Төв талбайн ногоон байгууламж руу “морь харсан” гэдгээрээ алдаршаад байсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг шалгаж байгаа юм байна. Тэднийг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, Д.Нэмэхбаяр нь нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авсан. Бүр тодруулбал Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Улмаар хэргийг шүүүхээр хэлэлцээд дахин мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч хэргийн шүүхэд шилжүүлсэн юм. Гэсэн ч удаа дараа хойшилсны эцэст Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг 2020-02-11-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. Улмаар талбайн ногоон байгууламж руу “морь харсан” Д.Нэмэхаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнийг гэм буруутай гэж шүүхээс үзсэн юм.

Д.Нэмэхбаяр нь

 Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Нийслэлийн өмчит боловсролын сургуулиудын цайны газрын түрээслэгчдийн түрээсийн гэрээний биелэлт, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласны хариуд

  • Баянгол дүүргийн “Монген” сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал Ж.Хэс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ш.Төгөлдөрийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,
  • Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Буянтулга арвижих” ХХК-ийн захирал Д.Дээс түүний дүү М.Октябрийн дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 200.000 төгрөгийн хахууль авсан,
  • Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Батнансал” ХХК-ийн захирал О.Сувд-Эрдэний эх М.О-аас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан,
  • Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Инж-Ану” ХХК-ийн захирал ажилтай Э.Эгаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөгийн хахууль авсан,
  • Нийслэлийн 41, 92, 71 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агруу Ар хуст” ХХК-ийн захирал Х.Бы өмчлөлийн 91-60 УНН улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд ашиглах хэлбэрээр хахуульд авсан,
  • Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агаржин” ХХК-ийн захирал Б.Ноос 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг хахуульд авсан,

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдтэй бүлэглэн

  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Эээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн өмчийн газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

Н.Раднаасэд  нь  

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд ганцаараа Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрын түрээсэлдэг “Юнирүүтс” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг Д.Эаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дансаар 800.000 төгрөгийн хахууль авсан. Мөн Д.Нэмэхбаяртай хамт хахууль авсан байна.

Харин Д.Нэмэхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Яллах дүгнэлтэд дурдсан мөнгөнүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад хасагдсан. Миний дансанд хүмүүсээс мөнгө орсон нь үнэн. Гэхдээ энэхүү мөнгийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж аваагүй. Учир нь тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учир эдгээр хүмүүсээс аваад буцааж өгнө гээд зээлж мөнгө авсан. Би түрээсийн гэрээний төслийг бэлтгэж газрын даргын тушаалд заагдсан газруудын драптыг бэлтгэдэг байсан. Харин гэрээг хянасны дараагаар гэрээг батладаг тул надад гэрээг батлах эрх байхгүй...” хэмээн өөрийгөө өмөөрсөн байна.

Харин тэдэнд хахууль өгсөн хүн шүүх хуралдаанд өөр тайлбар хийсэн юм. Тодруулбал,

  • О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Раднаасэд болон Нэмэхбаяр нар нь надаас мөнгө авахдаа дарамталж авсан. Учир нь Нэмэхбаяр байранд засвар хийчихээд ирээрэй гэсэн. Тэгээд байранд 4.000.000 гаруй төгрөгийн өртөгтэй засварыг хийсэн байхад “гэрээг дараа хийнэ” гээд Нэмэхбаяр буцаасан. Гэтэл хэд хоногийн дараа Раднаасэд намайг “ирж уулз” гэж хэлсэн. Тухайн үед Раднаасэдийг танихгүй учир Нэмэхбаяраас асуухад манай ахлах мэргэжилтэн гэж танилцуулсан. Ингээд Нэмэхбаяр нь “энэ асуудлыг бид 2 зохицуулах учир тус бүрт 1.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан тул цувуулж мөнгийг өгсөн....” гэжээ.
  • Ж.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нэмэхбаяр нь ирээд “өмчийн харилцаатай холбоотой харилцаагүй байна. Яагаад ажиллаад байгаа юм бэ гэрээ сунгахгүй цуцална” гэж дарамталж эхэлсэн. Би үдийн цайны сонгон шалгаруулалтанд оролцдоггүй болохоор энэ талаар хамаагүй гэж бодож байсан. Надаас анх 500.000 төгрөг аваад 2017 онд 200.000 төгрөг авсан. Сүүлд нь 500.000 төгрөг нэхэж авсан. Нэмэхбаяр нь түрээс хариуцсан мэргэжилтэн бөгөөд гэрээ байгуулахад оролцдог болохоор намайг ажилгүй болгочих байх гэж бодоод мөнгө нэхэхээр нь өгдөг байсан...”
  • М.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэмэхбаяр нь 2017 оны 10 дугаар сард над руу “та надад хэдэн төгрөг өгөөдхөөч” гээд ярихаар нь манайхыг хариуцсан мэргэжилтэн болохоор нь үгүй гэж хэлж чадаагүй. Данснаасаа 500.000 төгрөг шилжүүлж өгсөн...”
  • Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэмэхбаяр “би гэрээг чинь байгуулж сунгаж өгсөн шүү мөнгө өгөөрэй” гээд надад дансаа өгсөн. Гэрээг маань өгөхгүй бол би ажилгүй болно гэж айсандаа 200.000 төгрөг шилжүүлчихсэн...”
  • Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээг сунгах асуудлыг Нэмэхбаяр шийдвэрлэдэг. Нэмэхбаяр гэрээ байгуулахдаа удаад боож хаагаад байгаа юм шиг үйлдэл гаргаад байдаг. Би байрны лизингтэй учраас ажил орлогогүй болно гэдгээс айгаад мөнгө өгсөн. Би 1,5 сая төгрөгийг 2 хуваагаад 2 удаа өгсөн...” гэх зэргээр хахууль өгснөө хүлээсэн байна.

 

Тиймээс хахууль авсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нэмэхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Н.Раднаасэд нар Эрүүгийн хуулийн 22.4.2, хахууль өгсөн сургуулмийн цайны газруудын хүмүүст Эрүүгийн хуулийн 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нэмэхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Н.Раднаасэд нарыг гэм буруутайд тооцсон.

Улмаар Дэмэхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 27.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Мөн Н.Раднаасэдийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Энэ бол эцсийн шийдвэр мөн эсэх нь шүүх хуралдаанд оролцогчдоос хамаарах юм. Хэрвээ шүүх хуралдаанд оролцогчид давж заалдах юм бол энэхүү шийдвэр өөрчлөгдөх болон хэвээр үлдэх магадлалтай. Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.