Шударга бусын хонгилд хэлмэгдэж 181 хоног хоригдсон Э.Төмөрбаатартай ярилцлаа.

-Та өөрийгөө танил­цуу­лаач?

 

-Би Дорнод аймагт төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 2007 оноос хувиараа бизнес эрхэлж буй Ардчилсан намын гишүүн, жирийн нэг залуу. Шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүсийн нэг.

 

-Зүгээр бизнес хийгээд явж байсан залуу яагаад 181 хоног хоригдох болов?

 

-2012 онд сонгуулийн компанит ажилд оролцож, СХД-ийн Ардчилсан намын штабт амжилттай ажилласан.

Түүний дараа аравдугаар сард нь сонгуулиар нэг баг болж ажилласан залуус маань “Нүүрс хөтөлбөр хэрэгжих гэж байгаа, 1000-аад ажлын байр бий болно, хамт ажиллаач” гэсэн саналын дагуу энэ хөтөлбөрийн зохион байгуулалтын ажилд оролцсон.

Арваннэгдүгээр сард гадагшаа яваад ирэхэд “Нүүрс” хөтөлбөр хэдийн хэрэгжээд явж байсан. Түүнээс хойш би энэ ажилд оролцоогүй, бизнесээ хийгээд явсан. Харин 2014 оны нэгдүгээр сард намын найз нар маань намайг тухайн үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай танилцуулж, Ерөнхий сайдын ажлын албанд ажиллах боломж олдсон. Төрд ажиллана гэдэг олдохгүй боломж, тиймээс ч зургаан сар ажиллахдаа би маш их зүйл сурсан. Гэтэл 2014 оны долдугаар сарын 29-ний өдөр гэнэт л машин дотроос маань баривчилаад аваад явсан. Ингээд АТГ сэжигтэн, яллагдагчаар татсан. Өмнө нь намайг дуудаж байцаасан зүйл байхгүй. Зарлан дуудах хуудас ч ирээгүй. Ямар хэрэгт яаж холбогдуулаад байгааг нь мэдэхгүй л гэнэт сэжигтэн яллагдагч болоод гэрээ хүртэл нэгжүүлсэн. Өвчтэй ээжийг минь хэвтэж буй ортой нь өргөж байгаад л манай гэрийг нэгжсэн. Тэгээд л шууд 60 хоног цагдан хорино гээд Ганц худагт хүргэсэн. Ингээд нийт зургаан сар буюу 181 хоног хоригдож, 2015 оны нэгдүгээр сарын 26-нд гарч ирсэн.

 

-Ямар нэгэн үндэслэлтэй болоод цагдан хорино биз дээ? АТГ хуулийн дагуу ажиллана шүү дээ?

 

-Тэдний хэлж байгаа үндэслэл нь “Нүүрс” хөтөлбөр. Одоо ч бүгд ил болсон доо. Шуудхан хэлэхэд Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах ажиллагааны золиос нь болсон хүмүүсийн нэг нь би. Гэхдээ өөрт тань юу болсныг ярих нь зөв байх. Анх АТГ “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор  тэнд ажиллаж байсан хүмүүсийг байцсаан юм билээ. Тэр явцад Э.Төмөрбаатар гэдэг хүн намайг энэ ажилд оруулсан, санал болгосон гээд олон хүн миний нэрийг хэлж. Тэгээд л Э.Төмөрбаатар хэн бэ гээд судалсан чинь Ерөнхий сайдын ажлын албанд ажилладаг залуу болж таарахгүй юу. Тэгээд л автоматаар хамаатуулсан нь энэ. Бас дээр нь тухайн үед бизнес хийж байсан нь хардах нэг шалтгаан болсон.

 

-Яагаад зүгээр бизнес хийж байсан хүнийг хардана гэж?

