-ЖДҮХС-гаас 4.2 тэрбум төгрөг авсан ч  орлого нь багассан гэнэ-

Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хөрөнгө мөнгөө зузаатгаж тусгай сангийн мөнгийг баруун солгойгүй өөрийн хамаарал бүхий компаниуддаа авч байсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, үзэм нийлүүлсэн ч Амарбаясгалан, чавга нийлүүлсэн ч Амарбаясгалан болж хувирсан гэсэн үг. Тиймээс л Д.Амарбаясгалангийн хязгааргүй энэ их шунал түүнийг хэдхэн сарын дараа хаана аваачих бол хэмээн нэрийдсэн гэсэн үг.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд авлигач, ЖДҮ-чин, тендерчдээ МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж ам алдсан. Бүр тэдэнтэй хариуцлага тооцно гэж байсан. Гэвч өнөөг хүртэл намынх нь гал тогоог “хутгаж” буй генсек Д.Амарбаясгалантайгаа хариуцлага тооцож чадалгүй УИХ-ын сонгуультай золгох гэж байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын ЖДҮ-чдийг өнгөлж яваа Д.Амарбаясгалангийн “хулгай”-г Ерөнхий сайд огт мэдэхгүй өнгөрнө гэж баймааргүй. Уг нь өнөө генсек нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Агро технологи шижирт”, “Соёмбо принтинг”, “Тайшир өргөө”, “Топ медиа” компаниудаараа дамжуулан 2016-2018 онд 39 удаагийн гүйлгээгээр 4.2 тэрбум гаруй төгрөгийг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс авсан тухай баримтыг Ерөнхий сайд бишгүй олон удаа харсан.

Бүр тодруулбал, 2017 онд “Тайшир Өргөө” ХХК 375 сая төгрөг, 2018 онд “Агро технологи шижирт” ХХК 950 сая зээл авсан бол “Сомёмбо принтинг”, Топ медиа компаниудаараа тендер, бараа, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхээр төрийн болон төрийн өмчит тооцоот үйлдвэрийн газруудаас дээрх мөнгийг авсан байдаг. Саяхан телевизээр олны хүртээл болсон “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгээр дээрх баримтууд гарсныг үзэгч түмэн санаж буй.

Түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд төрөөс зээл, тендерийг ийн авсаар атал мань хүний ХОМ-ийг харвал орлого нь 2018 онд гэнэт буурсан харагдана. Мэдээж тэр 12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжийнхаа тоог өөрчлөөгүй. Гэхдээ 2017 онд өөрийн орлогоо 183 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2018 онд 54 сая гэжээ. Гайхалтай буурч...

Гэхдээ энэ буурсан үзүүлэлт нь 2018 он буюу улстөрч, албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болсны дараах мэдүүлэг. Үндсэндээ авсан зээл нь баримтаар ил болчихоод байхад “ах” намын туршлагатай генсек орлогоо нуун дарагдуулж байгаа нь энэ. Харин мал аж ахуйгаа 2017 онд 2.062.660 төгрөгөөр 61 адуу, 330 үхэр, 269 ямаа, 1326 хоньтой гэж байснаа 2018 онд 1.898.912 төгрөгийн үнэ бүхий 42 адуу, 197 үхэр, 1343 хоньтой үлдсэн гэжээ.

Бас л хачин биш гэж үү. Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Тайшир Өргөө” ХХК 2017 онд ХХААХҮЯ-наас 657 толгой хонь “авсан” шүү дээ.

Гэтэл мань хүний авсан хонь хаана ч байхгүй тухайг эх сурвалжууд хэлж байв. Хэрвээ үнэхээр Д.Амарбаясгалангийн дээрх үүлдрийн хонинууд ор тас байхгүй бол энэ нь маш ноцтой асуудал.

Тиймээс бид МАН-ын генсек Д.Амарбаясгалан ямар зээл, тендерийг хэрхэн авч байсныг цувралаар хүргэхээс гадна дэлхийд шагшигдаж, малчдын хорхойг хүргэж байсан Францаас тусгай онгоцоор авч ирж байсан 657 хонь хаачсныг баримттайгаар эргэн мэдээлэх болно.

Үргэлжлэл бий...               

 

www.erennews.mn