Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн юм. 
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц харгис хэрцгийгээр хүнийг алах" гэмт хэрэгт яллаж, шүүхэд шилжүүлсэн.

Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед бид мэдээлж байв.

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж төлөвлөжээ.

Энэхүү шүүх хурал нь анх товлогдсон хугацаанаас хойш ес дэх удаагаа хойшилж байгаа нь энэ юм.