Би айлын том хүү л дээ одоо 30-тай. Эцэг эхээсээ тусдаа гараад олон жил болж өөрөө үр хүүхэдтэй болсон ч гэсэн аав ээжийн минь асуудал үргэлж л намайг дагах юм, хаа ч явсан тэр.

Анх намайг 13-тай байхад аав минь гэрт байдаг байсан хамаатны бүсгүйтэй завхайрч түүнийг нь гайгаар би олоод харчихсан юм аа. Тэгээд тэсэлгүй, айлым том хүү ээжийгээ бодоод ээждээ шууд л хэлчихсэн. Ингээд л миний амьдралын тамын үе эхэлсэн. Аав минь зөвхөн тэр эмэгтэйтэй ч бус нэлээн олон эмэгтэйтэй завхайрч байсан юм билээ. Харин манайд байсан тэр эмэгтэй нь ээжийн минь ойрын садан байсан болохоор ээжид минь их хүнд туссан байх аа. Ээж минь тэр үеэс амьдрах урамгүй болж архи ууж яваад осолд орж хүндээр бэртсэн. Азаар амьд үлдсэн ч ослын хор уршиг одоо ч гардаг. Тэр завхайрлаас хойш аав ээж хоёр маань үргэлж л муудалцдаг болсон. Байнга л хэрүүл маргаан, зодоон нүдээн. Бүхнийг хэлснээс болж аав минь намайг үзэн ядах болсон, юм л бол гар хүрч, юм л бол ална тална гэж айлгаж сүрдүүлдэг боллоо. Үнэндээ мэдээ орох цагаас минь эхлэн л зодож байсан л даа. Би аавыгаа намайг үнсэж байсныг нь мэддэггүй харин зодож байсныг нь бол маш их мэддэг. Доороо олон дүүтэй, дүү нар маань ч гэсэн үнэндээ айдас зовлон дунд өссөн. Дүү нараа зодуулахгүй гэсэндээ өөрөө зодуулна. Аав минь архи уугаагүй үедээ ч тэр ямар ч баяр баясалгүй болсон. Ээж аавыг минь амьд бас хамтад нь байлгадаг байсан зүйл нь биднийг гэдэг ч бид үнэндээ тамд л амьдарч байгаа юм шиг байсан. Үнэндээ тэднийг холбож байсан зүйл нь эд хөрөнгө нь байх. Манайх боломжийн чинээлэг амьдралтай байсан гэвч байнгsн айдас, хэзээ согтуу орж ирэх бол гэж хөлийн чимээ сонсож өсөх шиг там байдаггүй юм билээ. Бага дүү минь айсандаа шкафанд ороод хичнээн цагаар ч хамаагүй айн чичирэн суудаг байсан нь одоо хүртэл нүдэнд харагддаг. Аав ээжийн хэрүүл зодооныг зогсоох гэж дунд нь би үйл лайгаа эдэлдэг байлаа. Архи уугаагүй үедээ арай л гайгүй. Архи уусан үед бол заавал нэг хэрүүл зодоон болно. Эмнэлэг, эрүүлжүүлэхэд очихгүй өнгөрвөл дээдийн заяа. Хүүхэд насны сайхан дурсамж, хүүхэд насны үерхэл, хүүхэд насны баяр хөөр гэж надад байгаагүй ээ, би яг л нэг насанд хүрсэн том хүн шиг л өссөн. Юм болгонд хариуцлага хүлээдэг, юм болгоныг үүрдэг. Одоо эргээд харахад надад хүүхэд насны аз жаргалтай үе цөөхөн байсан. Би бага байхдаа 3 ч удаа амиа хорлох гэж оролдож байсан. 1 удаа ээж минь амиа хорлох гэж байхад минь барьж авчихаад миний хүү ээжийгээ ингэж битгий шар махтай нь хатаагаарай гэж хэлснээс болж, бас дүү нараа зовох байх даа гэж бодсон тул амиа хорлох талаар бодохоо байсан. Гэхдээ үхэл л миний энэ зовлонг надаас салгах юм шиг санагддаг олон өдөр шөнүүд надад их байсаан байсан. Байнга л гэрлүүгээ гүйдэлтэй байснаас болж найз нөхөд ч цөөхөнтэй өссөн. Энэ тамын амьдралаас гарах зүйл минь онц сурах гэж бодсон тул харин үргэлж онц сурдаг байсан. Гэвч ээжээс минь өөр хэн ч энэ бүхэнд баярлаж байгаагүй. Аав бол намайг сургуульд ямар сурдагийг ч мэддэггүй байсан. Насанд хүрэв үү үгүй юу ээж маань намайг ааваас хол байлгахаар оролдож эхэлсэн учир нь эрийн цээнд хүрч буй хүү нь аавтайгаа муудалцах нь буруу гэж холдуулсан юм билээ. Би гадаад руу тэтгэлгээр сурахаар явсан. Харин миний дараагийн дүүг аав ээж минь золиосоо болгосон. Намайг байхгүй хооронд бүгд л зовсон байна лээ. Ингээд бүхэл бүтэн 10-аад жил болоод Монголдоо ирсэн. Гэвч юм өөрчлөгдөөгүй л байсан. Байнга л хэрүүл зодоон. Нэг удаа тэсэлгүй аавдаа гар хүрчихсэн, нэг л цохьсон л доо. Олон ч цохиогүй. Түүнээс хойш арай нэг гайгүй болсон, би хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Энэ үед гайгүй болсон юм шиг байсан боловч ээжийг минь далдуур дандаа л зодож нүдэж, зовоож байсан юм билээ. Бид бүгд аавыгаа үзэн ядаж аль болох хол байж. Эхнэр хүүхдээ ч уулзуулахгүй байхаар шийдэж холхон амьдрах болсон. Үүнээс болж ээж минь их ганцаарддаг юм шиг байна лээ. Би очоод тэр хүнийг үхтэл нь нүдмээр байдаг ч аавыгаа үзэн ядаж болохгүй, ямар ч байсан чиний аав шүү дээ. Хүн ямар ч муу эцэгтэй байсан муу хэлж, муухай харж, тэр бүү хэл гар ч хүрж болохгүй л гэж өсгөсөн ээжийгээ бодоод л юм хэлж чаддаггүй. Түүнээс биш тэр хүнийг би яс махандаа хүртэл үзэн ядаж өссөн. Одоо ч тэр хүн ээжийг минь зодсоор. Би заримдаа ээж минь ингээд үхчих вий дээ л гэж айдаг. Хэдхэн хоногийн өмнө 60 гарсан аав минь ээжийг минь хэвтэрт ортол нь зодчихож. Ээж маань ханиад хүрсэн гээд тас нуучихсан юм билээ. Би үнэндээ л тэр хүнийг үзэн ядаж байна. Явж очоод өөрийг нь хэвтэрт ортол нь зодмоор санагддаг. Яах ёстой вэ? Энэ бүхэн хэдийгээр сексн.мн-ий нийтлэл мэдээлэлтэй ямар ч холбоогүй ч гэсэн миний амьдралын зовлон, энэ тамын амьдрал гэр бүлээс гадуурх секс, нэгнийгээ хуурсан байдлаас л эхлэлтэй. Анх аавыгаа өөр хүүхэнтэй завхайрч байгааг харснаас хойш 17 жил бараг өнгөрч харин би там дундуур 17 жил явж байна. Хүмүүс гэр бүлээс гадуурх секс гоё, сайхан, байж болох зүйл гэж боддог харин би үүнийг үзэн яддаг. Хүү нь аавыгаа, эсвэл ээжийгээ үзэн ядаж, ямар ч хүүхэд насны жаргалгүй өсөх тийм сайхан гэж үү. Одоо үед залуус гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд их ордог болжээ, ингэж яваад эхнэртээ эсвэл нөхөртөө баригддаг. Салж сарнидаг. Ер нь доодох улаанаа цахирч чадаагүйгээс болж өөрийнхөө амьдралыг там болгоод зогсоогүй үр хүүхэд хань ижилийхээ амьдралыг там болгож байна. Ингэх заавал шаардлагатай гэж үү. Би бас архийг их үзэн яддаг. Энэ их зовлонгийн эх суурь, үндэс нь архи байсан. Архинаас болж завхайрал, зодоон, хэрүүл үүссэн. Би одоо хүртэл согтуу хүн харахаар салгалаад уур хүрээд байдаг. Гэтэл архи гээч тамын үндээ багасах нь битгий хэл ихэссэр л байх юм. Одоо аав минь үргэлж л үглэдэг, та нар эргэж тойрохгүй байна. Харж үзэхгүй байна. Туслахгүй байна. Ярьж хөөрөхгүй байна гэдэг. Үнэндээ тэр хүнтэй уулзах нь битгий хэл ойртож харахаас ч дургүй хүрдэг. Яамаар орчлон бэ? Хүн заавал үр хүүхэдтэйгээ ийм харилцаатай өсөх ёстой юм гэж үү. Өнөөдөр миний мэдэх дарга сайд, банкны захирал, баячууд ихэнхи нь бөгсний бузартай, үр хүүхдээ тамласан амьдралтай байна. Хэзээ нэгэн цагт хөгшрөхгүй, өтлөхгүй, үхэхгүй юм шиг өнөөдрөөрөө амьдарч буй улс зөндөө байан. Үр хүүхэд нь миний эдлэсэн зовлонг эдэлж байгаадаа гэж бодохоор хоолой дээгүүр хоол ч давдаггүй ээ. Яамаар ч юм бэ дээ. Та бүхэн гэр бүлээс гадуурх сексийг битгий дэмжээч, хөөрхөн алаг үрээ бодооч, ядаж яаж үхэж. Оршуулган дээр чинь үр хүүхэд чинь баярлах биш гуниглаж таныг санаж зогсоосой гэж бодооч. Хүн эцэгээ үхээсэй гэж бодож амьдрах сайхан гэж үү?