Аюултай хог хаягдалд зарцуулсан төсвийн хөрөнгөд үрэлгэн байдлаар хандсан эсэхэд  “Захиргааны шинэ санаачлага” ТББ-аас улсын эмнэлэг болоод эрүүл мэндийн байгуулагад  Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 2-д заасны дагуу хөтлөлтөд хяналт тавьж нэг жилийн хугацаанд мониторинг хийх явцдаа олон зөрчил байгааг илрүүлжээ.

Том эмнэлгүүд  аюултай хог хаягдлаа хувийн компанитай гэрээ хийж ачуулдаг аж. Шилэн данснаас хог хаягдалд хэчнээн төгрөг зарцуулдгийг 10 орчим байгууллагын  санхүүжилтийн тайлангаас харсан аж. Улсын I төв эмнэлэг жилд 39 сая, II эмнэлэг 17 сая, III эмнэлэг 44 сая төгрөг, Амгалан амаржих газар 120 сая, Хүрээ амаржих газар 59 сая төгрөг байх жишээтэй. ХСҮТ 13 сая, ХӨСҮТ 25 сая, ГССҮТ 33 сая, Чингэлтэй дүүрэг 85 сая төгрөгийг хог хаягдалд зарцуулсан гэж шилэн дансандаа мэдээлсэн байна. Тэгвэл эдгээр эмнэлгүүдийн хог хаягдлыг хариуцдаг нэг л компани байдаг. Тэр нь “Элемент” ХХК юм.

Тус компаний цахим сайтдаа тавьсан мэдээллээс харахад Улаанбаатарын хэмжээнд нийт 1407 компанийн хогийг хариуцдаг байна. Түүнчлэн улсын 56 эмнэлэг, 358 эмийн сан, өрхийн 136,  хувийн 773 эмнэлэг, эрүүл мэндийн 84 байгууллагын хог хаягдлыг дангаараа хариуцдаг. Уг нь энэ салбарт өрсөлдөөний зарчим байхаас гадна эмнэлгийн аюултай хог хаягдалд онцгой анхаарах ёстой. Байгаль экологид халгүйгээр маш сайн устгах шаардлагатай. Үүнийг гүйцэтгэх байгууллага ч өндөр чадамжтай, бусдаасаа давуу талтай байх ёстой. Гэтэл нэг л компани Монголын бүх том эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг хариуцна гэдэг том эрсдэл.

 Тус компани  аюултай хог хаягдлыг газар ухаж булж устгалд оруулж байгаа бичлэгээ цахим сайтдаа өнгөрсөн оны наймдугаар сард оруулсан байдаг.  Гэвч уг бичлэгээ устгасан байв.  Нөгөөтэйгүүр ингэж булж байгаа тохиолдолд  ийм  хэмжээний санхүүжилт зарцуулагдах уу. Мөн  эмнэлгийн байгууллагын хог хаягдлын зардалд гаргаж буй төсөв, хэр бодит, хэмнэлттэй байна вэ гэдэгт  эргэлзэж байна хэмээн  мониторинг хийсэн тус ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв ярьсан юм.  “Элемент” компанийн 1407 байгууллагатай  хийсэн хог хаягдлын гэрээ  ил тод шилэн дансанд байх ёстой. Гэвч нэг ч гэрээг байрлуулаагүй байв. Нөгөө талаас эмнэлгийн байгуулага ч байршуулах үүрэгтэй. Тэдний зарим гэрээг нь татаж үзэхэд тухайлбал, нэгдсэн II, III, ХӨСҮТ зэрэг  эмнэлэгүүд  гэрээний нийт дүнг тавиагүй зөвхөн нэг сарын л төлбөрийн дүнг тусгаж гэрээ хийсэн хэрнээ шилэн дансандаа бүтэн жилийн дүнг тавьсан зэргээр зөрүүтэй байсан нь уг хуулийг зөрчсөн явдал. Нөгөөтэйгүүр ингэж зөрүүтэй мэдээлж буйн цаана авлига байгааг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нэгдсэн I эмнэлэг гэрээнийхээ дүнг сарын 3.2 сая төгрөг гэсэн атлаа шилэн дансандаа гүйцэтгэлээр 12 сарын нийт дүнг өссөн дүнгээр  39 сая төгрөг гэж тавьсан. Энэ нь төсвийн хуулийг үнэн зөвөөр хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.  Түүнчлэн нэг кг хаягдлын үнэ, мөн нэг удаа зөөвөрлөх тарифыг тусгаагүй гээд гэрээний үүрэг хангалтгүй байсныг илрүүлжээ. Сүүлийн 10 жилийн турш эмнэлгийн аюултай хаягдлыг зөөвөрлөн, тээвэрлэж улмаар булж устгах зэргээр бүхий үйлдлийг ганцхан компани хариуцаж байгаа нь  анхаарал татсан юм. Улсын бүртгэлийн газрын www.burtgel.mn  сайтаас хайлт хийхэд н.Баярсайхан, н.Эрдэнэсүрэн гэх хүмүүс дээр уг компанид  бүртгэлтэй байна.

Тус компанийн вeб сайтад  Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал ариутгаж  устгах үйлдвэр гэсэн атлаа үйлдвэрийн үйл ажиллагааны  явц танилцуулга байхгүй байсан юм. Мөн нэг  кг-ийн хаягдлын үнэ  болон бусад мэдээллээ ил тод  байлгах  зарчмаа хэрэгжүүлээгүй  явж иржээ. Тус компани 2010 оноос эхэлж тендерт нэг удаа орж ЭМЯ-тай гэрээ байгуулж ажилласнаас хойш өдгөө хүртэл  хаягдлыг хариуцаж байгаа юм байна.

Түүнээс хойш нэг ч тендер зарлагдаагүй. ЭМЯ, БОАЖЯ-ны хамтарсан  аюултай хог хаягдал зайлуулах  тухай хоёр тушаал байдаг боловч албан ёсны сайтад эдгээр тушаал нь тавигдаагүй байх жишээтэй. Гэтэл ХХААХҮЯ-наас аюултай хог хаягдал устгах 56 үйлдвэр байдаг гэсэн мэдээлэл байна. Эмнэлгийн байгууллагын санхүү хяналтын ажилтнууд  хаягдлаа хиллэж хүлээлгэн өгч баримт үйлдэх ёстой. Бас тээврийн хөлс хэлбэрээр гэрээнд тусгаагүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Усны мэргэжилтнүүд  газарт булсан хог, хаягдал гүний усанд нөлөөлөх эрсдэлтэй гэж шүүмжилдэг. Түүнчлэн тус “Захиргааны шинэ санаачлага” ТББ-аас Нийслэлийн дүүргүүдийн  болон хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлтөд  жилийн турш хяналт тавьсан байна. Ингэхэд дүүргүүдийн шилэн данс хөтлөлт мөн л доголдолтой байсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн эмнэлэг 2019 оны гурвадугаар сар хүртэл хөтлөөгүй байсан бол Чингэлтэйнх боломжийн хөтөлсөн байж. Харин Багахангай дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өнгөрсөн онд мэдээллээ огт тавиагүй. Судлаад үзтэл хуулиа огт мэддэггүй байсан аж. Эдгээр байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байв. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг Шилэн дансаа хуулийн дагуу цаг хугацаанд нь хөтөлдөг байсан бол Дархан-Уул аймаг шилэн дансаа хөтөлсөн боловч онц хэрэггүй мэдээлэл тавьж иргэдийг үнэн мэдээлэл авахад төөрөгдөл үүсгэжээ. Түүнээс гадна хийх ёстой ажлаа хийсэн санхүүгийн ажилтнаа шилэн данс сайн хөтөлсөн гэж  15.5 сая төгрөгөөр шагнасан зөрчил ч гарчээ. Архангай аймгийн Тариат сумын  эмнэлгийн  хог хаягдалд гурван сая төгрөг  төсөвлөсөн. Гэвч эмнэлгийн манаач шатаах зууханд аюултай хаягдлаа шатаахад ийм хэмжээний зардал гарах уу. Ийм хэмжээний зардал сум бүрт тавигддаг. Бүгд ЭМЯ-наас өгсөн шатаах зууханд шатаадаг гэвэл энэ бүгдэд төсвийн үрэлгэн зардал байгааг ч хэлж байв. Иймээс ЭМЯ энэ асуудалд анхаарал хандуулах цаг болжээ.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин