Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд коронавирусын сэжигтэй тохиолдол Өвөрхангай аймагт гарч нэг иргэн тусгаарлагдсантай холбоотойгоор мэдээлэл өгчээ.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд: Бүсийн оношилгооны төвд хандаж өндөр халуурсан, уушгины хатгалгаатай хүмүүсийг судалж уг өвчин гарсан улс руу зорчсон эсэх мэдээллүүдийг авч байгаа. Өвчтөн нь 21 настай Арвайхээр сумын иргэн.Өвөрмонголын Шилийн голд мал маллаж байгаад нэгдүгээр сарын 27-29-ны хооронд Эрээнд байсан бөгөөд 30-нд Өвөрхангайд ирсэн. Өвчин ид дэгдэж байхад БНХАУ-д байсан учраас сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Өвчтнөөс сорьц авч ХӨСҮТ рүү явуулсан. Шинжилгээний хариу маргааш өдөр гарна. Иргэд шинжилгээний хариу гартал амгалан тайван байхыг хүсч байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж залуугийн хамт амьдарч байсан гэрийнхэнд хөл хорио тогтоосон.

Иргэн нь ирээд 7,8 хоночихсон учраас уулзсан хүмүүсийг тогтоож тэдгээр хүмүүсийг шинжилгээний хариу гартал хязгаарлаж, хорио тогтоох арга хэмжээнүүд авч байгаа. Өвчтөн залуугийн биеийн байдал нь дунд зэрэг байгааг эмч нар хэлж байна. Бид аймгийн халдвартын байранд тусгай өрөө эмчлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн байсан. Хамгаалах хэрэгсэл эм тарианы хүрэлцээ хангамж бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна.