Аминдаа  ч, амьдралд ч огт хайргүй мэт харагдах хүмүүстэй бид нийслэлд цөөнгүй таардаг. Нэгшсэн эхиүн үнэр цоргиулсан,  дагь даарь болсон хувцастай, гол төлөв дух, шанаандаа халцарсан соривтой, биенээсээ ч  том шуудай үүрч явдаг тэднийг бид орон гэргүйчүүд, шил лааз түүгчид гэж хэлдэг.

 Сонгосон зам, харагдах байдал нь тэднийг “аминдаа хайргүй, хэзээ ч үхсэн яахав” гэсэн бодолтой явдаг мэт харагдуулдаг биз. Гэхдээ тийм биш аж. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг цар тахал дэлхийг айлгаж буй энэ цаг үед хүн бүр л амны хаалт зүүж, гараа угааж, өөрсдийгөө хамгаалж байна. Үүний нэгэн адил шил, лааз түүдэг иргэд дотор ч өдөрт олсон 5000 төгрөгнийхөө талаар нь маск худалдан авч өдөр бүр сольдог нь цөөнгүй гэнэ.

Харин шил лааз түүж олсон мөнгөөрөө хүүхэд, хамтран амьдрагчаа  тэжээдэг эмэгтэйчүүдийн хувьд  маск авах мөнгө илүү гарахгүй. Сүүлийн үед урд хөрш  хоёрдогч түүхий эд авахгүй байгаа учраас үнэ нь унасан. Хоёр, гурван шуудай шил лааз түүгээд ч өдрийн орлого 5000 мянган төгрөгнөөс дээш гарахгүй. Өдөрт олсон мөнгөөрөө жижиглэн буюу таван цул авна, ногооны захуудаас гологдол ногоо цуглуулна,  талх бол саналтгүй. Махны захуудад жижиглэн 1500 төгрөгт хүрчихсэн. Тэгэхээр нэг маск авах уу, нэг жижиглэн аваад хоногийн хоолтой байх уу гэдэг асуулттай өдөр бүр л  тулгарч байна.

Архинд амьдралаа алдсан, гудамжны замыг сонгосон, уранхай ноорхой хувцастай, хог түүдэг гэж тэд нийгэмд нүд үзүүрлэгддэг ч татах тамхи, уух архи, идэх хоолноосоо илүүчлээд маск авч зүүгээд л байна. Өдөр бүр шинийг авч сольдог нэгэн байхад нэг авснаа сэмэртэл нь зүүдэг нэгэн ч байна. Ямартай ч тэд бусдаас халдвар авчихгүй юм сан, бусдад халдвар тараачихгүй юм сан гэх бодол дотроо тээж явна. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН