ДЭМБ-аас хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлж буй анхаарал татсан  асуудлыг тухайн жилд сонгон зорилтот уриа болгон жил бүр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг 4 дүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриан дор зохион байгуулж байна.

Манай орны хувьд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахад хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар хачигт энцефалитийн 15 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдэж, 2 хүн нас барсан байна. Хачигт риккетсиозийн 35 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 тохиолдлоор нэмэгджээ.

Халдварын эх уурхай, дамжих зам

Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, тэдгээрийг хүн, мал, амьтдын цусыг сорохдоо дамжуулдаг байна. Цаг уур, газар зүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4, 5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитийн вирус, боррелиоз, риккетсээр халдварлагдсан байдаг.

Шинж тэмдэг

Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалгын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрдэг.

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудаас дараах ЗӨВЛӨМЖ-ийг өгч байна.   

 А/ Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх;

Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх;

Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях;

Үргээгч бэлдмэл /түрхлэг, тос, аэрозоль гэх мэт/ хэрэглэх;

Голомттой газарт явахдаа мал, амьтны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;

Б/ Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

Ой мод бүхий нутагт зорчихоос өмнө харъяа Эрүүл мэндийн нэгдэл дээрээ очиж зөвөлгөө авч хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцины эхний хоёр тунг хийлгэх нь зүйтэй.

Мөн хачигт хазуулсан тохиолдолд шархыг халдваргүйжүүлэх нь бохирлох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.