“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. 

Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигмдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, "Эрдэнэс-Тавантолгой" аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Даваа гараг бүрийн 13:00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг:

-“Эрдэнэс-Таван толгой” ХК 1 тэрбум 30 сая долларын ашигтай ажилласан. Иргэддээ анх удаа ногдол ашиг олгох гэж байна. 2016 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. МУ-ын төрийн компани маш сайн ажилладгийн жишээ. 2 сая 511мянган  хувьцаа эзэмшигч ба төрд ногдол ашгийг нь олгоно. 1072 хувьцаатай 1 сая 82 иргэн, 97 мянган төгрөг хүртэнэ. 741 хувьцаатай хүн 66 мянгын ногдол ашиг авна. 580 мянган иргэн хувьцааны бүртгэлийг хийлгээгүй. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх хүртэл бүртгэнэ. Өнөөдөр ногдол ашиг шууд дансанд орохгүй. Нэгдүгээрт, бүртгүүлнэ. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурал болж батална. Баталснаар тавдугаар сараас өгч эхэлнэ. Ногдол ашиг олгох талаар нэг цонхны мэдээллийг өгч ажиллаж эхэлнэ. Гар утасны апп ба вэб сайтуудаар дамжуулна. Манай албан ёсны пэйж хаягаар хэдэн хувьцаатай, ямар ногдол ашиг олох талаар мэдээлэл авна. “1072” мэдээллийн төвөөс даваа гараг болгонд мэдээлэл өгнө. Бүртгэгдсэн иргэдийн талаар мэдээлэл өгнө. Онлайнаар бүртгэх боломж бүрдүүлж өгсөн. Төвлөрсөн хадгаламжийн төв дээрх хувьцааны мэдээллийн дагуу нэг арилжааны банкны мэдээллийг өгнө.