Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хууль цаазат ёсонд хүний эрх хэмээх үнэт зүйлийг суулгах,  хүний эрхийн ойлголтыг нийгэмд түгээх үйлсэд ажил, мэргэжлээ зориулж ирсэн хүнтэй огт өөр асуудлаар уулзаж байгаадаа харамсч байна. Чухам юу болоод таны эсрэг хохирогчид гараад ирэв ээ гэдгийг асуухаас аргагүй болоод байна л даа?

- Миний хэн болох, юу хийж бүтээсэн талаар ярих хугацаа та бид хоёрт  олдох байлгүй дээ. Одоо болж байгаа энэ үйл явдалд бол хохирогч нь би юм. Ер нь бол манай дунд хүүгийнх анх удаа орон сууцтай болохоор худалдан авалт хийсэн. Төлбөрийг нь аав нь буюу манай нөхөр цаад компанитай тохирсон нөхцөлийн дагуу хийж байсан. Эцэст нь нэг л өдөр өөрсдөө ч юу болсныг мэдээгүй байж байгаад худалдан авсан байрнаасаа шүүхийн шийдвэрээр хөөгдөж гарсан. Төлбөрт өгсөн мөнгөө буцаан авч чадаагүй. Орон байр ч үгүй байж байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад манай нөхөр хохирогчийн хувиар гомдол гаргасан ч үнэн мөнийг тогтоож өгөх, мөрдөн шалгах ажиллагаа ч хийгдээгүй хагас жил орчим хугацаа өнгөрч байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байна гээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан учраас үүнд гомдол гарган дүүргийн прокурорт хандсан. Энэ гомдлын дараа хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн. Одоо ч энэ шатандаа байгаа. Цааш нь хэрэг үүсгэж шалгаагүй гэсэн үг. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч, хошууч Ж.Бат-Эрдэнэ, ахлах мөрдөн байцаагч Энхмөрөн нар хэргийг шалгах ажлыг удаашруулсаар өнөөдрийг хүрсэн. Эдгээр албан хаагчид асуудалд ийм байдлаар хандсанаас болоод хохирогч нь хэн юм бэ, хариуцагч хэн юм бэ гэдэг нь тогтоогдохгүй өдий хүрсэн гэсэн үг. Үнэн  зөвийг шалгаж тогтоох ажил нь хугацаандаа хийгдээгүйгээс болоод энэ сул орон зай дээр хувь хүмүүс дур зоргоороо авирлаж, хууль шүүхээс гадуур хувийн тооцоо бодсон увайгүй үйлдлүүдийг хийж байна. Биднийг хохироосон тал хуульгүй, хууль сахиулах байгууллагагүй оронд амьдарч байгаа юм шиг  авирлаж, өөрсдийгөө гэм буруугүй мэтээр, бүр цаашилбал хохирогчийн дүрд тоглох ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн. Сүүлдээ үүссэн маргааны талаар биш үүнд огт хамаагүй асуудлаар дайрч доромжилж, миний талаар янз бүрийн худал мэдээлэл хайж цуглуулж, цацаж байна. Эрээ цээргүй, эцэс төгсгөлгүй гүтгэлгийг нийгэмд цацаж байгаа энэ үйлдэл нэг цэг дээр хүрээд зогсох байх гэж өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр харлаа. Танд би өөрийгөө ойлгуулж чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч үйл явдлыг нэг үгээр тайлбарла гэвэл “Би хохирогч” гэж л хэлмээр байна. Худалдагдсан сэтгүүлч, сэтгүүл зүйн хор уршиг надаар зогсохгүй олон хүний нэр төр, амьдралыг хохироож байгааг бид харж байна.

- Танай гэр бүлийн хүн хохирогчийн хувиар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна. Өнөөдрийг хүртэл гомдлын мөрөөр шалгаж тогтоох ажил хийгдээгүй байгаа гэж хэллээ. Гэтэл би үйл явдлыг харахдаа та хуулийн байгууллагад нөлөөлөөд бусдыг хохироосон шийдвэр гаргуулсан учраас тэр хүмүүс хэвлэлд ханджээ гэж ойлгосон. Энэ худлаа юу?

- Би хэрэв хуулийн байгууллагад нөлөөлдөг хүн байсан бол өнөөдөр хохирогч болчихоод сууж байх байсан уу? Хэрэв миний эсрэг гүтгэлэг цацаж байгаа хүмүүс хохирогч юм бол тэд юугаар хохирсон юм бэ гэдгийг асуух ёстой. Бид худалдан авсан байрныхаа үнийн дүнгийнх нь 60 хувьтэй тэнцэх хэмжээний буюу 160.9 сая төгрөгийг 2014 оны есдүгээр сараас хойш 2017 оны тавдугаар сар хүртэл цувуулан төлсөн байдаг. Гэтэл энэ хооронд бидний мэдээгүй өчнөөн олон зүйл болж өнгөрснийг сая 2019 оны есдүгээр сард л мэдсэн. Юу болсон бэ гэхээр анх байр худалдах, худалдан авах гэрээг бидэнтэй хийсэн “MSPD” компанийн захирал Б.Ундрахбаяр гэгч нь оршин суугчдад нь мэдэгдэхгүйгээр өөрийн төрсөн дүү Б.Өнөрбаярт 2014 оны 12 дугаар сард орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгсөн байсан. Үүнийг таван жил нууж, энэ хооронд биднээс байрны төлбөрийг авсаар байсан. Хамгийн аймшигтай нь 2019 оны гуравдугаар сарын 01-ны өдөр Б.Өнөрбаяр нь өөрийн төрсөн ах Б.Ундрахбаярын хадам ах С.Лувсандорж гэх хүнээс 520 сая төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэхдээ оршин суугчдад нь мэдэгдэлгүйгээр өнөөх таван байрыг зээлсэн мөнгөнийхөө барьцаанд тавьсан. Энэ таван айлын байрны нэг нь манай хүүхдийн байр юм.  2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр С.Лувсандорж нь Б.Өнөрбаярыг зээлээ төлөхгүй, олдохгүй байна, барьцаанд тавьсан байрыг нэр дээрээ авмаар байна гэдэг гомдлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Гэтэл шүүх энэ нэхэмжлэлийг хүлээж аваад ердөө 13 хоногийн дараа шүүхийн захирамж гаргасан. Энэ шүүхийн захирамжийг шүүгч Б.Мөнхбаяр гаргахдаа хэргийн оролцогч хоёр тал эвлэрсэн гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Мөн барьцаанд тавигдсан таван байрны оршин суугч нараас хэнийг ч шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлэснийг 2019 оны есдүгээр сарын 10-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Г.Идэрчулууны шүүхийн шийдвэр биелүүлэх тухай гарын үсэг бүхий  албан бичгийг хүлээн авснаар мэдсэн. Уг нь тэдгээр оршин суугчид бол “MSPD” компанитай байгуулсан байр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлөөд амьдарч байсан иргэд юм. Гэтэл тус компанитай байгуулсан эдгээр айлуудын гэрээ, гэрээнд үндэслэсэн төлбөр зэргийг огтоос үл хэрэгсэж, хоёр хувь хүний зээлийн барьцаанд нэгээс нь нөгөөд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан гэсэн үг юм. Ингэхдээ бүр 520 сая төгрөгийн зээлийн хүү, алдангийг 73 хоногоор тооцон 723 сая 655 мянга 400 төгрөгийн үнийн дүнд тооцож С.Лувсандоржийн өмчлөлд тус таван байрыг шилжүүлж, шүүхийн захирамж гарсан даруй орон сууцыг суллан түлхүүрийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийг нь баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ хоёр хүн зээлийн барьцаанд тавигдсан таван байр болон оршин суугчдын талаарх мэдээллийг шүүхэд огт мэдэгдээгүй нууцалсан. Шүүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Б.Өнөрбаярын нэр дээр байгааг үндэслэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гэхдээ маш богино хугацаанд гарсан төдийгүй шүүхийн шийдвэр гарснаас хойш ердөө 3 хоногийн дараа С.Лувсандоржийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон холбогдох хөдөлгөөнүүд хийгдсэн байгаа нь анхаарал татдаг.

-  Тэгвэл танай гэр бүлтэй яг ижил нөхцөлд орж хохироод байгаа дөрвөн айл байгаа юм байна. Тэд бас гомдол гаргасан болов уу.

-Энэ дөрвөн айлаас хоёр нь шүүхэд хандсан юм байна лээ. Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Мөнхбаяр “миний гаргасан шийдвэр зөв” гэж хариу өгсөн байдаг юм билээ. Дахиад шүүхэд хандахад шүүх нь манай зөв гэсэн хариу өгсөн байсан. Нөгөө хоёр хохирогч нь цагдаа, прокурорын байгууллагад олон удаа хандсан байдаг.

- Тэгээд та бүхнийг хохироогоод худалдан авсан байр ч үгүй, төлбөрт төлсөн мөнгийг буцааж олгох ч үгүйгээр ийм байдалд оруулчихаад одоо яагаад тан руу дайраад байна вэ?

- Би энэ хамаарлаа ойлгохгүй байгаа. Би гэрээ хийгээгүй. Би тэр хүмүүстэй уулзаж, яриа хэлцэл хийгээгүй. Би энэ залуучуудын хэнийг нь ч танихгүй.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр С.Лувсандорж гэдэг хүн хэвлэл мэдээллийн нэр бүхий хэрэгслээр надад залилуулсан мэтээр ярилцлага өгсөн. Шалтгааныг нь ерөөсөө ойлгоогүй. Уг нь С.Лувсандорж таван айлын байрыг Б.Өнөрбаярт зээлсэн мөнгөнийхөө барьцаанд аль тавдугаар сард шүүхээр шийдүүлээд авчихсан. Зургаадугаар сард нь үл хөдлөхийн гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлээд авчихсан. Аравдугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр таван айлыг байрнаас нь гаргаад цоожоо солиод түлхүүрээ авчихсан. Бүх асуудал ингээд өөрийнх нь талд шийдэгдчихсэн байхад гэнэт телевизээр гараад хохирогч болоод яриа өгөөд эхэлсэн.

Мэдээж хохирсон таван айл зүгээр гудамжинд хөөгдөөд гарахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Ээлж дараалаад хуулийн байгууллагад хандаж эхэлсэн. Тэгэнгүүт түрүүлээд өөрсдийгөө хохирогч болгон зарлаж, хуулийн байгууллагад нөлөөлөх зорилго агуулсан байх аа. Үүндээ хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйг ашиглаад зогсохгүй хууль бус үйлдлүүдээ нуун далдалж, гэмгүй хүний дүрд тоглохдоо намайг золиос болгохоор л шийдсэн юм болов уу даа.

- Таны ажил, статус, хүний эрхийг хамгаалагч гэдэг нэр хүндийг ашиглаж байна. Та огт өөр ажилтай, эсвэл ажилгүй нэгэн байсан бол энэ хүмүүс ингэх байсан уу?

- Үгүй гэж бодож байна. Хэрэв би энэ хүмүүсийг хохироосон юм бол яагаад хуулийн байгууллагад хандаад гомдол гаргаж шалгуулахгүй байгаа юм бэ? Яагаад над руу зохион байгуулалттайгаар бүлэглэн дайраад байгаа юм бэ. Энэ логикийг би ерөөсөө ойлгохгүй байна. Юутай ч намайг дайрч давшлах, доромжлох үйл ажиллагааг өөрсдийн төлөвлөсөн сценариар хийхдээ миний хашиж буй ажил, албан тушаалыг ашиглаж байгаа нь л илт байна.

 

 

- Яг энэ болсон явдлыг санаатай залилан мэхэлсэн явдал гэж хардаж байна уу. Тэр байтугай шүүхийнхэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, иргэний бүртгэлийн байгууллагынхан хүртэл хэт хурдан ажилласан гэж Танд бодогдохгүй байна уу?

-Гайхалтай хурдан. Хэрэв хуулийн байгууллага бүх тохиолдолд ингэж хурдан шуурхай, чирэгдэлгүй ажилладаг бол хууль, төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэл ингэж дор орохгүй баймаар. Гэтэл үнэн хэрэг дээрээ хохирсон, бухимдсан иргэд шүүхийн шийдвэр гаргуулах гэж хэдэн сараар хүлээж, гадаа нь цөхрөнгөө бараад чулуу няслаад сууж байдаг биз дээ? Иргэний хэргийн болон Эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн хугацаа өөр байдаг. Маш их хугацаа шаарддаг процесс бол иргэний хэргийн маргаан байдаг. Мөнхбаяр шүүгч шиг олон шүүгч шүүх байгууллагад ажилладаг бол шүүхийн талаарх иргэдийн ойлголт, итгэл үнэмшил өөр байх байсан биз ээ.

- Хууль сахиулах, шүүх байгууллага, тэдгээрийн албан хаагчдын шударга бус явдлаас болж хохирлоо, эрхээ хамгаалуулж чадсангүй гэдэг гомдолтой иргэд  хэвлэл мэдээллийнхэнд бишгүй ханддаг. ХЭҮК-т бол түүнээс ч олон гомдол ирдэг байх. Та тэдний зовлонг бишгүй сонссон байж таарна. Манай хуулийнхан үнэхээр авлигад автдаг, хөрөнгө чинээтэй талд шийдвэр гаргадаг гэдэгт итгэдэг байсан уу. Одоо бол өөрийн биеэр тийм зүйлтэй нүүр  тулаад байгаа юм биш үү?

- Би ХЭҮК-т ирж байгаа гомдол бүртэй нэгбүрчлэн цаасан дээр танилцаж, гомдол гаргагч нартай уулзаж ярилцаж, эрхийн зөрчил байгаа эсэхийг хуулийн дагуу нягталж үзэж байж хүлээн авдаг. Үүний дараа томоохон хэмжээний хяналт, шалгалтын ажлууд хийгддэг. Төсөөлөл болон мэдээлэл надад байсан. Гэхдээ миний ажлын шугамаар таньж мэддэг байсан хуулийн байгууллагын цөөнгүй ажилтан, албан тушаалтан эдгээр хүмүүсийн сайн найз, хамтрагч, хамгаалагч нь гэдгийг мэдээд өөрөө ч гайхширч байна. Төсөөлөлд багтаж байгаагүй хүмүүсийнхээ талаар олон зүйлийг олж мэдлээ. Үүндээ харамсмаар ч юм шиг.

Би өөрийнхөө ажлыг л тэр хүмүүстэй холбож байснаас биш хувийн сонирхлоо холбож, тэдний харилцаа холбоо, хүрээлэл, бүлэглэл, найз нөхөд, аж төрөх арга, арын бизнесийг нь сонирхож явсангүй. Энэ асуудал үүссэнтэй холбоотойгоор манай хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд өөрийн ажил, нэр төр, эрх мэдлээ хэрхэн худалдаж амьдардгийг мэдлээ.

- Та харин ажлын шугамаар үүсгэсэн танил талын холбоогоо тэр хүмүүсийн эсрэг ашиглах гэж оролдсон юм биш үү. Тийм мэдээллийг цацаад байгаа шүү дээ?

- Тэр холбоог хувьдаа ашигласан бол өнөөдөр юу гэж ингээд доромжлуулаад гүтгүүлээд, эцэст нь сэтгүүлчид хамаг байдгаа тайлбарлаад сууж байх билээ дээ.

- Одоо шуудхан асууя. “Шоронд оруулахад амархан” гэж та хэлж байгаа нэг бичлэг яваад байна. Тэр ямар учиртай юм бэ?

- Энэ бол 2017 оны ес, аравдугаар сарын үед болсон явдал шиг санаад байна. Манай хүү байрны тогийг таслаад байна. Тог тасарснаас болоод мах муудаад хаялаа. Ус бас тасалсан тухай ярилаа. Яагаад, юу болоод тэгдэг юм бол оо гэтэл “MSPD” компани, Бат-Эрдэнэ нарын хооронд маргаан үүссэн юм шиг байна аа, түүнээс болоод нөгөө таван айлын тог, усыг тасалсан байна гэж ярьсан. Бат-Эрдэнэ гэдэг хүн бол Б.Ундрахбаяртай нэг ангийн найзууд, нэг гудамжинд өссөн, бизнесийн хамтрагч нар юм. Урьд нь энэ хүмүүс хоорондоо хоёр, гурван удаа байр өгөлцөж авалцаж байсан юм билээ. Бат-Эрдэнэ Ундрахбаяртай бартерийн гэрээ хийж, Ундрахбаяр нь “Номун виллаж” хотхноос долоон байр зарах зөвшөөрлийг өгсөн байдаг. Энэ долоон байрны нэг байрыг нь манайх авсан нь энэ. Тэгэхдээ бид Бат-Эрдэнэтэй биш Б.Ундрахбаярын “MSPD” компанитай гэрээ хийсэн.

