Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл энэ үеэр буюу өчигдөр /2020.03.01/ 15.00 цагийн алдад  Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харьяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нилээд зайтай 100 модны пост хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ жирэмсэн эмэгтэйг машинд нь төрүүлжээ.

Тодруулбал, иргэн н.Саруулбаяр төрөх дөхсөн эхнэрээ эмнэлэг авч явах замдаа ийнхүү аз болж эмчтэй таарчээ. Бага эмч Б.Бадамцэцэг машинд нь сууж хамт цааш явсан ч төд удалгүй бүсгүй төрөх болж, эмч охиныг нь машин дотор нь эх барьж авсан байна. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх, охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ.