Аргагүй сонгуультай жил юм даа. Шинэ оноо угтахдаа хөгшчүүдийнхээ зээлийг тэглэсэн. Тэгвэл өнөөдөр зээлээр гадаад, дотооддоо суралцагчдын барьцаанд байгаа дипломыг чөлөөлөхөөр болж буй бололтой. БСШУСЯ-ны сайд Ё. Баатарбилэг өчигдөр Их хурлын даргад уг ажлыг хэрэгжүүлэх төслийг өргөн барив.

Дээд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй сурагч, оюутныг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр 25 жилийн өмнө “Сургалтын төрийн сан”-г байгуулж байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус сангаас 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авчээ.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байна. Гэвч одоогийн байдлаар 14,413 иргэний дээд боловсролын диплом 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна. 

Тэгвэл БСШУСЯ-ны сайдын өргөн барьсан төсөлд Гадаад, дотоодод сурсан зарим төгсөгчдийн сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлж, чөлөөлж, хүчингүй болгоно хэмээжээ. Тэгвэл хэний дипломыг зээлээс хөнгөлж ямар хүнийг нь төлбөрөөс чөлөөлх нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч  Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 1893 хүн байгаа юм. Уг нь зээлийг амжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй, өнжин зэрэг шалтгааны улмаас авах ёстой байдаг. Харин энэ зээлээс улс төрчидтэй холбоотой хүмүүс суралцсан талаар хэвлэлээр сөхөгдөж байсан удаатай. 1893 хүмүүсийн ихэнхи нь зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд байгаа билээ. Энэ нь боловсролын салбарт олон жилийн өмнөө дампуурал явагдсны нэг тод жишээ. Тухайн оюутантай хийсэн гэрээ эргэн харж хяналт тавиагүйн улмаас эзэнгүй диплом эхэссэн нь ойлгомжтой. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд байгаа үед олноор нь ингэж зээлийн төлбөрөөс чөлөөлөх нь хэр оновчтой вэ?

Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

Журмын төсөлд:

  • сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
  • зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
  • дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
  • эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
  • иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
  • сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна

Ардын хүүхдүүд суралцсан тохиолдол тун цөөн гэдгийг албан бус эх сурвалжууд онцолдог. Дээрх журмынхаа дагуу ардын хүүхдүүдийн дипломыг алаг үзэхгүй өгч чадах болов уу? Эсхүл төртэй холбогдсон нөхдүүдийнхээ чихдүүлж суралцсан диломуудыг нь өгөх үү.

Ийнхүү улс төрчид ээлжит шоугаа сонгуулийн идэвхитэй насны залуусыг онилжээ. Харин "бай"-гаа хэр зөв онох вэ гэдгийг харж л сууя.