Тэгээд хүүгээсээ тэдний хооронд маргаан үүссэн бололтой гэдгийг сонсоод Б.Ундрахбаяртай анх удаа уулзаж, учир байдлыг тодруулсан юм. Тэгтэл тэр уулзалтын үеэр Бат-Эрдэнийг цагдаад өгчихсөн байгаагаа хэлээд “Та нар Бат-Эрдэнэд залилуулсан байна. Та шоронд явуулчиж чадахгүй байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “Бат-Эрдэнийг шоронд явуулах шиг амархан юм байхгүй. Наад хүн чинь шоронд явчихбал олон хүн хохирох гээд байна аа” гэсэн яриа болоод өнгөрсөн бөгөөд энэ яриаг утсан дээрээ бичиж аваад гарсныгаа гурван жил хадгалж байгаад сая гаргаж тавьж байгаа нь энэ. Харамсалтай нь бичсэн яриагаа бүтнээр нь ч гаргаж тавьж чадахгүй, нэг хэсгийг нь өөрт ашигтайгаар ердөө намайг гүтгэх зорилгоор л ашиглаж байна.

- “MSPD” компанийн Борлуулалтын албаны дарга н.Баатарсүх гэж хүн хэвлэлийн хурал хийхдээ танайхыг нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүйгээр гурав, дөрвөн жил байрандаа суусан гэж хэлсэн. Та болохоор 160.9 сая төгрөгийн төлбөр төлсөн гээд байна. Энэ ямар учиртай юм бэ?

- Бидний төлсөн гээд байгаа 160.9 сая төгрөгийн төлбөрийн баримт бий. Энэ бүхний учрыг хуулийн байгууллага шалгаад тогтоох байлгүй дээ. Ингээд ар араас нь цацаад байгаа худал, үнэн мэдээллүүдийг тайлбарлаад явна гэвэл бүтэхгүй. Шалгах, тогтоох байгууллагууд нь ажлаа хийнэ биз.

Манай нөхөр бид хоёр хамт сургууль төгсч ирээд нэг нь төрийн албанд ажиллаж, нөгөө нь хувийн бизнес эрхэлж амьдралаа авч явахаар шийдсэн. Хэн хэнийхээ ажилд оролцдоггүй. Нөхөр маань бараг гучин жил хувийн бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд өөрийн бизнесийн соёл, зарчмыг тогтоож, Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож, улс орны хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ өгч ирсэн олон мянган аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн нэг. Хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулж, өөрсдийн хэмжээнд өсч хөгжиж ирэхдээ арай ч монгол хүнээ зарж мөнгө олохдоо тулаагүй.

Хэн нэгэн дурын худалдагдсан этгээд бидний амьдралыг шүүж, цэнгэн наадахыг би зөвшөөрөхгүй. Худал хэлж, хулгай хий гэдэг сургааль дунд өсөөгүй. 

- Та өөрийгөө арай эрт өмгөөлөх ёстой байсан юм болов уу. Үнэн дөнгөж гутлаа өмсөж байхад худал аль хэдийнэ уул давсан байдаг гэдэг зүйрлэл бий шүү дээ.

- Манай нөхөр бид хоёр хуулийн байгууллагад хандсан юм чинь асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ биз дээ гэж л харсан. Бид ямар бусдыг хууран мэхэлж, хүний юм дээрэмдсэн биш дээ. Учир нь олдоно гэж хүлээсэн. Гэтэл бид хүнд итгэсэн итгэлээрээ, эд мөнгөөрөө, эцэст нь нэр төрөөрөө хохирохдоо хүрлээ. Ийм учраас тантай ярилцаад сууж байна. Хуулийн байгууллага ажлаа хийхээс өмнө хэвлэл мэдээллээр үнэн бодит мэдээллийг хүмүүст хүргэх нь зөв гэж бодлоо.

- Та хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтан мөн үү. Тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй, эрх мэдэл, нөлөөтэй хүн гэж мэдээлж байна. Үнэхээр тэрбумтан уу?

- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн дагуу мэдүүлэх үүрэгтэй хүмүүсийн нэг мөн. Мэдүүлэхдээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу жил болгон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлж ирсэн. Энэ мэдүүлгийн нэг онцлог нь ганц миний хөрөнгө, орлогын асуудал байдаггүй. Үүнд гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг хамт явах ёстой. Тийм ч учраас манай гэр бүлийн хүний бизнесийн орлого, зээл, хөрөнгө хамт бүртгэгддэг. Энд миний оролцоо байхгүй. Би техник биш хүн. Би жилд 13-16 аймагт тогтмол очиж ажилладаг. Дөрвөн хананы дунд сууж, цаас шагайж, хүний эрхийг хамгаална гэж хэзээ ч байдаггүй. Тийм учраас манай гэр бүлийн бизнест миний хувь нэмэр, оролцоо, зориулсан зүйл гэж байдаггүй. Манай нөхөр надаар ажлаа удирдуулаад явах хэмжээний чадваргүй хүн биш шүү дээ. Намайг гутаан доромжлохын хажуугаар манай нөхрийн ажил хөдөлмөр, хамт олныг давхар доромжилж байгаа л хэрэг юм.

- Та миний мэдэхээр хүний эрхийн талаарх олон улсын хэм хэмжээ, стандарт, анхаарлын төвд байдаг олон асуудлыг Монголын нийгэмд бий болгоход яах аргагүй гар бие оролцсон хүмүүсийн нэг. Гэхдээ энэ бүхнийг одоо ярихад тохиромжтой биш ч байж магадгүй. Гэлээ ч таны хүний эрхийн төлөөх хорин жилийн хөдөлмөр, ажил мэргэжлийн нэр хүнд, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой буруу ойлголт бий болох вий гэдэгт Та санаа зовж байгаа байх?

- Би ХЭҮК-ыг анх байгуулагдахад референтээр ажилд орж, төрийн албаны мерит зарчим ёсоор шат ахин ажиллаж, гишүүн болсон хүн. Энэ хугацаанд ХЭҮК-ын явуулж буй үйл ажиллагаа, хүний эрхийн сэдвийг олон нийтэд хүргэх, тайлбарлан таниулах чиг үүргийнхээ дагуу хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгч байснаас биш “би ийм хүн шүү” гэж өөрийгөө ойлгуулах, сурталчлах санаа хэзээ ч тээж байсангүй. Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага хэрхэн ажиллах ёстой, олон улсад энэ байгууллагын үйл ажиллагаа хэрхэн танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх ёстой вэ, Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, төр яаж хамгаалах ёстой вэ гэдэгт санаа, зорилгоо чиглүүлж, өөрийн эрүүл мэнд, цаг зав бүх зүйлээ золиослон зүтгэсэн байна. ХЭҮК байгуулагдан ажилласнаас хойш УИХ-д хүний эрхийн тайланг 19 удаа бичиж өгч танилцуулсан байдаг юм. Энэ хугацаанд хэчнээн ч олон хяналт шалгалт, судалгаа, сургалт, хурал зөвлөгөөн зохион байгуулж, 21 аймаг сумыг хэчнээн ч удаа тойров. Хил хамгаалах, зэвсэгт хүчний бүх анги салбаруудын хяналт шалгалт, хорих байруудын нөхцөлийг олон улсын түвшинд гаргаж өөрчлөх гэх мэт олон ажлуудыг хамт олонтойгоо хийжээ. Судалгаа, онол, практикийн  олон ном, гарын авлага, сургалтын материалуудыг боловсруулсныг өнөөдөр их, дээд сургууль болон хуулийн байгууллагууд ашиглаж байна. Бид Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн 700 орчим сургагч багш бэлтгэжээ. Хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг хорин жилийн турш хийлээ. Надад өнөөдөр хүний амьдралд тохиолдож л байдаг асуудал учирсан болохоос шийдэж болохгүй бэрхшээл, өвчин зовлон, үхэл хагацал биш. Хүмүүс учраа ололцдог, хууль, шүүхийн байгууллага ч үнэн мөнийг олно. Мөнхийн дайсан гэж байдаггүйтэй адилхан мөнхийн үзэн ядалт гэж байхгүй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Монгол хүмүүс нэгнээ ингэж хэмлэж, гүтгэж, доромжилж асуудлыг шийддэггүй гэж би боддог. Бид энэ амьдралд зуу хүрэхгүй наслах атлаа мянган жил амьдрах юм шиг аашилж, нэг нэгнээ гутаасан, гүтгэсэн, хоол болохгүй хоосон ховоор тархи, оюунаа хооллож байна. Ийм явуургүй аргаар шударга үнэнийг тогтооно гэж байхгүй л дээ.

Хэн нэгэн захын заль мэхтнүүд миний нэр төр, Монголын төрд хийсэн ажлыг гутаахыг би зөвшөөрч чадахгүй.  Би Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ  өөрийнхөө үнэлэмжийг ч бий болгосон, өөртөө үзэн ядалтыг ч бий болгосон байх.

Ярилцсан: Х.Даваа