Хилийн боомтын тухай хуулийн төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжих юм. Тодруулбал, тус албаны хилийн байнгын ажиллагаатай дөрөв, түр ажиллагаатай 11 боомтыг ГИХАЭГ-т шилжүүлэх  юм байна.

ГИХАЭГ-ын нэрийг өөрчлөн, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгож буй. Тус байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалгаж, нэвтрүүлэхээс гадна бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байгаа аж.

ХХЕГ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны дарга Д.Мөнхчулуун “Манайд хамаарч байсан алба Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт шилжсэн. Тэд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалгаж, нэвтрүүлэх үүргийг хариуцна. Манай байгууллага боомтын аюулгүй байдал, дүрэм, журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ” гэсэн юм.

ХХЕГ-аас хэчнээн хүн шилжиж ирэх, тэдний цол, хэргэм, цалин хэд байхыг ГИХАЭГ-аас эцэслэн тогтоогоогүй байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ хуулийн хүрээнд хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Х.Даваа