Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад ажилладаг цагдаагийн ахмад цолтой, жолооч Б хоёрдугаар сарын 22-ны өглөө хэвлийн хөндий болон цээжин хэсэгтээ буудуулж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ явдлаас хойш “Цагдаагийн алба хаагчид муудалцсан, хэргийг нуун дарагдуулж байна” гэх зэрэг мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Цагдаагийн алба хаагчид муудалцсан зүйл байхгүй. Жижүүрийн ээлж солилцохдоо зэвсэг хүлээлгэн өгөх үеэр бууны хоолойд сум байсныг мэдэлгүй гал алдсан байна. Үүнээс болж тухайн алба хаагчийн хажууд зогсож байсан жолооч суманд оногдсон” гэх мэдээллийг бидэнд өглөө. Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд бакалаврын боловсролтой, мэргэжлийн бус иргэдийг цагдаагийн албанд авах болсон нь хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.