“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг болон яаманд цугласан иргэдийг цагдаа, хамгаалалтын албаныхан хүч хэрэглэн гаргав. Ингэхдээ Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа.

Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг “2019 оны тайлант хугацаа дуусаад төрийн байгууллагынхны шилэн дансанд анализ хийсэн. Хууль зүй дотоод хэргийн яам шинэ байранд орсонтой холбогдуулан олон сая төгрөгийн зардлаар тохижуулсан өрөөг орж харах хүсэлт тавьсан. Иргэний эрх чөлөө, мэдэх эрхээ эдлэхээр энд ирсэн. ХЗДХЯ даргынхаа өрөөг үзүүлж чадахгүй байгаа учраас ардаа ямар нэг юм нуусан гэж үзэж байна. Дарга нар нь хуралдаж байгаа юм байна. Түүнээс гарч ирээд ямар нэг шийд хэлэх байх. Бид эмх замбараагүй байдал үүсгэмээргүй байна. Гэтэл энгийн иргэнийг ч оруулахгүй байна. Эцсийн дүндээ иргэд цагдаа нар болон хамгаалалттай муудалцаад дуусдаг. Дарга нар өрөөндөө кофе уугаад л сууж байдаг” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Жанчивдоржийг гарч ирж мэдээлэл өгөхийг шаардсан юм.

ХЗДХЯ-ны зүгээс лайв бичлэг хийхгүйгээр орж болно гэв. Гэсэн ч Б.Мөнхцэлмэг ганцаараа орохгүйгээр гэрч болох нэг хүнтэй орно гэлээ. Түүнчлэн тэрбээр  ХЗДХЯ-ны зүгээс өөрсдөө бичлэг хий. Харин дараа нь тэр бичлэгээ баримт болгож өөрт нь өгөхийг хүссэн юм.

Д.Амартүвшин “Б.Мөнхцэлмэг хуулийн үндэслэлтэй тэмцэл хийж буй учраас би дэмжиж байна. Цагдаа нар иргэнд хууль сануулдаг хэрнээ яагаад яаманд хуулийг нь сануулахгүй байна вэ. Бүх хүнд хууль сахиулах ёстой яам яагаад хуулиа биелүүлэхгүй байна вэ” гэв.