Хэнтийн аймгийн эмнэлэгт 2020.01.27-ны 16.00 цагийн орчимд уушгины хатгалгаа өвчнөөр 14 настай охин нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэрээр өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд ирж, Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй нас барсан юм. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн ба тэдний биеийн байдал хэвийн байгаа.

Хэнтий аймгаас авсан сорьцуудыг ХӨСҮТ-д ирүүлж шинжилсэн бөгөөд шинжилгээний хариуг Япон улс руу илгээж, эцсийн оношийг гаргахаар болсон. 

Хэдийгээр асуумж, эмнэлзүйн шинжээр шинэ коронавирус биш болохыг урьдчилан тогтоосон байсан ч сэжигтэй тохиолдол байх магадлалтай тул шинжилгээ аваад байсан юм. Улмаар шинжилгээний хариу гарч, шинэ коронавирус биш томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогджээ.

Хэнтий аймгийн Онцгой комиссын зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаачийн амьдарч байсан орон сууц барилгын ойр орчимд, хоёрдугаар хавьталт байж болзошгүй хүмүүст, нийтдээ таван газар хөл хорио тогтоогоод байсан юм. Харин өчигдөр ЭМЯ-аас ирүүлсэн шилжилгээний хариугаар короновирус биш болох нь тогтоогдсон тул эдгээр 5 газрын хөл хориог цуцалжээ.