ТВ-9 телевизээс эрхлэн гаргадаг Монгол коммент нэвтрүүлгээр шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх болсон талаар хөндсөн билээ.

БНХАУ төдийгүй дэлхийн зарим ул­сад хурдацтайгаар тархаад байгаа шинэ коронавирусын халдвараар 1017 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрчээ. Манай улсад энэ тохиолдол илрээгүй ч халдвар авах эрсдэл өндөртэй орнуудын тоонд багтаж буй. Тиймээс энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврүүдэд хоёр цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Өглөө 05:30-07:00 цаг хүртэл автобусны эцсийн буудлаас нь автобусанд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа аж. Өнөөдөр хотын хэмжээнд 940 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг аж. 

Шинэ төрлийн коронавирусын улмаас хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг амраасан ч автобусаар үйлчлүүлж буй хүний хөдөлгөөн багасахгүй байгаа аж. Тухайлбал өчигдрийн байдлаар давхардсан тоогоор 358 мянган зорчигч зорчжээ.  Олон мянган хүн зорчдог учир нийтийн тээвэр халдвар авах хамгийн эрсдэлтэйд тооцогддог аж.

Тэгвэл энэ талаар Зам тээврийн асуу­дал хариуцсан төслүү­дийн удирдагч Б.Отгон­сүх “Нийслэлээс ний­тийн тээврийн халдвар­гүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн вирусын заавар, зөвлөмжийг байршуулсан байгаа. Өдөрт хоёр удаа ариутгалыг хийж байна. Энэ ажилд хариуцлаггүй хандаж байгаа автобусны компанид газар дээр нь асуудлыг шийдэж ажиллана. Учир нь нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог.  Ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанид хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах хэрэгтэй. НМХГ, НОБГ, нийтийн тээврийн салбар 24 цагаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон зорчигчдод ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн талаарх зөвлөмжийг газар дээр нь өгч байна” гэдгийг хэллээ.

Ч1 чиглэлийн автобусны жолооч Л.Энхсүрэн “Сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан зорчигчид харьцангуй багассан. Хоёр цаг тутамд халдваргүйжүүлэлт хийж байгаа. Тогтмол амны хаалт хэрэглэхийг шаардаж байгаа. Амны хаалтаа дөрвөн цаг тутамд сольдог. Вирусаас сэргийлэх хуудаснуудыг наасан. Зорчигчид ч гэсэн амны хаалттай үйлчлүүлж байгаа” гэв.

Нийтийн тээврийн газрын үйлчилгээний дарга Б.Эрдэнэболд “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтийн тээврийг халдваргүйжүүлэх, жолооч нарын бэлэн байдал, ариутгалыг хэрхэн хийж байгаа талаар зөвлөн туслах, хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өглөөний 05:30 цагаас эхлээд эцсийн буудлууд болон эх авалт, шулуун замд хяналт хийж байна. Өдөрт 650 орчим мянган хүн үйлчлүүлдэг бол өнөөдрийн байдлаар зорчилтын тоо 50 хувиар буурсан. Жолооч бүрт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ариун багажаар хангаж байна. Мэргэжлийн байгууллагуудын багаж тоног төхөөрөмжөөр 10 хоног тутамд хоёр удаа ариутгал хийхээр болсон. Арга хэмжээ авахаасаа өмнө зөвлөн туслах үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Жолооч нарын хувьд өглөө болгон 3-4 маск тарааж, өдөрт хэд хэдэн удаа солихыг хэвшүүлж байна” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн тээвэр гэлтгүй олон хүн цугладаг үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад НМХГ-аас тогтмол хяналт шалгалт хийж, үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн компаниудад хариуцлага тооцохгүйгээр тухай бүрт нь зөрчлийг арилгах арга хэмжээ авах аж. Мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй нийтийн тээврийн талаарх санал, гомдлыг иргэд НЗДТГ-ын утас болон нийтийн тээврийн утсаар мэдэгдэх боломжтой юм байна.

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин