НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Энэ онд иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм.

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас өгч эхлэхээр болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн байв.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

148 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ” хэмээсэн юм.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна.

Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.