Сонгуулийн жилийн улс төр хэзээд тогтворгүй байж ирсэн. Зарим тохиолдолд улс төрийн намууд нэгнээ гүтгэн гүжирдэх, алийаа болж бүтэхгүйтэй холбон, нэр хүндэд нь халдах тохиолдол цөөнгүй гарч байв.

Харамсалтай нь, улс төрийн намынхны ярьж, хэлж байсан аливаа хэрэг маргаан хэрхэн дууссан нь тодорхойгүй үлддэг жишиг манай улсад тогтчихсон. УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрөвхөн сарын хугацаа үлдсэн энэ өдрүүдэд дээр дурдсанчлан хууль шүүхийнхний шалгаж буй хэрэгт улс төрийн намууд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх оролдлого гаргаж эхлэв. Тодруулбал, АН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд хандан “НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчлан саатуулсан нь эрх баригчдын сонгууль угтсан акц” хэмээн тодорхойлоод өмнө нь албан тушаал хашиж байсан эдгээр хүнийг бус яг одоо дээрх албан тушаалд ажиллаж буй хүмүүсийг шалгасан бол зүйд нийцэх байлаа хэмээснийг хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шууд байдлаар нөлөөлсөн буюу саад учруулах гэсэн зорилготой гэж дүгнэхээс өөр аргагүй.

 

Учир нь, Ц.Уртнасан нарыг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, мөрдөн байцаалт явуулсны үндсэн дээр нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзээд баривчлан саатуулах шийдвэрийг гаргаснаа хэлсэн. Гэтэп АН-ынхны зүгээс “Энэ хүмүүсийг барьж хорих шаардлагагүй” гэж байгаа нь хууль, шүүхийн үйл ажиллагааг тасалдуулах, улмаар нийтэд буруу ташаа шийдвэр гаргасан мэтээр ойлгуулах алхам болов. Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай холбоотойгоор Ц.Уртнасан нарыг бус одоогийн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр болон одоогийн салбарын сайд нарыг шалгах хэрэгтэй хэмээн нэр зааж хэлсэн нь тэдний нэр хүндэд шууд халдсан үйлдэл болсон төдийгүй хулгайч л “Хулгайчийг бариарай" гэж хашхирдгийн үлгэр болов. Хэн нэгнийг шалгаж шүүх, улмаар барьж хооих эсэх шийдвэрийг хууль хүчнийхэн тодорхой баримтад үндэслэн гаргадаг. Аль нэг намын, хэн нэгэн албан тушаалтны заавраар хүссэнээ барьж хориод байдаггүй. Ардчилсан эрх зүйт нийгэмд тусгаар улсад амьдарч буй иргэдийг айдаст автуулах замаар ийнхүү олон нийтэд хандсан нь, эрх баригчдыг харлуулах, тэд хууль шүүхийнхнийг удирддаг мэтээр ойлгуулах оролдлого хийж буй нь жинхэнэ утгаараа сонгууль угтсан улс төр болж харагдав. “Хуулийнхан Ц.Урнасан нарыг баривчлан саатуулсан нь орчин цагийн хэлмэгдүүлэлт” хэмээн АН-ынхан дүгнэснээс үзвэл манай улсад хууль сахиулах байгууллага хэрэггүй мэтээр аашилсан төдийгүй тэдний үйл ажиллагааг илтэд үгүйсгэсэн явдал болов. Уг нь гэм, буруугийн асуудлыг хуулийнхан эцэслэн шийдээгүй. Хэн хүнээс илүүтэйгээр аливаа хэрэг маргааныг таслан шийдвэрлэх процессыг мэддэг хуульчид болох Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр нар ийнхүү хуулийнханд “хичээл заан”, “Түүнийг барих хэрэггүй, оронд нь үүнийг барь” гэсэн нь мэргэжлийнхээ үнэ цэнийг уландаа гишгэсэн үйлдэл болов. Нөгөө талаас АН-ынхны мэдээлэлд намын дарга С.Эрдэнэ нь оролцсонгүй. “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр тоглосон, уг сантай холбоотой газруудад эзэн суусан” хүмүүсийн нэрийн жагсаалтыг өнгөлдөг түүнийг энэ удаагийн хуралдаанд оролцуулах нь ёс зүйн талаасаа ч зүйд нийцэхгүй байсан биз. Тэрбээр АН-ыг тэргүүлэх болсон цагаасаа эхлэн намаа 2-3 хуваачихсан, намын нэр нүүр болсон толгой улстөрчдөө хөөж явуулсан зэргээс үзвэл энэ намын дотоод зөрчил хаахна явааг таахад амархан.

 

 

 

Угаас олон фракц, бүлэглэлтэй АН-ынхан энэ удаагийн сонгуульд хэдэн “толгой”-той орохыг таашгүй. Гагцхүү одооноос хууль шүүхийнхний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх замаар эрх баригчдыг харлуулах ажиллагаа явуулж эхлэв бололтой. Ямартай ч ард түмнээс сөрөг хүчин байгуулах хэмжээний санал авсан ч итгэлийг нь дааж чадалгүй тарааж орхисон АН-ын дарга С.Эрдэнийн рейтинг тогтмол уруудаж буй нь хэд хэдэн удаагийн судалгааны дүнгээс харагдав.

 

 

 

Тодруулбал, МЕК судалгааны төвөөс хамгийн сүүлд авсан судалгаагаар “Үйл ажиллагаа нь таалагддаг” улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлсэн бол “Үйл ажиллагаа нь таалагддаггүй” улстөрчдийг АН-ын дарга С.Эрдэнэ манлайлсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эерэг рейтинг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтмол өсөлттэй байсаар оны төгсгөл гэхэд 33 хувьд хүрсэн байдаг Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын эерэг рейтинг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарынхаас гурван пунктээр буураад байгаа юм. Анти рейтингийн жагсаалтыг тэргүүлсэн АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өмнөх оны наймдугаар сараас хойш рейтинг нь буурсаар оны төгсгөлд 18 хувь болсон. МАН-ынхан сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа рейтинг буюу олны дундах нэр хүндийг нь харгалзахаа зарласан энэ үед АН-ынхан хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Дээр дурдсан судалгааны дүнгээс үзвэл намын дарга нь анти рейтингийг тэргүүлж яваа АН-ынхан сонгуульд ямар удирдагч, манлайлагчтай оролцох нь асуулт хэвээр үлдэж байна. Гагцхүү хамгийн ойлгомжтой зүйл нь парламентад бүлэг ч үгүй болж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахаа больсон АН-ынхан хууль, шүүхийнхэнтэй зууралдах гэх мэтээр боломжит бүхий л хувилбараар улс төр хий нь тодорхой болж эхэллээ.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин