Манай улсын охид эмэгтэйчүүд Малайз улсад хүний наймаа, хүчин, хүн амь зэрэг онц ноцтой гэмт хэргийн хохирогч болж, тус улс хэрэгтнүүдээ хаацайлсаар өнөөдрийг хүрсэн. Үүний нэгэн жишээ бол 14 жилийн турш шийдэгдээгүй байгаа Ш.Алтантуяа агсны хэрэг юм.

Саяхан тус улсад манай улсын иргэн, хоёр монгол эмэгтэй цагдаагийн ажилтанд хүчиндүүлсэн хэрэг гарч, хэвлэлээр шуугиж байв. Өчигдөр тус хэргийн шүүх хурал болж өнгөрсөн бөгөөд хэрэгтнийг 10 мянган юанийн барьцаагаар батлан даалтад гаргасан байна. Тэрбээр шүүх хурлаас өмнө байцаагдаж байх явцдаа батлан даалтаар суллагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хэрэгт холбогдогч, 30 настай Хазрул Хизам Газалиг Малайзын “Боолчлол, хүнийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх тухай хууль”-­ийн Хүн худалдаалахтай тэмцэх, Цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлэх тухай 13­-р бүлгийн дагуу бусдын биед зөвшөөрөлгүй халдсан, албан тушаалаа ашиглан хүн хулгайлсан гэх хоёр үндэслэлээр шүүсэн юм. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 3-­20 жилийн хугацаатай хорих ял оноох аж. Гэвч шүүгдэгч, шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгч Газалиг батлан даалтад гаргахыг хүсчээ.

Харамсалтай нь шүүх эл хүсэлтийг харгалзан үзэж, түүнийг 10 мянган юанийн барьцаагаар батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шалгах явцад гадаад паспортыг нь хураан авч, сар бүрийн эхэнд бүртгэл хийлгэн, цагдаагийн байгууллагаас дуудах бүрт ирэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Мөн шүүхээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хоёр эмэгтэйн нэрийг дурдахгүй байхыг анхааруулсан байна. Дараагийн шүүх хурал зургадугаар сарын 17-­ны өдөр болно. 

Засгийн газрын мэдээ сонин