Буддагийн сургаал, номлолыг мухар сүсэг, сохор шүтлэгийн шавааснаас цэвэрлэж уламжлалт мэдлэг, шинжлэх ухаан болгож шашингүйжүүлэх

 

(Судлаач, профессор Д.Чулуунжав уг төслийг 2019 оны 8 дугаар сард бичиж БСШУСЯ-нд өгчээ)

 

Энэ их сэтгэгчийн бясалгаж хүрсэн, олсон зөв мэдлэг, мэдээлэл, үзэл санаа бол хүн төрөлхтний нэгэн том үнэт өв сан юм. Энэ их өв сангийн үнэ цэнийг шинжлэх ухаанчаар эргэж харах, шинээр дахин нээх хэрэгтэй байна. Буддагийн сургаал, номлолыг мухар сүсэг, сохор шүтлэгийн шавааснаас нь 100 хувь чөлөөлөх ёстой. Ингэж чадсанаар зөвхөн монголчууд төдийгүй Ази дахины олон ард түмэн хоёр мянга гаруй жилийн туршид буй болсон мухар сүсгийн харанхуй сүүдрээс салж үнэн мөнийн гэрэлд гарах болно. Шинжлэх ухаан, соёл, техник ихэд хөгжсөн эдүгээ цагт хүмүүсийн оюун санааны амьдралын бүх тал, хэсэг, нийгмийн ухамсар аливаа хуурамчлал, ид шид, луйвар, мунхруулгаас ангид байж цэвэр тунгалаг байх ёстой. 

Монголын нийгэм улстөр, эдийн засгийн чөлөөт байдал, ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээр мухар сүсэг, сохор шүтлэг, элдэв шашинцар, бөө, удган, мэргэ төлөг, элдэв ид шидтэн гэгдэх оюун санааны луйвар, булхай богино хугацаанд хот, хөдөөгүй өргөнөөр дэлгэрлээ. Хүн амын ядуурал, ажилгүйдэл, архидалт, боловсролын системын уналт, доройтол, маргаашдаа үл итгэх гансрал, гуниг мэт нь оюун санааны амьдрал дахь элдэв луйварт таатай хөрс болж ашиглагдлаа. Энэ нөхцөл, байдал цаашид даамжрах аваас хэдэн жилийн дараах монголчуудын оюун санааны амьдрал өнөөдрийн төвдүүдийнх лүгээ адил болж хоосрох, хомсдолд орох, үнэнээс холдож хоцрогдох, бурангуйших болно. Энэнээс сэргийлэх, ялангуяа хүүхэд, залуусын оюун санааны амьдрал, ухамсрыг шинжлэх ухааны мэдлэг, зөв мэдээлэлд суурилсан сэтгэлзүйтэй болгож төлөвшүүлэх ажлыг нэн яаралтай оновчтой, үр дүнтэй хэлбэр, аргуудаар эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ талын ажилд жинхэнэ буддист лам нарыг мөн өргөнөөр татан оролцуулах учиртай. Жинхэнэ гэгээрсэн лам хүн өөрсдөө мухар сүсэггүй байдаг. Энэ бол бурхны шашин дэлгэрсэн түүхээр нотлогдсон үнэн билээ. 

 

х           х          х

 

Суут сэтгэгчийн (Будда) оюун ухааны хүчээр олж тогтоосон мэдлэг, мэдээлэл, үзэл санаа, сургаалыг Ази тивийн хэд хэдэн орон өнө эртнээс ихэд шашинжуулж, мухар сүсэгт автуулж, булингартуулжээ. Эрт цагийн бурангуй зан үйл, үл ойлгохын нигуураар голчлон үүдэгдсэн шаваасыг цэвэрлэж, мөнхүү сургаал, номлолыг эх хувилбараар нь сэргээж, тунгалагжуулах хөдөлгөөнийг монголчууд бид л эхлүүлэх учиртай, бас боломжтой. Монголын оюунлаг хүмүүс, одоо цагийн сэхээтнүүд, жинхэнэ буддист лам нар энэхүү буянтай үйлсийг тэргүүлэн хөтөлж, хэрэгжүүлж чадна. Бид ингэх ч үүрэгтэй. Чухам ингэвэл л монголчууд энэхүү суут сэтгэгчийн үлдээсэн үнэт өв санг үр өгөөжтэй ашиглаж, бас цаашид баяжуулж, арвижуулж чадна. 

 

 

Өмнө өгүүлсний гүний утга, хойчийн тусыг ухааран сэхээрч энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцох оюунлаг хүмүүс, эрдэмтэд улс үндэстэн нэг бүрээс олноороо гарч ирэх, олдох нь маргаангүй. Буддагийн онол, сургаалын зам, мөрөөр орж, судалгаа хийж, оюуны үнэт зүйлсийг нь залгамжлан авч шинэ шинэ мэдлэгээр баяжуулж, зуунаас зуунд өргөтгөж, гүнзгийрүүлж, улмаар олон мянган ном судар туурвисан тив тивийн олон орны эрдэмтдийн бүтээл дэх оюуны үнэт зүйлүүдийг ч мөнхүү хөдөлгөөний явцад бас илрүүлэн гаргаж, бүтээгчдийн нь нэр, намтар цадигтай нь цуг тодруулан сурталчлах болно. Энд яригдах бүх зүйл, тодлогдох бүх мэдлэг, ухаан, мэдээлэлд цэвэр шинжлэх ухааны үнэлгээ өгөгдөж, өргөнөөр сурталчлагдах ёстой. Буддизмын нэр болоод далбаан дор бүтээгдсэн үнэ цэнэтэй бүхнийг бүх төрөл, салбараар нь бүртгэж хүн төрөлхтний оюуны баялгийн санд зохих байр, суурийг нь эзлүүлэх болно. Энэ талын ажлыг аль болох өргөнөөр, яаралтай хийж үнэ цэнэтэй бүтээл нэг бүрийг нь нийт хүн төрөлхтний тусын тулд ашиглах явдал тулгамдсан хэрэгцээ боллоо. Дорнын гүн ухаан, дорнын анагаах ухаан, дорнын одон орон судлал, дорнын эмзүйн, ёсзүйн амжилтыг эдүгээ Европ дахин ихэд сонирхон үзэх болжээ.

Буддизмын нэр болоод далбаан дор 2500 жилийн туршид бүтээгдсэн их мэдлэг, мэдээллийг мэдлэгийн салбар бүрээр бүртгэж, цуглуулж, олон хэлэнд орчуулж, олон улс оронд сурталчлах, Азиас бусад тивүүд рүү тархаан хэрэглэх ажил ХХ зууны сүүлч хүртэл тун ч хангалтгүй хийгджээ. Энэ доголдлыг богино хугацаанд залруулах хэрэгт чухамхүү монгол лам нар, монгол судлаачид ихээхэн үүрэг, рольтой оролцож чадна. Бидэнд энэ талын арвин уламжлал, тус дэм болох олон хүчин зүйл бий билээ. Энэтхэг, төвд хэл бичгээр зохиол бүтээлээ туурвисан олон зуун монгол лам нар, номч мэргэн гавж, аграмба, маарамба нар бий. Зурхайн ухаан, анагаах ухаан, тооны ухаанд гүнзгий мэргэшиж тухайн цаг үедээ нэр зард гарч явсан алдартай эрдэмтэд ч олон буй. 

 

Монгол дахь буддизмын хөгжил өөрийн өвөрмөц нүүр царайгаараа XIX зууны дунд хэрд нэгэн оргил цэгдээ хүрч цэцэглэсэн нь ч үнэн билээ. Энэ цаг үеийн ололт, амжилтууд баллагдаж, орхигдсон нь үнэхээр харамсалтай. Мухар сүсэг, сохор шүтлэгтэй тэмцэх хөдөлгөөн нь хүмүүсийн оюун санааны амьдрал, ухамсарт өнгөрсөн түүхээр бүтээгдсэн үнэ цэнэтэй олон зүйлсийг муйхарлан хорьж, хоморголон устгаж, хэмжээгүй их хохирол учруулжээ. Энэ их гамшиг нь тухайн цаг үе, нийгэм-улстөрийн нөхцөлд “тойрох боломжгүй, дайрахаас өөр замгүй” зүйл байсан гэж эдүгээ зарим хүн үзэх, бичих болжээ. Энэ үзэгдлийг ч гэсэн мөн эргэн харж, судалж, түүхэн сургамжийг нь тод томруунаар дүрслэн үзүүлж, үлдээх хэрэгтэй байна.

 

Хүн төрөлхтний оюун санааны амьдрал, амьтай ба амьгүй байгалийг таних үйл ажиллагаа, мөн хүмүүс өөрийгөө танин мэдэх оролдлого бүгд л аль ч тивд шашны бүрхүүл доор явагдаж иржээ. Ингэхлээр мухар сүсэг, сохор шүтлэгтэй тэмцэх явцад үнэн, зөв мэдлэг, мэдээллийн их өв сангаа устгаж хохирч болохгүй билээ. Энэ талаарх зохих сэрэмжлүүлэг мөнхөд яригдаж, анхааруулагдаж байх учиртай. Саяхан хүртэл аль ч ард түмний амьдрал, оюун санааны ертөнц шашны нөлөөн доор л байсан билээ. Түүгээр ч үл барам өнөөдөр гэхэд л шашны ухамсар дахь зөрөө, ялгаа нь харамсахаар үр дагаварт хүргэж олон сая хүний амь насыг бүрэлгэж, олон зуун тэрбум долларын хохирол учруулсаар байна. Энэнийг яаж ч бодсон гэсэн зөвтгөх үндэс байхгүй. Энэ бол хүмүүн бус үйл хэрэг... 

Шашин, суртлын үндсэн дээр ард түмэн, улс үндэстнүүд хоорондоо байлдах нь үнэхээрийн том тэнэглэл. Иймээс энэнийг НҮБ-ын зүгээс шууд хориглох ёстой. Бүр хатуу хориглож буруутай этгээдүүдийг хүндээр яллах учиртай. Хомосапиенс буй болж, олон сүрэгт задарч, хэл яриа хөгжиж, бүлэг нэг бүрийн оюун санааны амьдрал, урамсарт элдэв ялгаа, зөрөө буй болсон эрт цагт мухар сүсэг нь элдэв өнгө аястай шүтлэг, бөө мөргөл, улмаар шашныг төрүүлжээ. Шашин бол үүсмэл, зохиомол, үнэн ба худлын хоорондох хийсвэр субъектив, уран сайхны бүтээл юм. Яг үнэн хэрэг дээрээ бол бурхан үгүй, чөтгөр үгүй, хойд нас үгүй, диваажин үгүй, там үгүй, бурхдын орон гэж үгүй. Тэр бүгд цөм хийсвэр төсөөлөл, субъектив дүр, зураг, уран сайхны бүтээл, бодит зүйл биш, байсан зүйл ч биш, буй болох зүйл ч биш... Мөнхүү хуурамчлал нь тухай тухайн нийгмийн шинж, чанараас хамааран элдэв янзаар илэрч, төр засгаар дэмжүүлж, заримдаа бүр илтээр луйвар, булхай, залилан мэхлэлтийн хэлбэрүүд болж ч илэрч, үйлчилж иржээ.

 

Жишээ нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах ажил нь цэвэр луйвар, залилан юм. Ийм мэхлэлт, заль анх Төвдөд үүсчээ. Төвдүүд энэ заль, мэхээ Монгол орны өнцөг булан бүрд тун ч гарамгай хэрэглэж чадсан байна. Төвдийн төр-шашны удирдлага Монголоос Далай ламын нэг дүр, Жавзандамба хутагтын хоёр дүрийг тодруулж туршиж дасгаад үлдэх бүх дүрүүдийг Төвдөөс, тэгэхдээ ихэнхдээ Далай ламын хамаатан садан, найз нөхдийн хүүхдүүдийг хойд дүрээр тодруулж монголчуудыг хууран мэхэлжээ.

