Газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдэл болохоос урьтан иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэх зорилготой дуут дохиог суурилуулсан цамхагийг өнгөрсөн жилийн сүүлээр байгуулж байсан билээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 40 цамхаг байрлуулсан бөгөөд БНСУ-ын “Кореа телеком” корпораци гүйцэтгэгчээр нь ажилласан гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байв. 

Түүгээр ч барахгүй нийслэлийн есөн дүүрэгт 60 ширхэг дуут дохиоллын цамхаг байрлуулсан бөгөөд удирдлагын төвөөс хэт богино долгионы радио станц, нөөц холболт болох сансрын хиймэл дагуулын холбоогоор  /VSAT/ дамжуулан мэдээлэл өгөгдөнө гэж байсан. 

Дээрх дуут дохиоллын цамхагуудыг Аврах гал унтраах анги, хорооны Засаг даргын байр болон зарлан мэдээллийн дуут дохио хамгийн сайн тархах боломжтой байрлалд байгаа зарим сургууль, аж ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр дээр суурилуулсан гэж байгаа. 

Мөн удирдлагын төвөөс гадна “МҮОНТ”, “UBS”, “Монгол HDTV” зэрэг телевиз, “МҮОНР”, “102.5”, “Авторадио 96.3”, “Гэр бүлийн радио-104.5”, “Лавайн эгшиг-95.7” гэх мэт арваад хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дундуур гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг шууд дамжуулах боломжтой гэж байсан. 

Түүгээр ч барахгүй Улаанбаатар хотоос 300 км зайтай Булган аймгийн Могод сумын нутагт газар хөдлөлт боллоо гэхэд газар хөдлөлтийн аюултай долгионыг газрын гүнээр бидэнд ирэхээс 78-120 секундын өмнө сансрын хиймэл дагуулын холбоогоор ООГФСТ-д бүртгэн авч 5-10 секундэд зохиох тооцоолол хийж үлдсэн 73-110 секундэд Зарлан мэдээллийн төвөөс амжиж хүн амд зарлана гэж байсан. 

Энэ бүхнийхээ үр дүнг үзэхээр нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, гамшгаас сэргийлэх дуут дохио дуу гаргаж нийслэл даяар албан байгууллагуудад гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилт хийхээр болсон. 

Хамгийн гол нь үүрэн телефоны оператор компаниудаас мессэж ирүүлж, урьдчилан сануулж, “Дуут дохио дуугарах үед айж сандарч болохгүй. Энэ бол сургуулилт” хэмээсэн. Гэтэл үнэн хэрэгтээ өнөө дуут дохио нь дуугарсан уу, эсвэл иргэдийг цочоож айлгахгүйн тулд намуухан дуугаргав уу. Ямартай ч дуут дохиог байшинд суугаад ажлаа хийж байсан хүмүүс сонссонгүй. Бүр анзаарсан ч үгүй.  Уг нь өнөөх айхтар дуут дохиог сонссон даруйдаа байгаа газрынхаа аюулгүй гэх газар, булан тохойд гурван минут бүгж, аюул бага зэрэг намжсаны дараа шатаар бууж гадагш гарах ёстой хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас хэлсэн гэнэ. Товлосон цаг ч болоход өнөөх дуут дохио нь ч бүдэг бадаг дуугарч, албаны хүмүүс ая тааваараа цугласаар байгаад хамаг цагаа барж, хөрөнгө хүч дэмий зарцуулсан хэрэг боллоо.

Ер нь бол ямарваа нэгэн байгалийн гамшиг хэлж ирэхгүй гэдгийг хүмүүс дор бүрнээ ухаарч, тэр үед яаж амьд гарах бэлтгэлээ энэ сургуулилтаар олж авах ёстой баймаар. Гэтэл манайхан хэзээ ч ийм юм болохгүй гэж бодсон уу, эсвэл тэр үедээ л больё гээд орхисон уу. Энэ сургуулилтад ач холбогдол өгсөнгүй. Дуут дохио ч сүртэй чанга дуугарсангүй. 

Муу ёрлож байгаа ч юм биш, гамшиг тохиож, газар хөдлөөд сүйд болбол өнөөх нурна гээд жагсаалтад орчихсон 300 орчим барилгаас нь гарч амжихгүй, дуут дохио дуугарсан эсэхийг ч мэдэхгүй байсаар сүйрэх вий дээ. 

Гарлаа гэж бодоход хоргодох байр нь ч хаана байгаа юм. Мэдээлэл дутмаг, сонсгол муутайгаасаа болоод үхэхээс өөр зам үлдэхгүй нь дээ ер нь.