Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхантай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй болох гэж байна. МАХН, ШИНЭ нам, ХҮН зэрэг намууд эвсэл байгуулаад эхэлчихлээ. БНН сонгуульд ямар хэлбэрээр орох вэ? 

 

Улс төрийн намууд юуны төлөө сонгууль хийж байгаагаа бодох хэрэгтэй. Нэг нэр зүүчих л юм бол шинэ болчихдог зүйл байхгүй шүү дээ. Жишээ нь:  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын Даргаар ажиллаж байсан. Өнөөдөр улс төрийн хүрээнд гарч буй бүх муу зүйл  энэ хүнтэй шууд холбоотой. Энэ хүний удирдлаганд байсан хүмүүс л  өнөөдрийн ийм хууль бус юманд орсон шүү дээ. 

Жишээлбэл : М.Энхболд, С.Баяр гэх мэт. МАН, АН-ын нэр хүнд нь унахаар бид нар шинэ хүн болж гарч ирж тоглоод, сонгуулиар дахиад төрийн эрхийг авна гэж Н.Энхбаяр тэргүүтнүүд мөрөөдөөд, зүүдлээд байх шиг байна. Үүнд манай ард түмэн одоо хууртахгүй. Өнөөдөр манай залуучууд facebook, twitter -ээр өдөр тутмын мэдээг цаг алдалгүй хүлээн авдаг болсон. Үнэн, худлыг ялгахтайгаа байгаа. Мөн улс төрчид аргаа бараад, орон нутаг руу, тойргоо сольж зугатах гэж байна. Урьд өмнө очиж байгаагүй тойрогт очиж хүмүүсийн толгойг угааж, худлаа яриад гарна гэж бодоод байх шиг байна. Одоо ийм юманд хууртагдахгүй. Манай залуучууд улс төрийн, сонгуулийн ажилд бүгдээрээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Шинэ гуравдагч хүчин гэж ярьж байгаа бол энэ нийгэм, улс төрийн амьдрал муу муухайг эрс шинэчилж чадах тийм улс төрийн хүчинд л саналаа өгөх ёстой. Н.Энхбаяр өөрийгөө гуравдагч хүчин гэж зарлаад байгааг ойлгохгүй байна. Хүн нь шинэчлэгдээгүй цагт улс төрийн хүчин нь шинэчлэгдэнэ гэж байхгүй. 

 

Бүгд Найрамдах Нам УИХ-ын сонгуульд эвсэл болж оролцох уу?

 

Бид эвсэл болно.  Жинхэнэ шударга ёсны төлөөх эвслийг байгуулна. Түүнээс бус иргэдийг хуурч, саналыг нь авахын тулд эвсэл байгуулж болохгүй.  

 

Ард иргэдийн дийлэнх нь хотод амьдарч байхад УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутгаас сонгогдохоор болж байгаа нь яавч шударга биш санагдаад байна л даа?

 

Хүн амын тэн хагас нь Улаанбаатарт байгаа учраас УИХ-ын 76 гишүүний 33-ыг нь сонгох ёстой. Гэтэл МАНАН-гийн нөхдүүд өөрсдөө гарахын тулд мандатын ихэнхийг нь хөдөө орон нутагт олгож байна. Орон нутгийн иргэдийг басамжилж, доромжилж байна. Орон нутагт гүйгээд очихоор сонгоно гэж ойлгоод байна. Гэхдээ үгүй болов уу даа?

 

 

Өнөөдөр аймаг, сум, баг гээд бүх газарт иргэд маань facebook, twitter.com-ыг ашиглаж байгаа. Бүх залуучууд эрх, үүрэг, эрх чөлөө, шударга ёс гэж юу байдгийг мэддэг болсон. Хорин долоон жил хууртагдаж, мэхлэгдэж ханалаа шүү дээ. Тийм учраас энэ нөхдүүдийг орон нутгийн залуучууд уриалгахан тосч авч сонгох нь юу л бол. Би ингэж бодож байгаа. 

 

 

Та 2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

 

Өрөм дотроосоо өтнө гэдэг шиг Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хоёр дотоод ялзралын асуудлаа шийдэх хэрэгтэй. МАН хорин долоон жил МАНАН буй болгосон худрагагүй нөхдүүд, арай гайгүй шудрага ёсныхон гээд хоёр хуваагдчихсан. Эднээсээ яаж салах вэ гэсэн том тэмцэл явагдаж байна. 

Ардчилсан Намд өөрийг нь долоож, долигносон хүмүүсийг дэмждэг, хамгийн шударга бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн С.Эрдэнэ гээд хэмжээгүй эрхт, хуульчлагдсан хаан байна. Ардчилсан Намынхаа шударга залуусыг үзэн яддаг, гадуурхдаг. Нам дотроо бас талхилцаж байна. Ийм тэмцэл өрнөж байна.

 

 

Ард түмэн, эх орноо хөгжил дэвшлийн зам руу оруулах, шударга ёсыг тогтоох, хүн амынхаа орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, дундаж давхрагыг нэмэгдүүлэх гээд хот, хөдөөгүй хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Түүнээс бус Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлээ гээд ард түмэнд нэг их баяр баяслыг авчрахгүй. Залуучууд өнөөдөр сайн цалинтай ажлын байр, урт хугацааны бага хүүтэй, ая тухтай, хямд орон сууц л хүсч байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж сонгуульд бэлдэж байна. Яагаад тэтгэврийг нь хангалттай өгөхгүй байгаа юм. Тэтгэврийн ялгаа асар их байна. Энэ цөөхөн залуучууд, ахмадуудыг яагаад аятайхан амьдруулж чадахгүй байна вэ? Заавал гуйлга гуйж амьдрах ёстой юмуу бид нар. Бүсийн хөгжил, орон нутгийн хөгжил гэж 27, 28-н жил ярилаа. Хаана, юу хөгжсөн байна? Аймаг, орон нутагт залуучууд тэр чигээрээ ажилгүй байна. Энэ асуудлыг бүр системээр нь өөрчлөх хэрэгтэй болж байна.  

Өнгөрсөн дөрвөн жилд МАН, АН хоёр дотоод хулгайч, дээрэмчидтэйгээ л тэмцэлдлээ.

 

Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан Нам сөрөг хүчний үүргээ хир биелүүлсэн бэ? 

 

Ардчилсан Намын хувьд сөрөг хүчин гэхээсээ илүү өөрсдийнхөө арьсыг хамгаалсан хэдэн хүн л УИХ-д сууж харагдсан шүү дээ. Ардчилсан Намын үед Монгол улсаас 16 орчим их наяд төгрөг алга болсон. Ойлгомжтой шүү дээ, түүгээрээ хэрэгт орчих вий гээд Ардчилсан Нам сөрөг хүчин биш МАН-ын аялдан дагагч болсон. Жишээлбэл: С.Эрдэнэ дарга “Эрдэнэт" үйлдвэрийн  49%-г нэг мангар бацаанд өгөх нь зөв гээд улаан цагаан өмөөрч байсан шүү дээ. Мөн "Төмөртэйн”, “Хустайн” ордууд байна. Бас л “Худалдаа Хөгжлийн Банк”-ны Д.Эрдэнэбилэг гээд нөхөр концессийн гэрээгээр авчихсан. Өдөр шөнөгүй төмрийн хүдэр гараад байдаг. Монгол улсад юу орж байгаа юм. Яагаад нэг хүн бүх ордуудыг, банкнуудыг хамж авах ёстой юм. Энэ чинь шударга юмуу? Ер нь бүх болохгүй байгаа юмны оньсого энэ сонгуулиар тайлагдах байх. Үнэн, худал нь ялгарах байх.

 

Ардчилсан Нам бол энэ дөрвөн жил сөрөг хүчин байж чадаагүй шүү. Байх ч үндэслэл байгаагүй юм. Яагаад гэвэл тэд нар хангалттай муу, муухай юманд оролцчихсон учраас тэр нь ил гарчих вий гээд сөрөг хүчний ажилд оролцоогүй байхгүй юу.  

 

Авлига албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн хүн  УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Энэ хуулийн заалт дээрх таны байр суурь? МАХН-ын дарга Н.Энхбаяр уг заалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон...

 

Япон, Солонгос, Европт гэмт хэрэгт холбогдсон хүн улс төрийн ажил хийдэггүй л юм байна лээ. Та урьд өмнө нь хариуцлага алдсан учраас улс төрд бүү оролц гэсэн үг. Үүнд чинь юунд нь дургүйцээд байгаа юм. Н.Энхбаяр бичиг үсэг тайлагдсан л юм бол сайхан ном бичээд сууж байх хэрэгтэй. Хамгийн шударга бус хүн атлаа хамгийн шударга ёсны эвсэл байгуулна гэж хүний толгой эргүүлээд, худлаа яриад явж болохгүй.  

 

 

БНН-ын  боловсон хүчний нөөц хэр байгаа вэ? Танай намыг ганц хүний, “Буян” Жагаагийн нам ч гэж ярих нь бий?

 

Жишээ нь: Н.Энхбаярын нам гээд байна. Хүмүүс муугаар нь ч, сайнаар нь ч зөвхөн Н.Энхбаяр л гэж мэднэ. С.Ганбаатар гээд бичиг үсэг тайлагдаагүй, худлаа ярьдаг нэг нөхөр байгаа. Тэр намд өөр хэн байгаа юм. Яагаад С.Ганбаатар Н.Энхбаярт наалдаж гүйгээд байгаа юм. Аргагүй шүү дээ. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар С.Ганбаатараар намайг “агнуулах” ажил хийлгээд хариуд нь Үйлдвэрчний эвлэлийн дарга болгож байлаа шүү дээ. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гээд МАН дотор энэ гурвыг харж байна. Өөр ямар боловсон хүчин байгаа юм. За яахав, энэ гурвыг бол ямар ч байсан шударга ёсны төлөө нам дотроо тэмцэлдэж байгаа залуучууд гэж харж байгаа. Энэ нь харагдаж байгаа. Ингээд хэлчихээр “Чи долигонолоо” гэж Н.Энхбаярын намынхан facebook-ээр бичих жишээтэй. Үгүй. Н.Энхбаярын намынхан МАН, Ардчилсан намуудыг төр барьж байхад эвсэл хүртэл байгуулж л байсан шүү дээ. Гэтэл МАХН-аас засагт орсон хүмүүс бүгдээрээ авлигалын хэргээр хуулийн байгууллагын хаалга татсан. Улс төрийн байгууллагынх нь хувьд хараад байхад ийм л ёс зүйгүй нам шүү дээ. 

Бид нэр ус нь бохирдоогүй, хулгай дээрэмд оролцоогүй, эх оронч, шударга ёсны намуудтай л эвсэл байгуулна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. БННам оюунлаг хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Физикч, математикч, инженерүүд, эмч гээд шинжлэх ухааны хүмүүсийг нэр дэвшүүлж байж улс орон хөгждөг.

 

Нийгмийн ухааныхан дэндүү ихээр төрийн эрхэнд гарлаа шүү дээ. Сүүлдээ бүр бөх барилддаг, зохиолын дуу дуулдаг хүмүүс УИХ-д орж эхэлж байна. Энэ чинь ялзрал байхгүй юу. Гадныхан биднийг дооглож байна. Танай УИХ-д энэ дуучин чинь юу хийж байгаа юм, хэддүгээр ангийн боловсролтой юм гэж яриад байна. Бид ичих ёстой. Улс орныг тэргүүний сэхээтнүүд авч ёстой. УИХ чинь дуу дуулдаг, бөх барилддаг, алиа хошин шог явуулдаг сайн дурын уран сайханчдын байгууллага биш шүү дээ.  

Нөгөөтэйгүүр залуучуудад бас дутагдал байна. “Бандааш” Д.Гантулгаас эхлээд хичнээн муухай шившигийн юманд оролцов. Залуучуудынхаа нэр нүүрийг хугалаад дуусч байна. Тэгэхээр хөгшин залуудаа биш юм байна. Хүний ёс зүй, боловсрол, хүмүүжил, шударга, эх оронч, ард түмэндээ сэтгэл зүрхтэй ийм хүмүүс л гарч ирж байж улс орон өөрчлөгддөг юм байна. Ам, ажил нь алд, дэлэм зөрдөг, шударга юм яриад араар нь хударгагүй зүйл хийдэг улсуудыг шударга гэж хэлж болохгүй шүү дээ. Урьд нь дутагдал гаргаж байсан хүмүүс шинэ тойрог дээр очоод шударга хүн болж жүжиг тоглож болохгүй. 

Энэ жилийн сонгууль жинхэнээсээ шударга ёсны төлөөх сонгууль болох болов уу гэж аминдаа маш их горьдож байгаа. Манай намын хувьд боловсон хүчний нөөц хангалттай бий. Монголд хэд хэдэн их, дээд сургууль төгссөн, эх орноо гэсэн, өндөр мэдлэг, боловсролтой, даруу төлөв, төлөвшсөн, , хувийн соёлтой сайхан бэлтгэгдсэн боловсон хүчин зөндөө бий. Манай намаар дүүрэн байна. 

 

 

Сүүлийн үед та сошиал медиад их идэвхитэй байх боллоо. Facebook хэрэглээний талаарх таны бодол? 

 

Facebook бол АНУ-ын зүгээс 21-р зууны хүн төрөлхтөнд өгсөн бэлэг. Хүн бүрт мэдээлэл асар хурдтай очсоноор дэлхий ертөнц хурдтай өөчрлөгдөж, глобалчлагдаж байна. Цукерберг гэдэг залууд бүгдээрээ талархах ёстой. Харин фэйсбүүкийг учир дутагдалтай ашиглаж болохгүй. МАН, АН, МАХН-ын залуучууд хуурамч эккаунтнаас байнга орж, хүнийг зүгээр л нулимаад сууж байдаг. Ингэж ашиглаад дэмий. Манай тагнуул, цагдаагийн байгууллага хуурамч эккаунттай тэмцэх хэрэгтэй. Залуучууд фэйсбүүкт юу хүсч байгаагаа бичиж, ярих ёстой байтал хүн доромжлоод, Жагаа тийм ийм гээд байж байдаг. Миний хөөрхөн, сайхан байх ерөөсөө хамаагүй. Миний юу ярьж байгаа нь чухал байхгүй юу даа. Тийм учраас бүгдээрээ фэйсбүүкийг соёлтой, ажил хэрэгч байдлаар амьдралдаа ашиглаж суръя. Би амьхандаа Фэйсбүүк та биднийг хүмүүжүүлдэг, соёл иргэншил рүү хөтөлдөг тийм мэдээллийн хэрэгсэл байгаасай гэж хүсдэг. Та бид сонгуулиа өгнө гэдэг нь эрх чөлөөгөө, үр хүүхдийнхээ ирээдүй хойч үе, хөгжил дэвшлээ сонгож байгаа хэрэг шүү дээ. Өөрийнхөө сонголтыг 5, 10 төгрөг, ганц шил архи, нэг пицца, бэлэг дурсгалын зүйлээр хэмжиж болохгүй байх. Үүнийг залуучууд ойлгох хэрэгтэй.

Манай залуучууд би улс төр сонирхдоггүй гэж их хэлдэг юм байна. Тэгээд юу сонирхдог юм. Зөвхөн оймс, бандааш, гутал, рок поп дуу юу? Улс төр бол та бидний хийх ёстой үндсэн ажил.

 

Улс төр бол бидний эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, ирээдүй, хөгжил дэвшил, таны эрх үүрэг. Тийм учраас хүн бүр улс төрч байх ёстой. Залуучууд дөрвөн жилд нэг удаа сонгуулиа заавал өгөх ёстой. Гучхан минутанд сонгуулиа шударгаар өгчихөд юу нь болохгүй байна. Бид сонголтоо зөв хийж чадвал асар их баялагтай, хүн ам цөөнтэй, залуучууд ихтэй, хамгийн зовлонгүй, хангалуун, чинээлэг аятайхан амьдрах боломжтой улс бол манайх.  

 

 

Залуучуудын улс төрийн оролцооны талаарх таны бодол? 

 

Залуучуудаа ёс зүйтэй, улс төрийн мэдлэг боловсролтой болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Та ганцаараа сайхан амьдарч чадахгүй олуулаа бол сайхан амьдарч чадна гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Энэ сэдвээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш их ярих хэрэгтэй байна. Дээрээс нь алиа хошин шогийн урлагийг устгах хэргтэй.  Бүх юмаа хэтэрхий алиа хошин шог болгочихсон. Үүнийг дагаад залуучууд хариуцлагагүй болж байна. Сүүлийн үеийн кинонуудыг хар. Дандаа марзан дампуу, нэг ч хариуцлагатай юм байхгүй. Хүний оюун ухааны тухай юу ч байхгүй. Энэ марзганалаас залуучуудыг салгах хэрэгтэй. Бид чинь агуу их Эзэнт гүрний, Чингис хааны үр сад гэдгээ мартаж болохгүй. Бид дэлхийн улс төр, нийгмийн амьдралыг тодорхойлж явсан. Одоо бид унтаж байна. Нойрноосоо сэрэх цаг болсон. Бидэнд мандан сэргэх боломж байна. Үүнд ганцхан залуучууд л хариуцлагатай болох хэрэгтэй. 

 

 

Бид шинэ хүчин, шинэ хүн гарч ирнэ гэж УИХ-ын ээлжит сонгууль болгонд л итгэж найдсаар ирсэн. Гэвч бахь байдгаараа л байна. Сонгогчдын боловсрол дээшлэхгүй байна уу?    

 

Сонгогчдоос гадна булхай луйвар их хийгдэж байна. Иргэний бүртгэлийг луйвардаж байна. Хар машинд асуудал байна. Тойрог хэсч санал өгдөг карусель хийж байна. Мөнгөний сүлжээ байна. Санал худалдаж авах ажил хийж байна. Үүнээс болж байгаа хэрэг. Улс төрчид үүнд буруутай. Залуучуудынхаа улс төрийн мэдлэг боловсролыг сайн болгох хэрэгтэй. Эх оронч хүмүүжлийг өгч чадаагүй, зөвхөн амиа бодох, хувиа хичээх ёс зүйтэй болгочихсон. Бидний аав ээж асар их эх оронч байсан шүү дээ. Тиймдээ энэ улсыг чинь улс шиг улс болгосон. Эзэн Чингисээс хойш Монголчууд мөхлийн ирмэгт явсан шүү дээ.

1921 онд бидний аав, ээж гарч ирж байж энэ улсыг мөхлөөс аварсан. Үүнийг мартаж болохгүй. Тэгэхээр бидний ирээдүй болсон залуучуудад итгэх өгөх хэрэгтэй. Залуучуудаа зөв ойлгож, дэмжиж, ёс зүйтэй, хүмүүжилтэй болгох хэрэгтэй. 

 

Та УИХ-ын 2020 оны сонгуульд СонгиноХайрхан дүүрэгтээ өрсөлдөх үү?

 

Одоохондоо шийдсэн юм алга. Сонгуульд би дэвших нь яах вэ. Гол нь манай залуучууд, иргэд сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцох хэрэгтэй байна. Саналаа бүү худалд. Жинхэнэ шударга ёсны төлөө зүтгэж, та нарыг төлөөлж чадах тийм шударга, эх орончдыг сонгох сонгууль болоосой гэж би харж байна. Би ганцаараа бус багаараа гарч байж л нийгмийг эрс шинэчлэх ажлыг хийж чадна.

 

Та LIVESTREAM-ынхээ үеэр Далай лам 2020 онд Монголд улс төрийн шинэ хүчин гарч ирнэ хэмээн айлдсан гэж хэлж байсан. Та түүний үгэнд итгэж байна уу?

 

Эртний гүн ухаантнууд хүн төрөлхтний хөгжил дэвшлийг үргэлж урьдчилж харж байсан байдаг. Тавин жилийн дараа ингэнэ, зуун жилийн дараа тэгнэ гэж. Манай Богдын үед хүртэл төмөр шувуу ниснэ, төмөр утсан дээр галт тэрэг явна гэх мэт хэлж байсан байдаг. Далай лам бол бурхны элч. Энгийн лам хүн биш. Тэр хүн бол амьдралын, ертөнцийн хөгжлийн философич хүн байна лээ шүү. 

Жишээ нь: Манай лам нар сайн, муу өдөр гэж ярьдаг бол Далай лам гараг ертөнцийн цаг минутанд сайн, муу гэж байхгүй. Нар л мандаж байвал бүх л өдөр сайн сайхан байх ёстой гэж хэлсэн. Манай энэ хэдэн асман лам нар хүмүүсийн толгойг эргүүлж сайн, муу өдөр гэж өөрсдөө зохиож байгаа байхгүй юу. Монгол бол ардчилсан хүнээ дээдэлдэг орон болсон учраас Далай лам биднийг их дэмждэг. Төв Азид эрх чөлөөний ганц улс болж байгаа гэдгээр нь Монголчуудыг их хүндэлдэг, хайрладаг. Монголд эрс шинэчлэлт хурдан болоосой, муу муухайгаасаа бушуухан салаасай, шинэ хөгжлийг шинэ хүмүүс л авчирна гэж Далай лам хэлж байсан. Би түүнийг нь л хэлсэн хэрэг шүү дээ. 

 

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Сэтгүүлч Ч.Явуухүү

sonin.mn