Манай улсад коронавирусийн анхны тохиолдол болж бүртгэгдсэн Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэдийг тодруулан, шинжилгээ авч хариунууд эхнээсээ гараад байгаа билээ.

Өчигдрийн байдлаар эхний 23 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэдгийг өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Түүнчлэн нэгдүгээр хавьтлын 126 хүний шинжинлгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.