Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө өгөхдөө заавал өөрийн биеэр ирж өгөх шаардлагагүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандахад болох юм байна. Иргэдийн хүсэлтийг хүлээн авсаны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх юм. Энэ газар өмчлөлийн ажлыг 4-р сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх байсан боловч тодорхой шалтгаанаар хойшлуулах шаардлагатай болоод байна. Учир нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр олгогдох 52 байршилд хийгдэх ёстой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хараахан хийгдэж дуусаагүй тул нэг сарын хугацаатайгаар түр хойшлууллаа. Иргэдээс хүсэлт хүлээн авах цахим программыг Нийслэлийн мэдээлэл технологийн газраас бэлэн болгон хүлээгэн өгсөн. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирснээр иргэдийн саналыг авч эхлэх боломжтой болох юм гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.