 

Хойд дүрийн тухай, түүнийг хэрхэн тодруулж ирсэн тухай, ийм үзэгдлийн цаад учир, утга ба ашиг тус хэний хувьд юу байсан тухай жинхэнэ үнэн одоо тов тодорхой болоод байна. Энэ бол мухар сүсэг, сохор шүтлэгийг байнгад нэгэн шүтэх, сүсэглэх юмтай, хүнтэй, объекттой байлгаж өглөг, барьцыг үл тасалдуулан авч байх гэсэн тун ч зальжин луйвар мөн байжээ. Том хутагт, хувилгаадын хойд дүр тодрон заларсан сүм хийд бол сүсэгтэн олноос баялгийг хураах, саах “байнгын ажиллагаатай касс” болдог ажээ. Энэний төлөө л хойд дүрүүдийг үл таслан төрүүлж, сүр дуулиан ихтэйгээр залдаг байжээ... 

Сүм хийдүүдэд гүйцэтгэгдэж байдаг зарим нэгэн бурангуй зан үйлийг ч гэсэн өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй байна.

 

х           х          х

 

Лам болсон залуус хүний адилаар амьдарч, хүний эрхүүдийг эдэлж, иргэний үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч, ашигтай ажиллаж, үүний зэрэгцээ санваартныхаа нэр хүндийг ч мөн хадгалж явж чадахуйцаар сүм хийдийн дэг журам, ёсзүй, сахилга, хариуцлагыг тогтоох, дээшлүүлэх шаардлага тулгамдсан зорилт болоод байна. Шашны хэрэг эрхлэх газар, элдэв холбоод, сүм хийдүүдийн удирдлага, хамба, гэсгүй нар цаг нь хэдүй нь болчихоод байгаа өөрчлөлт, шинэчлэлтийг хэрхэн яаж хийх талаар судалж, сэтгэж, санаачилж, шийдэж, туршиж байх үүргээ таг мартсан бололтой. Цаг өнгөрөх хэрээр л олон зүйлсийн зөрчил, дутагдал ар араасаа залган гарч нөхцөл, байдлыг улам хүндрүүлэх нь гарцаагүй билээ. Хурал, цуглаан, хэлэлцүүлэг зохиож, туршлага судалж, зөв зүйтэйг олж, тодруулж, дэг жаягаа шинэчилж өнөөгийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байна. Энэ талын ажил ч гэсэн хариуцлагатай судалгаа, шинжилгээ шаардана. Энэ төслийн хүрээнд иймэрхүү ажил, зорилгыг ч мөн зарим талаар хэрэгжүүлэх боломжтой юм. Дээр дурдсан, цаг нь болсон, урьд өмнө нь хэн ч өмнөө тавьж байгаагүй олон асуудлыг авч үзэж, дөрвөн жилээр улируулан судалж, онолын болон практик зөвлөмжүүдийг агуулсан эрдэм шинжилгээний өгүүллүүд, монографи, хурлын материал (биеэ даасан ном, товхимол) зэргийг нийтэлж олны хүртээл болгоно. Манай төсөлд ШУ-ны олон салбарын судлаач эрдэмтэд, дээд зиндааны лам хуврагууд оролцох юм. Төслийн хүрээнд гүйцэтгэх судалгааны ажил нь ихээхэн өвөрмөцийн дээр судлаач бүрээс нарийн нямбай хандлага, бясалгал, ур чадвар шаардсан, тун ч амаргүй үйл ажиллагаа мөн болно. Иймээс бид нас, бие, эрдэм, бүтээл, идэвх, чадавх нь тэгширсэн гэгдэхээр 11 судлаачийг сонгон аваад байна.  

 

Судлаач, профессор Д.Чулуунжав