Берлин -Москва -Улаанбаатар нислэгээр 234 иргэн ирээд тусгаарлагдсан. Хил дамнасан иргэд орж ирж байгаа бүгдийг тусгаарлаж байгаа. Цэргийн төв эмнэлэгт өчигдөр хоёр цагийн дотор тусгаарласан.

Манай улс ДЭМБ-аас гаргасан судалгаанд үндэслэж бэлтгэл ажлаа хийж гүйцэтгэж байгаа. БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны эмчилгээндээ  хэрэглэсэн эмчийн жорыг авсан  гэдгийг Я.Буянжаргал хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 11-нд батлагдсан Франц иргэнтэй холбоотой 82 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин тусгаарлагдах хоног бол дуусах болоогүй байгаа. Мөн гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ нэг, Баян-Өлгийд нэг нийт тусгаарлагдсан хоёр иргэнд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаад тандалт, судалгаа хийгдэж байгаа.

Харин онгоцоор ирсэн иргэдийн гуравдугаар сарын 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирсэн нэг нийт гурван иргэнээс коронавирус илэрч, монгол хүн анх удаа коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.

Эдгээр иргэдийн ойрын хавьтал болох 111 иргэнийг тусгаарлаж, 62 иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын харьцагчдын хариу гараагүй байна. Түргэвчилсэн оношлуураар шинжилсэн. Эхний мэдээ болгож авах оношлуур бидэнд байгаа нь ажлыг хөнгөвчилж байна.

Нэг гуйх зүйл байна. Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол гарлаа гэхээр байнга утастаж ажлыг хөндрүүлж байна. Хариуг түргэн мэдээллээ гээд ямар ч ашиггүй, ачааллыг улам нэмэгдүүлдэг юм. Бид тогтсон цагтаа мэдээллээ нарийн шүүж, судалгаа, шинжилгээгээ нэгтгэж байж нэг урсгалаар мэдээллээ иргэддээ өгөхийг зорин ажиллаж байна. Хариу түрүүлж олонд мэдээлж яах гээд байгаа юм бэ. Ажилд улам дарамт үүсгэж, ачаалал нэмэгдэж байна. Клинк, тандалт, лаборатори гурав хамтарч нэг хүн шиг ажилладаг. Ийм их ажилтай байхад утсаар тодруулга авах гээд залгаад байгаа нь саад болж байгаа" гэлээ.

Дашрамд дуулгахад, дээрх коронавирус илэрсэн гурван иргэн 37-60 насныхан бөгөөд  хууч өвчинтэй, настай хүмүүс аж.