• Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг 2014 оноос хойш огт шинэчлээгүй
  • Асрах төвд үйлчлүүлж буй нэг хүний өдрийн хоолны зардал 5200-5800 төгрөг юм. Хоолны зардал зургаан жилийн өмнөхтэй ижил байна гэдэг утгагүй хэрэг

Тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл, садангүй, бие дааж амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг асрах төв улсын хэмжээнд 11 бий. Үүнээс найм нь төрөөс санхүүждэг бол гурав нь хувийн хэвшлийнх юм. Эдгээр байгууллагад тулгамдаж буй асуудал цөөнгүй ч төр анхааралдаа авч, ажил хэрэг болгохгүй байгаагийн улмаас 400 орчим үйлчлүүлэгч, 200 гаруй албан хаагчийн эрх ашиг, эрүүл, аюулгүй ажиллах боломж, нөхцөл зөрчигдсөөр буйг хөндөхгүй орхиж болохгүй юм. 

Нэг үйлчлүүлэгчийн өдрийн хоолны төсөв 5200-5800 төгрөг

Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг 2014 оноос хойш огт шинэчлээгүй байна. Асрах төвд үйлчлүүлж буй нэг хүний өдрийн хоолны зардал 5200-5800 төгрөг юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс, өдөрт нэмэгдэж байхад хоолны зардал зургаан жилийн өмнөхтэй ижил байна гэдэг утгагүй хэрэг. Зөвхөн махны үнэ л гэхэд 2014 оноос хойш дунджаар 4000 төгрөгөөр нэмэгдсэн. Ийм байхад, нэг таваг хоолны үнэ хүрэхгүй мөнгөөр ахмадууд бүтэн өдрийн турш өл залгаж байна. Харин засан хүмүүжүүлэх төвд ял эдэлж буй хүний өдрийн хоолны мөнгө 12000 төгрөг байдаг. Мөн асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эм тариа зайлшгүй шаардлагатай. Үүнд зориулж, сард 19000 төгрөг л төсөвлөдөг аж. Эрүүл мэндийн үйлчилгээ, эм тариа авахад энэ мөнгө хүрэлцдэггүй болохыг асрах төвийн албан хаагчид дуу нэгтэй хэлж байв. Түүнчлэн үйлчлүүлэгчийн олонх нь живх хэрэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бие даан бие засаж чадахгүй тусгай хэрэгцээт хүмүүс. Харамсалтай нь үүнд зарцуулах төсөв байдаггүй учир ахмадууд тэтгэврийн мөнгөнийхөө дийлэнхийг живх, катетр авахад зарцуулдаг байна. Тэдний хувцас, ахуйн хэрэглээний хангамж ч мөн хүрэлцээтэй биш. Чанар, стандартын талаар яриад ч хэрэггүй. Тухайлбал, хоёр жилд нэг удаа хөвөнтэй дээлээр хангах шаардлага тавьдаг ч үүнд 50000 төгрөг төсөвлөдөг байна. Материалын зардалд ч хүрэхгүй энэ ханшаар дулаан, дээл авах нь юу л бол. Гэтэл өнгөрсөн онд “Зөв амьдрах ухаан” ТББ-д төсвөөс 243 сая төгрөг олгох шийдвэр гаргасан. Асрах төвийн асуудал “булшлагдаж”, эмзэг бүлгийн олон иргэдийн эрх ашиг зөрчигдөж байхад жирийн нэг ТББ-д их хэмжээний мөнгө хандивлаж, хэнд, юунд зарцуулж байгааг нь судлахгүй байгаа нь учир дутагдалтай юм. 

Ашиглалтын хугацаа нь дууссан барилгад асрах төвүүд үйл ажиллагаа явуулж байна

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрөлжсөн ахмадын төвөөс хоёр нь л шинэ барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Харин бусад нь ашиглах хугацаа нь дууссан, элэгдэж, эвдэрсэн байранд амьдарч байгаа юм. Жилд урсгал зардалд 1-2 сая төгрөг төсөвлөдөг ч энэ мөнгөөр шавар, шохой, будаг, замаск солихоос хэтэрдэггүй байна. Энэ талаар говийн бүсийн асрах төвийн асрамж хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Алтангадас “Манай асрах төвийн барилга 1942 онд цэргийн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ашиглалтын хугацаа дууссан нь удаа дараа тогтоогдсон ч ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Бид сүүлийн гурван жил барилгаа шинэчлэх хүсэлт хүргүүлсэн. Энд үйл ажиллагаа явуулахад олон хүндрэл бий. Хана, тааз, шал барилгын стандарт хангадаггүй. Үүнээс гадна, аймгийн төвдөө байдаг ч төвийн дулаанд холбогдоогүй. Одоо хүртэл нүүрсээр галладаг” гэлээ. 

Гаднын улсад VIP асрах төв үйл ажиллагаа явуулдаг

Өндөр хөгжилтэй улсад асрамжийн төвийн үйл ажиллагаа VIP төвшинд хүртлээ хөгжсөн. Түүнчлэн, улсын асрах төвөөс  гадна бие даах чадваргүй иргэдийг харж, ханддаг хувийн байгууллага цөөнгүй. Өөрөөр хэлбэл, энэ салбар бизнес болтлоо хөгжсөн тул чанар, стандарт өндөр түвшинд байдаг. Мөн зарим улсын иргэд асрах төвийн төлбөрийг нь хөгширсөн хойноо төлөх гэж тэвдэлгүй, татварын сангаас нь бүрдүүлдэг аж. Тухайлбал, Японд 45-аас дээш насны иргэд сар бүр тодорхой мөнгө улсад төлдөг. Үүгээрээ тэтгэвэрт гарахдаа төрөлжсөн асрах үйлчилгээгээ авдаг аж. Тухайн хүн асрамжийн үйлчилгээ авахгүй эсвэл тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барсан тохиолдолд мөнгийг нь буцаан олгодог байна. Төлбөр төлж, аав, ээжийгээ асруулдаг VIP ахмад насны асрах төв манай улсад дутагдаж байна. Энэ асуудлаар асрамжийн газарт ханддаг хүн ч цөөнгүй аж. 

Асрах төвийн хашаанаас алхам холдох эрхгүй байх нь тэнэгрэх өвчин тусахад нөлөөлж байна

Батсүмбэрийн ахмадын асрах төвд үйлчлүүлж буй 160 гаруй хүний 140 орчим нь тэнэгрэх өвчтэй. Бусад асрах төвд ч ийм асуудал бий. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь сэтгэл гутрал юм. Ахмадууд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, асрах газарт “хашуулах” нь тэдний тархи, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ талаар ахмадын асрах төвийн нийгмийн ажилтан С.Гантулга “Ахмадуудыг дагуулж, нийгмийн харилцаанд оруулахыг хүсдэг. Үзвэр үйлчилгээ үзүүлж, дэлгүүр хоршоогоор дагуулаад явбал сайхан. Гэхдээ тийм боломж, хүн хүч байхгүй болохоор тэд шар байшингаа л тойрч, агаарладаг. Энэ нь сэтгэл зүй, тархи мэдрэлийн системд нь нөлөөлдөг байх. Энд ирэхдээ эрүүл байж байгаад сэтгэц нь өөрчлөгдсөн хүн цөөнгүй” гэлээ. Нийгмээс тусгаарлагдаж, ганцаардах нь тэнэгрэх өвчнийг хүндрүүлдэг учир настай хүнтэй үргэлж хамт байж, аль болох цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй болохыг Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. 

Асрах төвд ажиллах хүч дутагдаж байна 

Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Тухайн орон нутгаасаа ажиллах хүч бэлтгэхгүй л бол амаргүй болохыг “Ахмадын асрах төв”-ийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ. Тэрбээр “Сэтгэцийн өөрчлөлтөд орсон, харж хандах хүнгүй ахмадуудтай ажиллах хэцүү. Тиймээс залуучууд энэ ажлаас их халгадаг. Ялангуяа, хүмүүстэй тулж харьцдаг нийгмийн ажилтан, эмч, сувилагч нарт хүндрэл их бий. Орон тоо байдаг ч орж, ажиллах хүн олдохгүй юм. Тиймээс бид орон нутгаасаа боловсон хүчин бэлтгэж, ажиллуулах тал дээр анхаарч байна” гэлээ. Харин тус төвийн нэрээ нууцлахыг хүссэн сувилагч “Би энэ төвд ажиллаад 30 гаруй жил болж байна. Яг үнэнийг хэлэхэд, одоо надад банкны зээлээс өөр үлдсэн зүйл алга. Үр хүүхэд, хань ижилдээ цаг ч зарцуулах завгүй л зүтгэсэн. Би бүр сумын төвийнхөө хүмүүсийг ч танихгүй болтлоо энд шигдсэн байна. Залуучууд тогтохгүй байгаа нь аргагүй. Цалин багатай, цаг наргүй, ийм хүнд нөхцөлд ажиллахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Цалингийн зээлд “аргамжуулсан” бид л хаашаа ч хөдөлж чадахгүй байна” гэж ажлын нөхцөлөө танилцууллаа. Асрамжийн төвийн асуудлыг орхиг дуулж, төрийн бус байгууллагад мөнгө хаяж байгаа учир дутагдалтай байдлыг засах шаардлагатай бөгөөд төрдөө ч, үрдээ ч “хаягдсан” хөгшдөд тусламж, дэмжлэг үзүүлж, амьдрах нөхцөл, боломжийг нь сайжруулж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин