Бид өрөнд унажээ. “Оюу­толгой” төсөл Монголд 861.7 сая ам.дол­ларын өр үүсгэчихээд байгааг Сан­гийн яамнаас гаргасан тооцоолол хэлээд өгөв.

Бид гэж хэн бэ гэж үү. Монгол автортой хүн бүхэн. Бидний нуруун дээр өрны уут үүрүүлчихээд хэргийн эзэд харьд одох нь одоцгоож, хар амиа хамгаалах нь хамгаалжээ. Монголчуудыг өрөнд хүлчихээд зугатчихсан нөхөд гэж хэн бэ гэв үү, эзэн нь Ерөнхий сайд асан С.Баярын засгийн газрын үед төрийн дээлний захыг мушгилцаж явсан түүний нөхөд. Аманд багтахгүй тоо хэлж бид энэ хэмжээний орлогожиж, юм­ны эзэн хүн шиг сайхан амьдарна, энэ олон хувьсагч бидэнд хөгжлийг дэмжих гарц болно хэмээн олон нийтийн өмнө бараг л хашгирч байсан хүмүүс өнөөдөр хаачив. Рио Тинто гэхээр л бурхны илч мэт авирлаж асан төрийн томчууд өдгөө Оюутолгойн дуулиан шуугианы чимээ­нээр ганц ч үг ганхийж дуугарахгүй байгаа нь сонин. Ялангуяа салбарынх нь гол асуудал хөлөө олохгүй дэнжигнэсээр байгааг манай сонин хэд хэдэн удаагийн цуврал нийтлэлээрээ сануулсаар өдгөө өрийн хэм­жээ ийм болжээ, наад Ка­надууддаа ингэтлээ ит­гэж болох уу хэмээн дуу хоолойгоо хүргэсээр байтал монголын уул уурхай гэх том амыг са­хин гал алдуулж суугаа сайд Д.Ганхуяг мэнд үү. Яам нь бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй унтрав уу, сайд нь дангаараа хүчрэхгүй унтав уу. Юутай ч Монгол Улсын хамтран эзэмшилтэй Оюутолгой төслийн өр талчийчхаад байхад дуугүй суусаар байгаа Д.Ганхуяг сайдыг гайхмаар. Тэгэхээр та Оюутолгойгоор оролдох тэнхэлгүй болов уу. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, урьдчилгаа төлбөр болгож авсан 150 сая ам.долларыг бид Оюутолгойн татвараас суутган төлөх үүрэг хүлээсэн. Сангийн яамнаас авсан мэдээллээр урьдчилгаа төлбөр болох 150 сая ам.долларын ердөө 16.9 хувь буюу 25.35 сая ам.долларыг манай улс төлж барагдуулаад байгаа аж.

2011 оны зургаадугаар сарын 8-нд байгуулсан “Засварласан болон Дахин Байгуулсан Хувьцаа Эзэмшигчдийн Гэрээ”-ний дагуу “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлж, төслийн 34 хувийг Монголын тал эзэмшихээр болсон. Уг төсөлд өнөөдрийг хүртэл нийт 6.8 тэрбум ам.долларын зээлээр хөрөнгө оруулалт хийсэн ба хуримтлагдсан хүүгийн хэмжээ 0.9 тэрбум ам.доллар болжээ.

Өнөөдрийг хүртэл манай улс “Оюутолгой” төслөөс ашиг олоогүй байгаа ч зээлийн үндсэн төлбөр 751.2 сая ам.доллар, хуримтлагдсан хүүгийн хэмжээ 110.5 сая ам.долларт хүрчээ. Өрийн энэ мэт байдалтай зэрэгцэн “Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар Оюутолгойн хэлэлцээг дуусгах бололтой” гэх мэдээллийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэгэхээр хэтэвчээ зузаатгах гэсэн биш хэрэг бишдэж монголчууд энэ төслийг буцаах уу, үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх шугам дээр ирчихээд байгааг цаг минутаар өсөх өрийн дарамт гэрчлэх болох нь ээ. 2014 онтой зэрэгцээд Оюутолгойн санхүүжилт хойшлох асуудал хүчтэй яригдсан ч “Рио Тинто”-гийн зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй. Stockhouse цахим хуудаст мэдээлснээр, төслийн 60 гаруй хувийг эзэмшиж буй “Туркойз хилл” компанийн мэдэгдсэнээр санхүүжилт хойшлох магадлалтай. Учир нь хөрөнгө оруулалтын хэтэрсэн зардлын талаарх маргаан нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа талаар мэдээлжээ. Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэхээр хүсэлт гаргасан банкуудын баталгааны хуудас дуусч байгаа бөгөөд санхүүжилт нь энэ оны хоёрдугаар улирал хүртэл хойшилж болзошгүй гэдгийг ч онцолсон байна.

Уг мэдээллийг батлах өөр нэгэн эх сурвалж нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны санхүүгийн тайлан, үйлдвэрлэлийн мэдээгээ танилцуулжээ. Уг тайланд “Оюутолгой” компани өмнөх онд 290 мянга орчим тонн зэсийн баяжмал, 76.700 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснийг дурджээ. Энэ хугацаанд нийт 26.400 тонн зэсийн баяжмал худалдан, борлуулалтын цэвэр орлого нь 51.6 сая ам.долларт хүрсэн байна. “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрт гарсан зарим саатал, тодруулбал, хаягдал өтгөрүүлэгчийн самнуурын хутга эвдэрсэн нь энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлсөн ч гэмтлийг бүрэн засварлаж, ажилд оруулжээ. Гэхдээ Оюутолгойд энэ онд үйлдвэрлэх бүтээгдэхуүний хэмжээ буурах төлөвтэйг “Turquoise Hill Resources” мэдээлсэн байна. Мөн хувь нийлүүлэгч талууд үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх, далд уурхайн санхүүжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэхээр Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрээ үргэлжлүүлж байгааг тайландаа бичсэн байна. Гэхдээ далд уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, талууд хянан баталж, холбогдох зөвшөөрлүүдийг авах хүртэл хувь нийлүүлэгчид санал нэгдэхгүй байж магадгүй гэжээ. Далд уурхайн ТЭЗҮ-ийг энэ оны нэгдүгээр хагаст багтаан дуусгах төлөвтэй байгаа аж. “Оюутолгой төслийн хоёр дахь шатанд зориулан зээл олгохоо амласан банкуудын баталгааны хугацаа энэ сарын 31-нд дуусна. Иймээс зээлдэгч байгууллагуудаас төслийн санхүүжилтийн хугацааг сунгах санал тавих асуудлыг хувь нийлуүлэгчид авч үзнэ гэдгийг дээрх тайланд дурдсан байна. Дашрамд дурдахад, энэ сард “Оюутолгой” компанийн борлуулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 24-ний байдлаар энэ онд нийт 43 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан дүн гарсан байна. Улмаар хоёрдугаар улиралд борлуулалтын хэмжээ нь өсөн, үйлдвэрлэлийн дүнтэй дүйхээр байгаа аж.

Тэгэхээр “Рио Тинто” Монголд ухсан нүх, усгүй говь, өрийн хүүдий үлдээгээд авдгаа аваад чимээгүйхэн нутаг буцахаар шийдчихсэн юм биш үү, Уул уурхайн сайд аа. Оюутолгойн гадаад удирдлагууд “Бид төслийн эхний 50 жилийн хугацаанд гүний хоолойн ордын нийт усны 20 хувийг ашиглана. Харин ашигласан нийт усныхаа 80 хувийг дахин ашиглах боломжтой. Ингэснээр Оюутолгой нь дэлхий дээрх хамгийн бага усны хэрэглээтэй уурхай болох юм” хэмээн мэдэгдэж байх үеэс нь л энэ худлаа шүү гэдгийг хэвлэлийнхэн бишгүй сануулж байв. Энэ мэдэгдэл бол зүгээр л монгол хүний гэнэн итгэмтгий занг ашигласан баялгийг нь ямар ч саад төвөггүй ховх сорж болохын үлгэр байлаа. Өдгөө өмнийн цэнхэр говьд гадаргын усны байтугай гүний усны хомсдол нүүрлэчихсэн байгааг хэн хэзээ юугаар нөхөн сэргээх вэ. Сайд аа, энэ таны дуу хоолойгоо хүргэх асуудал биш гэж үү. Гэтэл бодит байдал дээр секундэд 870 литр гүний ус цөлмөж, эхний долоон жилд усны гачаалалд орохгүй гэдгээ ч харийнхан тооцоолсоноос гадна дараагийн жилүүдэд усны нөөцийн хайгуул хийж, төсөл боловсруулсан байлаа. Тэгэхээр С.Баярын танхимынхны гаргасан хуудуутай энэхүү шийдвэрийг засч залруулахын оронд чимээгүй харж суусаар хэдэн ч голын гольдролыг өөрчлөх эрх зүйн орчинг нээлттэй болгосноо олж харахгүй байгаа нь харамсалтай. Тэгээд ч манайх шиг уул уурхайдаа гүний ус хэрэглэж, тэр дундаа хамгийн хямд өртгөөр тоолуураа ажиллуулдаг дүүрчихсэн орон дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй гэдгийг бодолцон гэрээндээ өөрчлөлт оруулахыг танаас нэг бус удаа нийтлэлээрээ дамжуулан Монголын сэтгүүлчид гуйж л байсан шүү дээ.

УИХ-ын гишүүд ярьсандаа байж чаддаг бол Б.Бат-Эрдэнэ гишүүнээс эхлээд энэ төслийг эсэргүүцэж байсан гишүүн олон байв. Тэд “Уул уурхайг түшиглэн байгуулах компаниудын харилцан ашигтай ажиллах гэрээнд Монголын тал 50-иас доошгүй хувийг авна гэж заасан байдаг. Гэтэл манай уул уурхайн компаниудын толгой дээр байгаа Оюутолгой өнөөдөр ямархуу байдалтай байгаа нь нууц биш. Газрын баялгаа бусдад үнэгүй өгч, дээрээс нь бас өр төлбөрт унаж байгаа энэ бохир гэрээг нэн даруй өөрчлөхгүй бол хэцүүдлээ. Роберт Фрийдланд нэгэнтээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар “Бид хээрээс бяруу олсон юм. Түүнийгээ өсгөж, үнээ болгосон чинь энд тэндээс булаацалдаад байх юм” гэж монголчуудын ахуй амьдралд дүйцүүлэн хэлсэн байдаг. Тэгж яривал харийнхан “Үүнийг чинь би олсон юм” гээд эх орны минь газрын баялгаас цөлмөх ёсгүй биз дээ” хэмээн дургүйлхэж ч байлаа. Ерөөс ашиггүй болсныг нь ашгаа монголчуудад энэ цагт л лав үзүүлэхгүй нь мэдээр байж цөөн тооны улстөрчид нэр цохвол Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд, С.Баярцогт, М.Зоригт, Л.Гансүх гэх мэт тухайн үеийн засаг төрийн өнгийг тодотгож байсан нөхдийн нэр тэргүүн эгнээнд дурдагдана. Тэгвэл өдгөө монголчуудад үлгэр ярьчихаад өөрсдөө таг чимээгүй алга болцгоосон эдгээр нөхдөд Монголын төр хариуцлага тооцох нь зүйн хэрэг бус уу.

 

М.МӨНХТУНГАЛАГ