Өнөөдөр Ардчилсан нам нийгмийн хариуцлагын үүднээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд илүү анхаарах бодлогыг намын мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор жүжигчин Ж.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч ардчилсан намын гишүүнээр элсүүлж, батлахыг нь гардуулан өглөө. 

Жүжигчин СТА Ж.Баясгалан "Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлөн ирсэн. Хамгийн гол нь АН-д элсэх болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хамтарч ажиллах юм. Тухайлбал, хуулинд заасан нэр томьёоноос эхлээд бид зөв ярих хэрэгтэй болоод байна. Би өнөөдөр тэргэнцэр дээр сууж байгаа. Тэргэний тусгай хэрэгцээт болсон. Энэ нь хөгжилд саад болж байгаа зүйл огтхон ч биш. Эсвэл намайг хөгжихөд энэ тэрэг саад болоод асуудал ч байхгүй. Тиймээс бид нарыг хөгжлийн бэрхшээлтэй биш тусгай хэрэгцээт иргэд гэдэг үүднээс хуулиндаа өөрчлөлт оруулахыг хүсэж байна.  Ингэвэл миний төлөөлөл болж байгаа 110 мянган иргэд маань нийгэмд оролцох оролцоо, өөрсдийн итгэл үнэмшил, амьдралд олж авах итгэл гээд бүгдийг олж харах бололцоотой болно. Өнөөдөр төр засгийг муулах албагүй. Тэд тусгай сургуулийг байгуулсан уу байгуулсан.  Гэхдээ энэ нь хүртээмжгүй байгаа. Жишээлбэл, тусгай сургуульд тэднийг хэн хүргэж өгөх вэ. Тусгай автобус байхгүй, зам ч байхгүй. Тэгэхээр яаж сургуульд суралцах уу. Заавал тусгай сургуульд сургахаар нийгмээсээ тэдгээр хүмүүсийг тусгаарлаад байна. Харин нийгмээс тусгаарлах биш, нийгэм маань өөрсдөө тусгай хэрэгцээт хүмүүсээ тэвэрч авч, цуг амьдрах хэрэгтэй байна. Тэгэхээр бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд маань суралцдаг боломж бүрдээсэй гэж би маш их хүсэж байгаагаа хэлье. Ингэж чадвал багаасаа сонсголын бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийг өөртэй нь ижил тэгш эрхтэй гэдгийг ойлгоно. Миний гол энэ өнцгийг АН маань дэмжиж мөн мөрийн хөтөлбөрт оруулж, хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаа юм" гэлээ.

Мөн тэрбээр АН-ыг сонгох болсон шалтгаанаа "Би өнөөдрийг хүртэл нам бус байлаа. Уран бүтээлдээ нийгэмдээ болохгүй байгаа зүйлээ бүтээлдээ тусгаж хийдэг. Би өдөр болгон тэргэн дээр сууж байна. Тэргэнээсээ  босох гэж өдөр болгон тэмцэж байна. Тийм болохоороо тусгай хэрэгцээт иргэдийн зовлонг хамгийн ойлгож, мэдэрч яваа. Тиймээс энэ зовлонг мэдэрсэн хүний хувьд тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирж тавьсан. 

Ингээд маш олон хүнд өөрийн саналаа хүргүүлсэн. Үүнд маань АН нааштай хариу хэлсэнд баяртай байна. Тусгай хэрэгцээт иргэдийн ард гэрт маш их асуудал тулгамддаг. Зөвхөн өөрийнхөө төлөө явж байгаа зүйл биш тусгай хэрэгцээт иргэд болон ар гэрт  маш их тулгамдсан асуудал их болсон. Би дуугарахгүй бол хэн дуугарах уу, одоо дуугарахгүй бол хэзээ дуугарах уу гээд зүтгэлээ. 

Тусгай хэрэгцээт хүмүүст халамж их хэрэгтэй гэж боддог. Үгүй юм аа, тэднийг нийгэмтэй цуг байлгаж, ойртуулах хэрэгтэй. Тусгай сургууль миний хувьд шорон шиг санагддаг. Яагаад гэвэл нийгмээс тусгаарлаад, ялгаварлан гадуурхалт. Хүнээс тусдаа амьтад биш шүү дээ. Жирийн ЕБС-ийн дунд тийм хүүхдүүд байхгүй учраас нөгөөдүүл чинь том болсон хойноо цочирдож хүлээж аваад өширхөөд, эргэж хараад өрөвддөг, гадуурхдаг явдал гардаг. Энэ үйлдлийг гаргахгүй нь тулд цэцэрлэгээс нь эхлээд цуг байлгах хэрэгтэй. Ар гэр ч гэсэн тусгай хэрэгцээт хүүхдээ нуугаад байхгүй асуудалгүй болно. Би өвдсөнөсөө хойш хоёр жилийн хугацаанд нийгмээсээ тусгаарлагдсан. Маш хүнд хэцүү. Учир нь гэрээсээ гараад явахаар зам байхгүй,  унаа байхгүй. Хүмүүс нь өрөвдсөн нүдээр хардаг. Өрөвдүүлэх гоё биш. Хамгийн сүүлд нь би нийгэмших хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Би нийгмийн харилцаанд орох тусам өөрийгөө тэргэний хэрэгцээт л хүн гэдгээ мэдэрсэн юм. Бусдаар ямар ч бэрхшээл байхгүй байгаа. Тиймээс тусгай хэрэгцээт болон энгийн иргэд хамтдаа байвал хайр дурлал, хүндлэл бий болохыг ойлгосон гэв.