“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  /2020.03.09/ 09:00 цагт эхлэх гэж байна. 

Дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч  Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган  НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Уг хэрэгт холбогдсон ч хилийн чандад эмчилгээ хийлгэж байгаа УДШ-ийн шүүгч Ц.Амарсайханы болон садангийнхаа дүүгийн гуйснаар хуурамч дүгнэлт гаргасан ШШҮХ-гийн албан тушаалтны хахуулийн үйлдлийг тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсон. Гэвч ШШҮХ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан дэд хурандаад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцх гэхэд оролцогчийн хүсэлтээр хойшилсоор байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.