 

-Би чинь бизнес хийж байгаа хүн мөнгөтэй харьцана шүү дээ. Миний бүх дансыг шалгаж тулгаад харилцахаас бусад кассаар дамжсан бэлэн мөнгийг ч шалгасан. Миний 100 айлаас барилгын материал авч, урдаас бараа татдаг учраас Найман шаргаас юань авах зэргээр зарцуулсан мөнгийг “Н.Алтанхуягт өгсөн үү, Гансүхэд өгсөн үү” гээд л байцааж эхэлсэн. Намайг бүүр мөнгө угаах гэмт хэргийн зүйл заалтаар намайг хорьсон шүү дээ. Энэ заалт бол 2002 оны Эрүүгийн хуулийн 166’1.2 гэсэн зүйл анги.  Энэ зүйл ангийг зохиомол хэрэг үүсгэхэд голчлон ашигладаг юм билээ. Дансаар нь л мөнгө ороод гарсан бол мөнгө угаасан гээд хорьчихдог. Миний үзэж судалснаар шүүхийн мэдээллийн санд яг энэ зүйл ангиар ял эдэлж байгаа хоригдол Монголд байхгүй. Би хийгээгүй хэргийн буруутан болж, улс төрчдийн золиос болж зургаан сар Ганц худагт хоригдож гарч ирээд хуулийн мэргэжлээр сурч эхэлсэн. Одоо МУИС-ийн ХЗС-ийн эчнээ ангид сурдаг. Хүн ер нь өөрийгөө хамгаалахын тулд уншиж судалдаг юм билээ. Шоронд байхдаа ч би хуулийн олон ном уншсан. Тэр хэрээрээ тэнд буй эрх нь зөрчигдөж байгаа залууст ядаж л өргөдөл гомдлыг нь бичиж өгдөг байсан. Одоо шулуудсан. Хууль бус хэрэг тулгадаг хонгилынхонтой үзэлцэнэ ээ.

 

-Ганц худагт хоригдож байх хугацаандаа дарамт шахалт амссан уу. Их л хэцүү газар гэж дуулддаг?

 

-Шоронд байгаа хүмүүсийг их аймараар төсөөлдөг юм шиг байгаа юм. Тэд чинь адилхан л хүмүүс. Эрхээ л хязгаарлуулсан болохоос биш. Бие биеээ дарамтлаад байдаггүй. Харин хонгилынхоны дарамт их шүү. Намайг цагдан хоригдсоноос хойш 96 хоногийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон. Тэр хүртэл АТГ-аас над дээр 12 удаа ирсэн. Гэхдээ нэг удаа л албан байцаалт авсан. Үлдсэн 11 удаа нь өөрсдийн бэлдэж ирсэн асуулт, хариултыг зөвшөөрүүлэх гэж намайг дарамталдаг байсан.

 

-Ээжийн чинь бие гайгүй юу?

 

-Ээж маань бурхан болсон. Намайг гарч ирэхэд бие нь бүүр муудсан байсан. Ганц худгаас гарч ирээд ээжийгээ аваад гадагшаа явж үзүүлье, эмчлүүлье гэж бодсон ч хилийн хориг тавиад гаргаагүй. Ээжийгээ үзүүлээд ирье гээд гуйхаар өөдөөс дарамталдаг байсан. Надаас болж бие муу ээж минь сэтгэл санааны дарамттай байсаар өнгөрсөн дөө.

 

-“Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал хэвлэл мэдээллээр шууд дамжуулагдаж, тухайн үед хүн бүрийн анхаарлыг татаж байсан. Тэр шүүх хурал дээр өөрийг чинь хараагүй?

 

-Хүмүүс гайхах нь зөв.Анх намайг буруутгаж хорихдоо “Нүүрс” хөтөлбөрийн мөнгийг угаасан гэж хорьсон. Гэтэл шүүх хурал нь болоход намайг дуудаагүй. Тэгэхээр нь би АТГ-ын Золжаргал мөрдөгчтэй уулзаад “Намайг холбогдуулсан хэргийн шүүх хурал нь болж байна. Намайг цагаатгасан юмуу, эсвэл тулгаад байсан хэргээ хэрэгсэхгүй болгосон юм бол албан бичгээр хариугаа авъя” гэсэн чинь “Чи дуугүй байж бай. Чамайг татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаж байгаа, аятайхан байхгүй бол дахиад цагдан хорино шүү” гэж дарамталсан. Тэгээд л таг болсон.

 

– “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт хамаагүй болсон гэсэн үг үү? Татвараас зайлсхийсэн гэсэн шинэ хэрэг үүсгэсэн юм уу?

 

-Тийм.  Хэргийг тусгаарлаж шинэ хэрэг үүсгэсэн гэсэн үг. Нүүрс хөтөлбөрт буруутан болгох гэж үзээд чадаагүй. Тиймээс ичсэн нүүрэндээ ямар нэг хэрэг тохох гэж улайрч бодож олсон нь татвараас зайлсхийсэн гэсэн хэрэг. Ер нь би бол улс төрийн хэрэгтэн шүү. Ингээд Нүүрс хөтөлбөрийн шүүх хурал болсноос хойш АТГ таг болчихсон. Харин 2016 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуяг гэдэг хүн Шударга бусын хонгилын эзэн бол Цахиагийн Элбэгдорж гээд зарлачихсан. Гэтэл маргааш нь намайг АТГ дуудаж дарамтлаад таг болсон.  Удаа ч үгүй 11 сард нь өнөөх Н.Алтанхуяг сайд “Би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж мэдээлэл хийсэн. Маргааш нь ахиад л АТГ намайг дуудсан. Дараа нь 2017 оны нэгдүгээр сард АН-ын даргын сонгууль болоход Н.Алтанхуяг гэдэг хүн нэр дэвшинэ гэхэд нь АТГ дээр дуудаж байцаасан юм билээ. Тэр үед ч намайг бас л АТГ дуудсан. Ингээд харахаар Н.Алтанхуяг гэдэг хүнийг дуугархаар л АТГ намайг дууддаг байгаа биз. Би одоо тэдний барьцааны хүн аяатай л байсан.  Намайг байнга дуудаад шалгаад байхаар Н.Алтанхуяг даргад ч дарамт болж байсан байх, нэг гэмгүй залуу өөрөөс нь болоод байнга шалгуулж дуудагдаад байхаар ямар олиг байх вэ дээ. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш намайг дуудахаа больсон. Сүүлдээ би өөрөө АТГ дээр очиж “Хэргээ нэг тийш нь шийдүүлэе”, гэхэд “Шийднэ ээ” л гээд таг болдог. Энэ нь нөгөө хонгилын эзэн Ц.Элбэгдорж гэдэг хүн албан тушаалгүй болохоор хонгил нурахын эхлэл болж тэд ер нь зөөлөрсөн. Зөөлөрсөн ч гэж бас хуультай улс байна даа юм бодоцгоосон биз.

 

-Одоо тэгээд таны хэрэг ямар шатанд яваа юм?

 

-Хэрэг ч гэж дээ хэлмэгдүүлэлт үү. Ер нь бантан болсон. Анх мөнгө угаах зүйл ангиар буруутгасан дараа нь татвараас зайлсхийсэн болгоод сүүлдээ төрийн өндөр албан тушаалаа ашигласан гэх зүйл ангиар яллах гэсэн. Миний төрийн өндөр албан тушаалтан гэж юу байх вэ дээ. Би төрд 6 сар ажиллаж, шоронд 6 сар хоригдсон л хүн шүү дээ. Сүүлд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас сар хагасын өмнө шүүхэд шилжүүлээд, хохирол байхгүй, хугацаа нь дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. АТГ, прокурор дээр шийдэж амжаагүйгээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусвал тэд өөрсдөө асуудалд орно, шүүх рүү шилжүүлчихье гэхээр буруугүй нь тогтоогдчих гээд байсан учраас хугацааг нь тулгаж шүүхрүү шилжүүлсэн. Би буруу зүйл хийгээгүй, гэмт хэрэг үйлдээгүй учраас цагаатгуулах гомдол гаргасан, одоо шүүхийн шатанд явж байгаа.

 

-Та бол хонги­лын эзнээр экс Ерөн­хийлөгчийг нэрлэчихлээ. Яаж холбоод байгаа юм?

 

-Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл ил болж байна. Хэн нь хэний хамсаатан байсан гээд ус тос нь ялгарч байна шүү дээ. “Шударга байцгаая” гэж сонгогдсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболд гэсэн хоёр хүний зохион байгуулалтаар МАНАН бүлэглэлийн хийсэн хууль бус зүйлүүдийг та бид 2 нэрлэж дуусахгүй болчихоод байна шүү дээ. Ц.Элбэгдорж нь юун хууль шүүхийн өмнө зогсох гадагшаа зугатаад явчихсан. М.Энхболд гэдэг хүн УИХ-ын даргаас буугаад л алга болсон. Баттулга Ерөнхийлөгчийн маань хэлснээр шударга ёс тогтож байгаа бол хонгилыг нурааж хонгилын эзэд хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Ер нь бол шударга бусын хонгилын эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд бөгөөд гүйцэтгэх захирлаар АТГ-ын дэд дарга Б.Хурц гэдэг хүн ажилладаг. Түүний ажилтнууд нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал, АТГ-ын комиссар Золжаргал нар гээд үргэлжилнэ. Улс төртэй холбоотой томхон хэргүүд бүгд энэ хоёр хүний гараар дамждаг.  С.Зориг агсны хэргийн хяналтын прокурор Батжаргал байсныг та нар санаж байгаа байх. Монголд өөр прокурор байхгүй юм уу. Шударга прокурорт оччихвол болохгүй учир л гар хөлүүдээ ашиглаад байгаа юм.

 

-Энэ хонгил хэзээ үүссэн юм?

 

-2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш дахин сонгогдох буюу эрх мэдлээ удаан хадгалах, улсын хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа авах зорилгоор нам дамнасан бүлэглэл байгуулж М.Энхболдтой хамтарсан. Яагаад гэвэл 2017 оны сонгуулиар М.Энхболдыгоо Ерөнхийлөгч болгох гэж МАНАН бүлэглэлийнхэн сүүлчийн амиа тавьтал үзсэн ч монголчууд зөв сонголт хийж Х.Баттулга гэдэг хүнийг сонгосноор МАНАН бүлэглэл дээрээсээ эхэлж нурж, би ингээд яриад сууж байна. Эд нар төрийн эрх барьсан найман жилийн хугацаандаа шат шатандаа өөрсдийн бүлэглэлийн хүмүүсийг байршуулсан байна. Тэдний ил байгаануудыг дээрээс нь эхэлж сольж байна. Харин над шиг шударга бусын хонгилоор явсан, хэлмэгдсэн, эрүүдэн шүүлгэсэн, хилс хэрэг хүлээсэн залуус эдгээр хүмүүсийн нэрийг зарлах ёстой. Тиймээс би эдгээр хүмүүсийг зарлалаа. Энэ нь өс санасандаа бус эдгээр эрх мэдэлтний гар хөл болсон хууль завхруулагчид хууль хүчний байгууллагад байх ёсгүйг, бусад шударга сайн залуус мэдэж аваг гэж бодсон юм. 

Энэ шударга бусын хонгил нь 2009 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хорьж цагдан, хэлмэгдүүлснээс эхлэлтэй. Ц.Элбэгдорж нэг өрсөлдөгчөө ийн дарж авчихаад 2014 онд дараагийн Ерөнхийлөгч болох магадлалтай Н.Алтанхуяг гэдэг хүнийг бас хүчээр дарсан.

Үүнд нь олон залуус хамт хэлмэгдсэн. Дараа нь 2016 онд Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрч, Шижир гэдэг залууг нь барьж хорьсон. Ингэж өрсөлдөгчдөө намнадаг аргатай, хонгилтой хүмүүс. Одоо болохоор Хонгилынхны ойрын хүмүүс хонгил байхгүй гэж мэлзээд байгаа. Ц.Элбэгдоржийн хүрээлэлийнхэнд л хонгил байхгүй байх.

 

-Залуус гэснээс “Нүүрс” хөтөлбөрийн улмаас хоригдож шүүхээр шийтгүүлсэн нэг эмэгтэй лав цагаадсан. Бусад нь яасан бэ?

 

-Надтай цуг шалгагдаж байсан Мөнгөнтуяа гэдэг эмэгтэй 186 хоног хоригдоод буруугүй нь тогтоогдож цагаадсан. Тэгээд төр буруугаа хүлээж 38 сая төгрөг өгсөн. Надтай цуг ажиллаж байсан Батхуяг гээд залуу  90 хоног хоригдоод бас цагаадаж улсаас нөхөн олговор авсан. Харин энэ залуусыг хэлмэгдүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч нар ямар ч хариуцлага хүлээгээгүй одоо ч ажлаа хийсээр л байна. Залуу хүнийг 6,7 сар хорьчихоод уучлаарай буруу шийдсэн байна гээд хэдэг төгрөг өгөөд явуулж болохгүй биз дээ.

 

-Таны энэ хэлээд байгаа нэрс чинь том л хүмүүс байна даа. Дахиад дарамт шахалт ирнэ гэж айж байна уу?

 

-Дарамт шахалтаас бол айхгүй байна. Харин Шударга бусын хонгилынхны гар хөлүүд одоо ч шат шатандаа байгаа. Энэ хонгилоор явсан, хохирсон хүмүүс л зориг гарган тэднийг зарлаж хонгилыг нураана. Тэд нартай тэмцэхийн тулд би хэлэх ёстой. Намайг дуугараад эхлэхээр өөр олон хүмүүс ч ярьж эхлэх байх. Нэгдэх ч биз.

 

-Шударга бусын хонгилыг нураах, зогсоох ямар шийдэл байна вэ?

 

-Шүүхийн хяналтын зөвлөлд сэтгүүлч, хэлмэгдсэн хүмүүсийн төлөөллийг оруулах, Прокурорын ёс зүйн зөвлөлд иргэд төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах, Шүүгч, прокурорын томилгоог улстөрчдөөс холдуулах, тусгай субъектын гэмт хэргийг шалгадаг нэгжийг бий болгох ажлуудыг хийвэл хонгил цэгцрэх болов уу. Миний хувьд хонгилтой тэмцэх хамгийн боломжит арга бол шударга бусын хонгилын эздийг, ажилчдыг нэрлэж, болсон явдлыг үнэнээр ярих юм.

 

-Залуус одоо гэрэл асааж өөрчлөлт хийх цаг болсон гэх хүмүүс олон байна. Та цаашид өөрийн дуу хоолойг ямар түвшинд хүргэх бодолтой байна?

 

-Би сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ УИХ-ын гишүүн болно гэдэг миний туйлын зорилго биш. Хэлмэгдсэн залуус дуугарч хөдлөхгүй бол МАНАН бүлэглэл өөрсдөдтэйгээ өрсөлдөөд хэн нэгийгээ УИХ-д гаргах гээд байна. Тэднийг дахин төрд гаргахгүйн тулд шударга үнэнийг хайж байгаа олон залуус нэр дэвших хэрэгтэй байна. Тиймээс би хонгилын гүйцэтгэх захирал Б.Хурцтай өрсөлдөнө. Сонголтгүй сонгуулийг сонголттой болгох зорилготой.

 

 

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин