Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээлэлд ирэх долоо хоногт нийслэлд огцом дулаарах гэнэ. Тодруулбал, өнөөдөр /2020.02.08/ өдөртөө -6 градус, маргааш -2 градус, даваа гаригт 0 градус болтлоо дулаарах аж. Харин Дэлхийн цаг агаарын мэдээллийн байгууллагаас гаргасан мэдээлэлд ирэх даваа болон мягмар гаригт Улаанбаатар хотод өдөртөө +2 градус хүртэл дуулаарна гэжээ.

Иймд монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан айл өрхүүдийн бууз, банш, ууц зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд хөлдөхгүй байж болзошгүй тул цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан тооцож байж сар шинийн бэлтгэлээ хангахыг иргэддээ анхааруулж байна.

 ХОЁРДУГААР САРЫН 8-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,  Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.