Өнгөрсөн оны мөн өдийд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын их хурлын даргаар сонгогдож, тамгаа гардан авч байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүний ажлаа хүлээж авсны нэг жилийн ой тохиож байна.

Тэрбээр энэ нэг жилийн хугацаанд олон чухал ажлуудыг амжуулжээ. Тухайлбал, үе үеийн УИХ-аас хамгийн их тасралтгүй хуралдаж, олон чухал хуулиудыг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ Г.Занданшатар "2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. 

Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажилалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм.

Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна. 

Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй. 

Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа засах, эрүүл шударга, хөгжингүй нийгмийн ирээдүйг тодорхойлох чин зорилготой энэхүү түүхэн өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, Монголынхоо нийт иргэдэд дахин талархал илэрхийлж байна.

Улсын Их Хурлын намрын чуулганаар улсын төсвөө баталж, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа" гэсэн юм.

Түүний нэг жилийн хугацаанд хийсэн томоохон ажлуудаас дурдвал,

  • Ахмад бурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх хуулийг УИХ баталсан
  • Ард түмнийхээ шаардлага, хүсэмжлэлийн дагуу Оюутолгойн гэрээг өөрчлөх тогтоол баталсан
  • Энэ УИХ, Засгийн газар анх удаа "Ирээдүйн өв сан"-г нэмэх баланстай үлдээлээ
  • Гурван парламентын нүүрийг үзсэн Үндсэн хуулинд өөрчлөлтийг оруулж, баталсан
  • Тэтгэвэр тэглэлтийг хийснээр Тэтгэврийн реформын эхлэлийг тавьж өглөө
  • Шударга ёс тогтоох шинэчлэлийг эхлүүллээ. Үүний тод жишээ болсон үйл явдал нь  Салхитын ордыг төр мэдэлдээ авсан юм. Мөн Төрийн компани Эрдэнэс МГЛ Баялгийн дээж 50 килограмм цалин цагаан мөнгийг Монголбанкинд тушааснаар баялгийн өгөөж эх орон, ард түмэндээ зориулагдах боллоо.

Ийнхүү Их хурлын дарга өмнөх дарга нарын хийж амжаагүй болон ард түмэндээ өндрөөр үнэлүүлэх томоохон ажлуудыг 12 сарын хугацаанд амжуулжээ.

Сонирхуулахад, Одоогоос 27 жилийн өмнө буюу 1992 онд түүний аав Гомбожав Үндсэн хуулийг эцэслэн боловсруулах Депутатын хорооны гишүүнээр ажиллаж байжээ. Харин хүү нь уг хуулинд нэмэлт, өөрчлөлтийг оруулж түүхэн үйлийг бүтээж чадсан юм.