Дэлхийн нийтийг түгшээж байгаа энэ цаг үед Монголчуудын цагаан сарын баяр тохиож байна. Гэтэл уг баярыг тэмдэглэхгүй гэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарчихаад байхад иргэд нууцхан тэмдэглэх тухай яриа гарлаа. 

Манай улсын хилийн цаана хэдхэн километрийн цаана аюулт тахалын голомт бий. Мөн монголчууд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг БНСУ-д коронавирусийн халдврын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо ганцхан шөнийн дотор 156-т хүрлээ. Тус улсад 48 мянган монгол иргэд ажиллаж, амьдарч байгаа гэсэн тоо судалгаа бий. 

Өнөөдөр бүртгэгдсэн 53 шинэ тохиолдлын 51 нь Тэгү хотод болон Умард Кёнсан мужид илэрсэн бол үлдсэн хоёр тохиолдол нь Сөүл хотод бүртгэгдсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. Халдвар тээгч 31 дэх тохиолдол нь 61 настай эмэгтэй бөгөөд гадаадад аялсан түүхгүй, вирусийн халдвар тээгчидтэй ойр байгаагүй гэж асуумжид хариулжээ. Уг эмэгтэй нийгмийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдаж, коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд ямар замаар халдварласан нь тодорхойгүй байгаа юм. БНСУ-д коронавирусийн халдвар авсан 16 хүн эдгэрч, 66 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Мөн сэжигтэй 1633 тохиолдол бүртгэгдсэн ба өдөр бүр 800-1000 хүнд коронавирусийн шинжилгээ хийж байгаа ажээ.

Харин манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. ДЭМБ-аас цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэхгүй, маш өндөр эрсдэлтэй бүлэгт байгааг онцлоод байгаа. Гэвч манай хэнэггүйчүүд зах, худалдааны төвөөр бэлтгэлээ базааж нэрээр цугларсаар. Зарим нэг настангууд үр хүүхдүүд минь ирж золгох байх гээд гарын бэлгээ бэлдэж суугаа гэх. Уг нь эмч мэргэжилтнүүд цагаан сараар айл хэсэхгүй тэсчих л юм бол манай улсад айхтар тахалгүй сууна хэмээж буй. Төрөлхийн хэнэггүй зантай зарим нэг нь манай улсад бүртгээгдээгүй, орж ирээгүй байхад юундаа хөл хорио тогтоож, сүр бадруулаад байгаа нь гэж уурсаж байх юм. Урьдчлан сэргийлэлтийг сайтар чандлан сахиж байж энэ тахалыг улсдаа оруулж ирэхгүй гэдгийг ухаарах цаг ирлээ. Солонгос улсаас цагаан сарын золголт хийнэ гээд халдвартай хүн ороод ирэхийг хэн ч мэдэхгүй.

Учир нь энэ өвчний нууц үе нь 10-14 хоног. Энэ хугацаандаа шинж тэмдэг илрэхгүй бусдад халдвараараа тараах бүрэн боломж бололцоотой. Түүнчлэн гар сайтар савандаж угааж, маскаа зүү гэхээр савандаж угаалгаа гээд өвчин тусахгүй байна гэж байхгүй гэлцэх иргэд ч түм байна. Эмч нар гараа 20 секунд савандаж угааснаар нян, вирусийн халдвар авахаас 70 хувь хамгаалдаг. Вирусээс 3 дахин жижиг хэмжээтэй биет нэг удаагийн маскыг нэвтэрч чаддаггүй ажээ. 

Цагаан сар хийхгүй, гэр бүлийнхээ хүрээнд ёслоод өнгөрнө гэх хүн олон байхад хорьсон ч хийнэ, гайгүй байлгүй гэх хэнэггүйчүүд дээрх зөвлөөг сайтар уншаарай. Ухаанд нь ухна ишиг унагачихаагүй бол ойлгох биз ээ.