Хэр чадлаа мэдэж аливаад хандахын гоо сайхан

“Малын ясыг хүн тас хазаж зажилж жижиглээд залгиж чаддаггүй. Тийм болохоор ясыг сайн мөлжөөд л орхидог. Энэ бол хэр чадлаа мэдэж буйн нотолгоо. Бүх зүйлд л энэчлэн хандваас зохилтой” хэмээсэн сургаал бий. Ухаалаг, боловсролтой, ёс зүйтэй, даруу, түвшин хүн энэхүү сургаалыг дагаж, сахиж чаддаг. Өнгөн хөөргөн, хэр чадлаа үл ухаарах явдалтан ингэж үл чадсанаас ямагт л бусдын доог тохуу, онигооны баатар болсоор байдаг. Сүүлийн 30 жилийн дотор тийм баатруудын тоо мөн ч их өслөө. Улс төрийн намуудын удирдлагад, УИХ-д, Засгийн газруудын бүрэлдэхүүнд заль мэх, луйврын аргаар шургалж чадсан тийм хүмүүсийн зам, мөр, үйлс дандаа л хар, сөрөг байсан нь илчлэгдлээ шүү дээ. Одоо гэхэд л бусармаг үйлдлээрээ, мэдлэг чадваргүйгээрээ, авилга, албан тушаалд шуналтаж явдгаараа онигооны баатар, нэгэн насаараа зүүх хочтой болсон хүмүүсийн тоо нэг зуу орчим болчихоод байна. Зарим нь дахиад л улстөр рүү зүтгэж эхэллээ. Тийм хүмүүсийг “Улстөрийн амьд хүүр” хэмээн нэрлэх нь ч буй....

 

1999 оноос эхлээд 20 жилийн туршид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, бүр шинэ Үндсэн хууль батлах гэсэн кампанит ажил тун ч өргөн хэмжээнд өрнөлөө. Ийм санаа сэдэл, оролдлого бол угтаа муу зүйл ер биш л дээ. Аль ч оронд байдаг л үзэгдэл. Энд би уг ажлыг биечлэн оролцож хийх гэсэн хүмүүсийн талаар л ерөнхийд нь цөөн зүйлийг анхааруулж хэлэх гэсэн юм. 

 

Дурдсан 20 жилийн дотор нийтдээ 10 орчим комисс томилогдож ажиллаж байлаа. Нийт бүрэлдэхүүн нь 100 гаруй хүмүүс гэсэн үг. Тэдний дунд Монгол улсын Үндсэн хуулийг мэргэжлийн багшаар заалгаж, тайлбарлуулж дунд сургуульд ч үзээгүй, их дээд сургуульд ч үзээгүй, өөрөө санаачлаад 1960 оны Үндсэн хууль, 1992 оны Үндсэн хуулийг бие даан үзэж судлаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар ямар ч урьдчилсан бэлтгэл, боловсролгүй хүмүүс 80 гаруй хувийг нь эзэлж байв. Аливаа ажлыг гүйцэтгэхэд мэдлэг боловсрол, дадлага туршлага заавал хэрэг болдог доо. Гэтэл энэ талаар юу ч үгүй хүнийг томилж болох уу? Юу ч үгүй хүн оролцохыг зөвшөөрч болох уу?

Үндсэн хууль бол заавал байх бүрэлдэхүүн хэсгүүдтэй, хэсгүүд бүр нь ойр хоорондоо ягшмал амьд холбоотой, бүхэлдээ бол тодорхой онол, үзэлд захирагдсан цогцолбор шинжтэй, гол чухал заалтууд нь түүхэн уламжлалаас улбаатай, өнөөг бол яг таг тусгасан, тэр мөртлөө ирээдүйг бас угтан харж зөв баримжаалсан, үнэндээ бол онол, ухаан, туршлага, бүр нас дагаж ирдэг зөн, мэдрэмж, сурцыг шаарддаг тун ч ярвигтай бүтээл билээ. Үндсэн хуулийн дээрх шинж, чанарыг огт мэдэхгүй хүмүүс комисс томилж, бас огт мэдэхгүй хүмүүс оролцохыг зөвшөөрөх нь тун ч бүдүүлэг үйлдэл юм. 

