УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг урьдчилан таамагласан прогноз, судалгаа намууд дээр зөрүүтэй байгаа. Тухайлбал, МАН-ын судалгааны байгууллага УИХ-ын 76 суудлын 18-ыг АН, бусдыг нь МАН авна гэсэн өөдрөг тооцоо хийсэн бол АН-ынхан ч “Манайх ялна” гэцгээж буй.

Гэвч эдгээр нь дэндүү өөдрөг тооцоолол гэж бие даасан судлаачид үзэж байна. Тухайлбал, “Хоёр том намын рейтинг нийлээд 30 хувь хүрэхгүй байгаа. Тиймээс бие даагчид энэ сонгуульд урд өмнө үзэгдээгүй амжилттай байна. Бүр тодорхой хэлбэл 15 орчим бие даагч гарч ирэх боломжтой” гэсэн дүнг жил жилийн сонгуулийн прогнозыг нэлээд ханатай хэлдэг нэгэн судлаач гаргажээ.

2020 оны сонгууль 1990 оноос хойших долоон удаагийн сонгуулиас шал өөр, нэн сонирхолтой болох нийгмийн нөхцөл байдал үүссэн байна. Сүүлийн 30 жилд төр засгийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын рейтинг өнөөгийнх шиг шалдаа унасан тохиолдол байгаагүй. Эрх баригч намуудын нэр хүнд унасан нь том, жижиг гэлтгүй намуудад итгэл алдрах хандлагыг нийгэмд бий болгожээ. Сонгуулийн сурталчилгааны явцад МАН, АН-ын рейтинг өслөө гэхэд 40 хувиас хэтрэхгүй, хөвөгч сонгогчдод найдах аргагүй хатуу байр суурьтай болсон нь мөн судалгаагаар харагдаж буй гэнэ. Тэгэхээр сонгогчдын 60-70 хувь нь намуудын нэр дэвшигчийг бус, тэднээс бусдад саналаа өгөх магадлал өндөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр том намын рейтинг унасан, итгэл хүлээлгэхүйц хүчтэй гуравдагч хүчин тодроогүй энэ сонгууль бие даагчдад ээлтэй байж мэдэхээр байна. Өнөөгийн байдлаар Монголд сонгуулийн насанд хүрсэн хоёр сая гаруй иргэн бий. Тэдний 300 мянга гаруй нь намын гишүүнчлэлтэй, үлдсэн нь нам бус. Гишүүнчлэлтэй хэдий ч намдаа итгэл алдарсан нь бас цөөнгүй. Энэ нь бие даагчдад асар их боломж бийг харуулах өөр өнцөг.

АН-ын залуус ийшээ ирэхийг үгүйсгэхгүй нь. Бас нэгэн цагт АН-ын даргын алба хашиж, тус намаас Ерөнхий сайдаар томилогдож явсан эрхэм, Улсын ерөнхий прокурор асан эрхэм, эрх баригч намын хамгийн нөлөө бүхий хүн байсан ч өдгөө шахагдаад буй нэгэн гээд сонирхол татахуйц хүмүүсбие даагчдын эгнээнд нэмэгдэж мэдэхээр байгаа аж.

Нөгөө талаас, аль нэг нам, хэн нэг улстөрчөөс хараат улстөрчид Монголын төрд тулгамдаад буй асуудал болох намуудыг шинэчлэх, улс төрийг цэвэршүүлэх ажлыг эхлүүлэх сонирхолгүй нь сүүлийн жилүүдэд улам тод харагдах болсон. Өнөөгийн намуудад үнэт зүйл, үзэл бодол байхгүй, гишүүд нь засгийн эрх барьж, хөрөнгөжих, олсон хөрөнгөө хамгаалахын тулд нам болон тоглож буй. Энэ хоёр нам наанаа тусдаа улс төрийн хүчнүүд шиг харагддаг ч цаагуураа хүзүү сээрээрээ холбогдон Монголын баялгийг хуваан цөлмөж, иргэдийг басамжлан доромжилсоор буй нь нүдэнд ил байна. Тэд засгийн эрхэнд байх хугацаандаа өөрсдийн эрх ашгийг хамгаалсан, хөрөнгөө хамгаалсан хууль баталж, Монголын баялгийг цөлмөж байгааг ойлгохгүй хүн үгүй болсон. Ойрын жишээ нь, Оюутолгой, Тавантолгой, ЖДҮХС, 60 тэрбумын хэрэг. Хамгийн сүүлд л гэхэд, коронавирусийн хөл хорио Монголбанканд тушаасан алтны хэмжээ арав дахин нэмэгдсэн нь ямар их алт хулгайгаар хил давж байсныг ил болгов. Сүүлийн 30 жилд бидний бүтээсэн тогтолцооны байгаа царай энэ. Үүнийг таслан зогсоох, эмхэлж цэгцлэх сонирхол улстөрчдөд алга. Энэ бүхэн иргэдийн нүдэн дээр өрнөж буй учраас сонгогчид ууртай, уураа хоёр намд гаргахад бэлэн байна.
Намын гишүүнчлэлтэй улстөрчдийн хийж чаддаггүй ажлыг бие даагчдад итгэл хүлээлгэн даатгахаас өөр яах билээ. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөө ажиллах хүсэлтэй хүн байгаа бол тэр аль нэг намын далбаан дор нэр дэвшиж, хайрцаглагдсанаас бие даах нь дээр гэж үзэх хэсэг нийгэмд аль хэдийн бий болжээ. Үүнийг мэдэрсэн хэсэг нөхөд эвлэлдэн нэгдэж, бие даагчдыг дэмжих хөдөлгөөн байгуулахаар тодорхой түвшинд яриад, үүнийгээ албан ёсных болгохоор шийдсэн гэнэ. Энэ хөдөлгөөнд аль нэг намын харьяалалгүй эрдэмтэн судлаачид, Монголын нийгэм, улс төрийн сүүлийн 30 жилийн үйл явцад дүгнэлт хийсэн улс төр судлаачид хамрагдаж буй гэнэ. Тэдний зорилго нь бие даагчдыг нэр дэвшүүлэхээсээ илүүтэй аль нэг намын харьяалалгүй, тэдэнд худалдагдахгүй,  улс орны эрх ашгийг өөрийнхөөс дээгүүр тавьж чадах хүмүүсийг дэмжих ард түмний хөдөлгөөн өрнүүлэх аж.
Бие даагчдыг нэгтгэх хөдөлгөөн байгуулах сургаар ирж уулзах, нэгдэх сонирхлоо илэрхийлэх хүн ч цөөнгүй байгаа сурагтай. Албан бус мэдээллээр, сонгуулийн тойрог авахын тулд хэдэн зуун сая төгрөг төлөх намынхаа шаардлагыг эсэргүүцсэн, улс төрд мөнгө бус зарчим ярих ёстой гэсэн үзэл бодолтой АН-ын залуус ийшээ ирэхийг үгүйсгэхгүй нь. Бас нэгэн цагт АН-ын даргын алба хашиж, тус намаас Ерөнхий сайдаар томилогдож явсан эрхэм, Улсын ерөнхий прокурор асан эрхэм, эрх баригч намын хамгийн нөлөө бүхий хүн байсан ч өдгөө шахагдаад буй нэгэн гээд сонирхол татахуйц хүмүүс бие даагчдын эгнээнд нэмэгдэж мэдэхээр байгаа аж.
“2000 онд Л.Гүндалай бие дааж сонгогдоод, ганцаараа хэрнээ яаж хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ, 2012-2016 онд гурван бие даагчийн үг ямар жинтэй байж, “нохой шуугиулж” бужигнууллаа. Өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй хүмүүс бие даагаад гараад ирвэл аль нэг намын, хэн нэг албан тушаалтны үгээр хөдөлж, хайрцаглагдахгүй, жинхэнэ хүчтэй сөрөг хүчин болох боломжтой” гэж бие даагчдыг дэмжих холбооныхон ярьж буй. “Том намуудын аль нь ч олонх болоогүй үед хэдэн бие даагч гараад ирвэл бүлэг, зөвлөл байгуулж, хамтарсан засагт ч орох боломжтой. Ингэвэл МАНАН-г задалж, улс төрийг цэвэршүүлэхэд бие даагчид улам бодитойгоор хувь нэмрээ оруулна гэж одоогийн байдлаар тооцож буй аж. Ямартай ч бие даагчид энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг сонирхолтой болгохоор ирж явна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН