“Шинэ Завхан Бодлогын Судалгаа”-ны хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа “Шинэ Завхан” төслийн багийнхан “Уул уурхайгүй Завхан” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Отгон суманд ажиллсан.

Ингэхдээ төрийн тахилагт Отгонтэнгэр хайрханы өвөрт олгогдсон ашиглалтын лицензийг цуцлуулах талаар орон нутгийн удирдлага иргэдтэй уулзаж, холбогдох байгууллагууд нь уламжилж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн. Тэгвэл Отгон тэнгэр хайрханы өвөрт олгогдсон лицензийг цуцлах, уул уурхайн үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг  Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзах уулзалтын үеэр өглөө.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Отгон тэнгэр хайрханыг ухуулахгүй.

Гол мөрөн ундны усны эх үүсвэр болсон, ард иргэдийнхээ шүтээн хайрханыг ухаад хэрэггүй. 30 жил ухлаа болсон. Та бүхнээс олон зүйл шалтгаалж байгаа. Нутаг орондоо эзэн нь эцэг нь байцгаа”  гэлээ. Дашрамд дурьдахад Отгон тэнгэр хайрханы өвөрт 2009 оноос “Монгол майнинг энд эксплорэйшн”  гэх компани хайгуул хийж эхэлсэн байдаг. Улмаар 2019 оны зунаас хайгуулын лиценз нь ашиглалтынх болжээ. Лиценз олгогдсон газарт Бадрал багийн 958 мянган га газар багтсан бөгөөд тухайн газарт ундны усны таван эх булаг, түүхийн ховор дурсгал хэрэгсүүр булш олноороо байдаг бөгөөд мөн малчдын намаржаа өвөлжөөний гол бүс нутаг юм. “Монгол майнинг энд эксплорэйшн” компани нь Отгон сумын Бадрал багийн нутагт “Цахир” нэртэй уул уурхайн ашиглалтын лиценз гаргуулахдаа байгаль орчин, ашигт малтмалын тухай хуулийн гол гол заалтуудыг зөрчжээ.

Байгаль орчны байцаагчдын хамтарсан баг 9 гол зүйлээр шалгахад 32 төрлийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байдаг юм.