Шинэ коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоож, зарим наймаа эрхлэгчдэд тун их хүндрэл учруулаад буй. Тухайлбал, УОК-ын шийдвэрээр хэд хэдэн газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Өрхийн орлого эрс буурсан нь үйл ажиллагааг нь зогсоосон газруудтай шууд холбоотой. Тодруулбал, фитнесс, баар ажиллахгүй байгаа нь тухайн газруудад ажилладаг хүмүүсийн цалинг тавих чадваргүй болсон. Ингэснээрээ иргэдийн өрхийн орлого буурч, эргээд эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлж эхэлсэн билээ. Иймд Монголбанк иргэдийн хэрэглээ, төлбөрийн чадварыг дэмжих үүднээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлтэй иргэд гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөх боломжгүй болсон бол ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө харилцагч банкиндаа хүсэлт гаргах ёстой юм байна.

Харин харилцагч банк нь тухайн иргэнээс орлого нь буурсан эсэх нотлох баримт шаардахгүй бөгөөд гаргасан хүсэлтийнх нь дагуу ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг нь зургаан сараар хойшлуулж өгөх үүргийг Монголбанк арилжааны банкуудад хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 4.6 их наяд байгаа бөгөөд 97 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан аж. 

Түүнчлэн УИХ-ын байгуулсан ажлын хэсгийг зүгээс зургаа хүртэлх сараар зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй, зээлээ цаг тухай бүрт нь алдалгүй төлж буй иргэдийн авсан ипотекийн зээлийн 8 хувийн хүүнийх нь хоёр хувийн хүүг улсаас эргүүлж олгох санал гарчээ. Энэ санал УИХ-аар батлагдсан тохиолдолд хэрэгжээд явах боломжтой юм байна. 

Хамгийн чухал нь, Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн хөтөлбөрт санхүүжилт олгохоо зогсоох үүрэг амлалтыг Монголбанк авсан аж. Харин үүнийг коронавирусийн улмаас барилгын салбараа дэмжих зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтээ үргэлжлүүлэхээр болжээ. Ингэхдээ Монголбанк өмнө нь хэрэгжүүлсэн байсан зарчмын дагуу орон сууцын ипотект олгосон санхүүжилт зээлийн үндсэн төлбөрийг төлөлтийн хэмжээгээр ипотекийн хөтөлбөрөө цааш нь хэрэгжүүлэх боломжтой.  Гэхдээ энэ саналыг  УИХ батлах ёстой. Ирэх сонгуулиас өмнө УИХ-д батлах ёстой хоёр том ажил ийнхүү шийдлээ хүлээж байна.

Монголбанкны зүгээс  зээлийн тасалдал үүсгэхгүйн тулд мөнгөний бодлогын хүүгээ 9 хувь болгож бууруулснаа дуулгав.