "Баримт нотолгоо нь хараахан тодорхой болоогүй байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй утсаар ярихад "Би тоглоогүй сонирхоод ороод гарсан" гэж хэлсэн. Яг тоглоод үйлдэл хийсэн бол өөрөөр яригдах байх. Нотлох баримтгүй зүгээр хувь хүн талаасаа сонирхоод ороод гарсан бол ямар ч асуудалгүй. Хүн болгон л энд тэнд очихоороо сонирхож дэлгүүр хоршоо ордогтой адил шүү дээ. Хууль дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байгаа болохооор одоогоор илүү тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй. Зүгээр ороод юмыг хараад  гарах чинь чинь нэг өөр зүйл шүү" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

-Дуулиан шуугианы эзэд өөрсдөө дараах тайлбарыг албан ёсоор хийв-

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орж үзсэн юм. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр  ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон болохоос тоглоогүй. Гэтэл наашаа ирэх гээд онгоцонд явж байтал ийм мэдээлэл цацагдсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод явж байх уу" гэж мэдэгдэл хийв.

Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүд казинод орсон гэх асуудлаар шуугиан гарч байна. Энэ асуудалд тайлбар өгөх нь зөв гэж үзлээ. Би Сиднейд анх удаагаа очиж үзлээ.  Хөтөлбөрийн хүрээнд бидэнд нэг өдөр чөлөөт цаг гарсан. Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Бид аялал жуулчлалын том төв болох “The Star Sidney”-гээр орох зуураа казиногоор ороод гарсан юм.

Харийн оронд бид нэг л монголчууд түүнээс аль нэг намын ч юм уу, аль нэг жирийн хүний  ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Орсон шалтгаанаа ямар нэгэн байдлаар зөвтгөх, хамгаалах үндэслэл байхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээллийн нууцлал гэж байхаа больсон ийм цаг үе. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах нь ч зөв.

Ирснээсээ хойш энэ талаар ямар нэгэн тайлбар хийж, хүн амьтантай яриагүй. Ганц энэ шуугианыг далимдуулаад улстөржөөд, нэгнээ доромжлоод, гүтгээд, нэр хүндийг нь унагаад, иргэдээ хуваах ёсгүй гэж бодож байна. Бид мөрийтэй тоглоогүй, тоглох ч шалтгаан байгаагүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд лавлаад байгаа. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Анх тийшээ орохдоо хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод сонирхоод гаръя гэж л орсон. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй.  Бидний дунд мөнгөтэй ч гишүүн байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ. Сонирхоод л ороод гарсан. Бид тийм боломжтой ч хүмүүс биш. Тиймээс элдвээр хардах хэрэггүй" гэсэн юм.

Тэгвэл ахмад туршлагатай улс төрч,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би казино тоглоомыг улс төрд хүчин зүтгэж яваа хугацаандаа эрс эсэргүүцэж яваа хүн. Бид хэд энэ хуулийг батлах хэрэг манай улсад байна уу, үгүй юу гэдгийг мэдэж сонирхохоор орж үзсэн. Тэрнээс тоглоогүй. Үзэж сонирхсон гээд хариуцлага тооцох бол би бэлэн байна" хэмээн тайлбар хийсэн. Тэрбээр өнөөдөр Казиногийн хууль Монголд хэрэгтэй эсэх талаар мэдээлэл хийх юм.

-Нотлох баримтыг олжээ-

Хаана шуугиан гарна тэнд баримт хайж явдаг сэтгүүлч Б.Мөнхбаясгалан дээрх эрхэмүүдийн казино тоглосон баримтыг олсон аж. Тэрбээр "Тогтохсүрэн их мөнгөтэй хүн дээ. Казино тогло гээд мөнгө нь хатгалгүй ч яах вэ!!! Баримтыг нь бид ололгүй ч яах вэ!!!" гэв.

-Казино тоглосон улс төрчид ямар шийтгэл оноох вэ-

Казино сонирхогчдын өчиг баримтаар нотлогдвол ямар хуулийн хариуцлага хүлээх вэ. 2019 оны дөрөв­дүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. Өмнө нь эл хуулийг зөрчсөн хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөж байсан удаатай билээ. Төрийн албан хаагчид ажлаасаа халагддаг шиг Улс төрчид тоглосон нь нотлогдвол мөн л хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй биз ээ.

Үүнийг ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэмжиж буй бололтой. Тэрбээр "Казино тоглосон хэргээр хэд хэдэн төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч. УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой албан хаагч биш. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг. Доод албан тушаалын хүмүүсээ л ажлаас нь халдаг байж болохгүй. Засгийн газар өөрийн томилсон хүмүүсээ халах хэрэгтэй шүү дээ. УИХ-ын гишүүд казино судлах хэрэггүй байх. Казино сайн мэддэг хүмүүс нь хуулийн төслөө боловсруулчихна ш дээ" гэлээ.