Амьдарч байгаа нийгмийнхээ гол, тулгуур хуулийг үзэж судалсан, зөв ойлгосон, өөрөө эрхэмлэж сахидаг, өрөөл бусдаас сахихыг шаарддаг хэвшил, зуршилтай болгохын тулд бүр дунд сургуулийн ахлах ангиудад Үндсэн хууль гэдэг хичээл ордог, ахиулаад их дээд сургуулийн төгсөх ангид Үндсэн хуулиа ахиухан цагаар дэлгэрэнгүй заадаг улс орон олон буй. Манай улс ч 1960-1980 аад онуудад “БНМАУ-ын Үндсэн хууль” гэдэг хичээлийг хот хөдөөгүй 7-р ангийн 3,4-р улиралд шалгалт авдаг, авсан дүнг нь 7-р анги төгссөний гэрчилгээн дээр бичдэг байлаа. 7-р ангид “БНМАУ-ын Үндсэн хууль” гэсэн хичээл үзээд оны эцсээр “Улсын шалгалт” гэж нэрийдэн хатуухан шалгадаг сургуулиуд ч бас байсан юм шүү.

 

Одоо дунд сургуулийн 11,12-р ангид “Монгол Улсын Үндсэн хууль” гэдэг хичээл ( ядаж 12-р ангийн 4-р улиралд) үзэх нь чухал байна. Их дээд сургуулийн төгсөх ангид нилээд дэлгэрүүлсэн хөтөлбөрөөр дахин үзэх хэрэгтэй. Магистр, боловсролын доктор бэлтгэх сургалтын хөтөлбөрт ч Үндсэн хуулиар гүнзгийрүүлсэн сургалт, заавал өгөх ёстой шалгалттай болмоор байна.

 

Үндсэн хуулийн эрхээр дагнан мэргэшсэн, ном бүтээл туурвисан, эрдмийн зэрэг хамгаалсан, эрхийн философи, бодит эрх ба төрийн хуулиудын хамаарлын асуудлаар судалгаа хийдэг хүн өнөө гэхэд тун ч цөөхөн байна. Энэ талын ажлыг холбогдох яамдаас бодлогоор дэмжих санаачилгыг 30-аад жилийн туршид гаргахгүй байгаа нь хачирхалтай баримт юм. Ард иргэд улс оронд үйлчилж буй хагас мянга орчим хуулийг бүгдийг нь уншиж, судлаж чадахгүй. Гэхдээ насанд хүрсэн иргэд улсынхаа үндсэн хуулийг мэддэг, сахидаг байх нь чухал шүү дээ. 

1960-1980 аад онд 7-р анги төгссөн хүүхдүүд гэрчилгээний дүнгийн жагсаалтын номер 10-д “БНМАУ-ын Үндсэн хууль” гэж бий. Мөн тэр үеийн 10-р анги төгсөгчдийн гэрчилгээний номер 12-рт “БНМАУ-ын Үндсэн хууль” гэж байгаа. Энэ талаар бид ухарсан байгаа биз? Ардчилал гэдэг бол иргэн хүн ба төр хоёр хэн хэн нь Үндсэн хуулийн дагуу эрх эдэлж, үүргээ биелүүлэхийг хэлдэг билээ. 

“Улсын Үндсэн хууль” гэдэг хичээл заалгаж, шалгалт шүүлэг өгч эхэлсэн сурагч, оюутнуудаас л алсдаа энэ талын мэдлэг, мэдээлэл бүхий иргэн, мэргэжилтэн, судлаач, бүр шинэ Үндсэн хууль боловсруулахад оролцох чадавхтай хүмүүс төрж гарна биз дээ? Энэ талын ажил хаягдаж, мэдлэггүй хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд сууж байх болжээ. Хэр чадлаа мэдэж, тооцож байж аливаа чухал ажил, хэрэгт оролцох соёл бол тухайн улс орон, ард иргэдийн хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт, шаардлагыг ядаж улстөрийн намуудын удирдлага мэддэг, мөрддөг байвал зүгээрсэн.

 

 

Мэдлэг, чадвар муутай, дээр нь эх орноо, эгэл түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүсийн нэрийг дэвшүүлж УИХ-ын гишүүнээр сонгуулах нь ёс зүйгүй, ер нь л гэмт хэрэг юм шүү.

 

1960, 1970, 1980-аад онд Гэгээрлийн яамнаас хэрэгжүүлж байсан сургалтын бодлого, хөтөлбөр тухайн цаг үеийнхээ шаардлагад нийцтэй, чамлахын аргагүй чанар, агуулгатай, хичээл нэг бүрийг заах сургах цаг нь ч оновчтой хэмжээтэй байсан юм шүү. Байгалийн ухааны болон хүмүүнлэгийн ухааны хичээлийн харьцаа, хэмжээ ч боломжийн байжээ. Жишээ нь:  1959 онд бага сургууль (4-р анги) төгссөн хүүхдэд олгож байсан гэрчилгээнд Үндэсний хэл бичиг, тоо бодлого, түүх, газарзүй, байгаль, зураг, биеийн тамир, гар хөдөлмөр, дуу, унших гэсэн 10 хичээлээр сурлагыг үнэлсэн байв. Харин 1962 онд 7-р анги төгссөн хүүхдэд олгосон гэрчилгээнд хичээлийн тоо 17 болжээ. Жагсаавал : “Хэл бичиг( амаар), хэл бичиг ( бичгээр), утга зохиол, гадаад хэл, тоо бодлого, хэмжих ухаан, томъёоны ухаан, байгалийн шинжлэл, түүх, БНМАУ-ын үндсэн хууль, Монгол орны газарзүй, бодисын зүй, хувилахуйн ухаан, шугам зураг, мужаан, төмөрийн дархан, биеийн тамир” гэжээ. 1964 онд 10-р анги төгссөн хүүхдэд олгосон гэрчилгээнд хичээлийн тоо 20 болжээ. Жагсаавал : “Хэл бичиг, утга зохиол( Монголын), гадаад уран зохиол, гадаад хэл, тоо бодлого, томъёоны ухаан, хэмжих ухаан, гурвалжин судлал, бодисын зүй, одон орон судлал, хувилахуйн ухаан, БНМАУ-ын үндсэн хууль, БНМАУ-ын түүх, түгээмэл түүх, газарзүй, байгалийн шинжлэл, шугам зураг, биеийн тамир, машин судлал, цахилгаан техник” хэмээжээ. Өмнөхөөс харахад сурагчид 4-р ангид түүх үздэг, 7-р ангид түүх ба БНМАУ-ын үндсэн хууль үздэг. Харин 10-р ангид БНМАУ-ын түүх, түгээмэл түүх, БНМАУ-ын үндсэн хууль үздэг, эргэж давтдаг байжээ.  

Миний хувийн жишээ гэхэд хамгийн их сонирхдог, өөр номоос дэлгэрүүлж уншдаг хичээлүүд бол нийгмийн ухааны хичээлүүд байсан юм. 4-р ангийн багш Ж.Пүрэв, 7-р ангийн түүхийн багш Готов, БНМАУ-ын Үндсэн хуулийн багш Дарьсүрэн (эрэгтэй хүн), уран зохиолын багш Ядамсүрэн, 10-р ангийн хэл, уран зохиолын багш Хүрлээ, Сандуйжав нар маань мөн ч өргөн мэдлэгтэй, идэвхи чармайлттай хүмүүс байсан юм шүү. Дээрх хичээлүүдээр сурагчдын дунд уралдаан, хэлэлцүүлэг, бага хурал хүртэл зохион байгуулж шалгарагсдад алтан үсэгтэй сайшаалын үнэмлэх өгдөг байлаа.

 

61 жилийн дараа 4-р ангийн багшаа, 58 жилийн дараа 7-р ангийн багш нараа, 56 жилийн дараа 10-р ангийн багш нараа эргээд дурсахад тэд үнэхээр л багш шиг багш нар байжээ. Тэдний үнэлэх, дүгнэх нь тун хатуу, тавьсан шаардлагаа хэрхэн биелүүлснийг заавал эргэж шалгадаг, бурууд мөн ч нүд хурц, урамшуулах үгээ ч гайхалтай сонгож хэлдэг нь бахархмаар байдаг байв. 

 

30 жилийн хойно (1991 онд) Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд оролцож байхдаа Дарьсүрэн багшийн ихэд учирлан хэлж, хааяа хааяа эргэж заавал асуудаг байсан зарим зүйлийн ач холбогдлыг шинээр, өөр өнцгөөс дахин авч үзэж, бодолхийлэх нь сонин ч, сайхан ч санагдаж байж билээ.

Дэлхийн түүх, Монголын түүх, Үндсэн хуулийн асуудлууд намайг сүүдэр мэт дагасаар байлаа. Оюутан ахуй цагт минь, төгсөөд философи, социологи, төр эрхийн хүрээлэнд ажиллаж байхад минь түүх, хуулийн асуудлууд дагалдсаар, тэр талын мэргэжлийн томоохон төлөөлөгчидтэй миний бие танилцаж дотноссоор, мөр зэрэгцэн ажилласаар байв. 

Б.Чимэд гуай манай хүрээлэнгийн эчнээ аспирант болж хэлэлцүүлэх болсноор бид хоёр сайн танил, бүр найз нөхөд боллоо. Хамгаалахын өмнөхөн эрхийн философи, эрх ба төрийн хуулийн харьцааны асуудлаар бид хоёр хэд хэдэн удаа ярилцаж байв. Ер нь философи, нийгмийн философиор мэдлэггүй бол хууль, эрхийн асуудлыг үндэс сайтай ойлгох, шийдвэрлэх боломжгүй гэдгийг тэрээр тун сайн тооцож байж билээ. Бид уулзах болгондоо эрхийн философи, төрийн түүхэн хөгжилтэй холбоотой сэдвүүдээр ярилцдаг байлаа. Б.Чимэд гуай насныхаа сүүлчийн жилүүдийг ч манай хүрээлэнд ажиллаж өнгөрөөсөн юм. Философичдын дэргэд байх шаардлага улам л чухалчлагдах боллоо. Онол нь зөв байхгүй бол түүний хэрэгжилтэнд туслах хуулиуд зөв зүйтэй гарахгүй шүү дээ. Танай онол-аргазүйн семинарт 2 удаа оролцоод л би үүнийг сайтар ойлгосон юм гэж Б.Чимэд гуай хэлж байж билээ.

1991-1992 онд шинэ Үндсэн хууль боловсруулах ажил эхэлж байхад, бас ид явц дунд нь төрийн түүхээр мэргэшсэн Санждорж гуай, Улсын Бага Хурлын Орлогч Дарга байсан К.Зардьхаан гуай, Б.Чимэд гуай бид дөрөв олон ч асуудлаар санал солилцож, маргалдаж, заримдаа багахан муудалцаад авдаг ч байж билээ. Цаашдын хөгжлийн замын асуудлаар би тэр гурваас огт өөр бодолтой байв.

 

УИХ-ын гишүүдийн тооны асуудлаас болж би тэдэнтэй бараг долоо хоног үг дуугарахгүй байж ч үзсэн юм. Эцэстээ тэр гурвынхаар болж би энэ асуудлыг дахин сөхөхгүй гэж амлаж байлаа. Гишүүдийн тоотой холбоотой нууцыг, тэнд нуугдсан залийг өнөөдрийг хүртэл хэн ч мэдээгүй, задлаагүй л байгаа болно. Бага сургууль, 7 жилийн сургууль, 10 жилийн сургууль дамнуулан үзэж , заалгаж байсан зүйлүүд мартагдах нь тун ч бага байдаг юм шигээ...

Хүүхэд цагийн ой тогтоц хамгийн тод, балрашгүй байдаг бололтой. Чухам иймийн учир эх түүхээ, Үндсэн хуулиа, ардын аман зохиолоо, эх хэлээ дахин давтан гүнзгийрүүлэн үзэх бодлогыг Боловсролын яамныхан хатуу баримтлаасай. Монгол хүн, ардчилсан бие хүн, Монголын уламжлалт соёлын эзэн, субъект байхад энэ нь гол, чухал хүчин зүйл шүү дээ.

Сонгууль, сонгуулийн 76 гишүүд нь хэтэрхий эрээвэр, хурааврын дээр бараг 90 шахам хувь нь Монгол орны энэ өвөрмөц нөхцөл, байдалд яв цав тохирсон хууль боловсруулах, хэлэлцэж батлах чадамжгүй хүмүүс байсаар 28 жил боллоо. Ингэхлээр тэдний 90 хувиас нь жинхэнэ үнэт зүйл, мэдлэг, оюуны бүтээл гэхээр юм үлдэхгүй нь тодорхой болно.

 

Хэр чадвараа зөв ойлгох, зөв үнэлэхийн гоо сайхны үүднээс бол тэд улстөрийн хог, зарим нь бүр амьд хүүр юм. Хууль эрхийн шинжлэх ухаан, Үндсэн хуулийн эрхийн асуудлууд, эдийн засаг-төлөвлөлтийн асуудлууд, төрийн гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагааны онол ба урлагт, тэрчлэн төрийн түшээдийн хувьд биеэ авч явах ёс суртахуунд ер, огт суралцаагүй, шал өөр зүйлд өнгөрсөн бүх цаг, амьдралаа зориулсан хэрнээ гэнэт л УИХ-д нэрээ дэвшүүлээд булхай, луйвраар сонгогдож чадсан хүнээс 4-хөн жилийн дотор юу гарах юм бэ? Энэнийг нэр дэвшигч өөрөө ч ойлгож тооцдоггүй, бас хот хөдөөгийн сонгогчид ч ойлгож тооцдоггүй нь Монголын нэгэн эмгэнэл болно. Хэр чадлаа зөв ухаарах, үнэлэх, тооцохын гоо сайхны нэгэн жишээ татья.

 

Оскарт 3 удаа нэр дэвшиж байсан киноны супер од гэгдсэн Бред Питт 50 насныхаа босгон дээр өгсөн ярилцлагандаа улстөрийн амьдралыг ойлгох, санаа бодол нь улстөрд хэр үнэтэй байж болох талаар дараах хариултыг өгчээ. “Юу ярьж байгаагаа сайн мэдэж байж л дуугарах хэрэгтэй. Ярилцлагын үеэр надаас улстөрийн талаар асуухад би дургүй. Зарим сэтгүүлч надаас:

-Хятадын Засгийн Газар Төвдийн талаар ямар арга хэмжээ авбал зохистой вэ?гэж асуудаг. Би бол жүжигчин хүн. Найруулагчийн өгсөн зохиолын дагуу дүр бүтээдэг зүгээр л нэг жүжигчин залуу. Яг яс юман дээрээ би чинь ганган хувцас өмсөж нүүрээ буддаг залуугаас цаашгүй шүү дээ” ( Монгол "Ок" Сэтгүүл. 2013 он 12 сар. 01,45 дахь талд) гэж хариулжээ. Энэ хүн өөрийгөө хаана, ямар ажил хэрэгт тус болж чадахыгаа ойлгож, тооцож чаддаг, хэр чадлаа ухаарахын хувьд гоосайхан, бахархал төрүүлэхүйц эр мөн ажээ. Гэтэл манай улстөрчид гэгдсэн савангийн хөөснүүдэд хэр чадлаа ухаарах, гоо сайхны үнэр ч байдаггүй шүү дээ. Юуны ч талаар гэсэн бурж л байдаг. Ярьж буй нь 100 хувь худал, гэнэхэн, үнэний хувь ч үгүй... Гайхмаар, бас жигшмээр.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав