Уулга алдахдаа ч, залбирч сүсэглэхдээ ч “Төрийн сүлд минь” хэмээдэг монголчуудын хувьд Төрийн ордон хэмээн дөрвөн давхар шаргал байшин онгон дагшин газар. Хаалттай нийгмийн үед бүү хэл хамаг юм задгайрсан өнөө үед ч Төрийн ордонд хөл тавьсан нэгнээ хийморьтойд тооцдог хэвээрээ.

Гэтэл дотор нь суудаг хүмүүс Төрийн ордныг маань улам л аймшигтай газар болгосоор. Хамгийн болдоггүй хүмүүс тийшээ зүтгэж, шоронд суух ёстой нэг нь тэнд хамгаалагдаж байна. Авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, хулгай луйврын сэжүүр Төрийн ордноос цухуйж, хэрүүл хараалын цуурай тэндээс л сонсогддог болоод удлаа. Сүүлдээ хүчингийн хэрэгт холбогдогч дотуур өмдөө хэрхсэн тухайгаа Төрийн ордны индрээс ярьж, хүн амины хэрэг ч булан тохойд нь гардаг болов.

ХАМГИЙН ЭРХ ДАРХТАЙ, АЙЖ ЭМЭЭХ ЗҮЙЛГҮЙ АРХИДДАГ ХҮМҮҮС ТӨРИЙН ОРДОНД БИЙ

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатад дуудагдаж, Төрийн ордонд анх хөл тавихдаа яруу найрагч С.Оюун тавын цагаан канистртай айраг бариад орсон гэдэг. Төрийн тэргүүнд Булганы айргаа амсуулах зорилго нь саадгүй биелж, П.Очирбат гуай кофены цагаан шаазанг чамлан чамлан айргийн амтыг таашааж суусан тухай С.Оюун найрагч дурсан ярьдаг. Мөн ч сайхан тайван цаг байжээ. Одоо бол таван литр айраг бүү хэл таван зуун грамм ус ч оруулахгүй гэсэн хатуу дүрэм журам Төрийн ордонд тогтсон. Тэр журам нь угаас Төрийн ордонд архи уугаад суух боломжгүй доодост жигтэйхэн үйлчилнэ. Ууж явсан тал сав усыг нь үүдний харуул хурааж авна.

Тэгсэн хэрнээ дарга, даамал, мяндагтан сэтэртнүүд согтуу гуйвалсан хэвээр. Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар гаргаж, “Архитай дайн зарлалаа” хэмээн мэдэгдэж байсан нь хоёр жилийн өмнө. Энэ дагуу ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг харьяа яам, агентлаг болон бусад төрийн байгууллагуудад гэнэтийн шалгалт оруулан, бужигнуулсан.

Гэнэтийн шалгалтаар архи, дарс, согтууруулах ундааны шил, лааз, сотгуу албан хаагч олныг илрүүлсэн талаар мэдээлсэн албаны хүмүүс “Төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага, дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчдынх нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга” хэмээцгээж байв. Ингээд л төрийн алба архидалтгүй болж, сахилга хариуцлага нь дээшлээд гарч өгөх юм байх гээд хүлээтэл бахь байдгаараа.

Ажлын байран дахь архидалт, засаг захиргаагүй мэт авирлах явдал дундаас дээш албан тушаалтнууд, сайд, дарга, УИХ-ын гишүүдийн дунд хэрээс хэтэрсэн нь нууц биш. Хамгийн эрх дархтай, айж эмээх зүйлгүй, өрөөндөө архиддаг хүмүүс тэд л байдаг. УИХ-ын гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаандаа гөлөмцүү сууж, сүүмийсэн нүдээр харах зүйлээ онож ядан тэмтчиж, уруул амаа долоон хэлээ булталзуулж суухыг, нэгнээрээ түшүүлээд гарахыг бишгүйдээ л харж байлаа. Зарим нь УИХ-ын чуулганы танхимаас, микрофон нээлгэж байгаад орон даяар агсам тавьсан удаатай. Аргаа барсан УИХ-ын дарга нь “Та согтуу байна, гэртээ харьж амар” хэмээн олон нийтийн өмнө аргадсан нь ч мартагдах болоогүй байна. Энэ мэтчилэн дурдаад байвал Төрийн ордон дахь зангиатай архичдын паян цөөдөхгүй.

Шүүгэндээ архигүй хүн Төрийн ордонд байхгүй гэж мөрийцсөн ч болно. Алба, амины ажил ярихаар ажлын өрөөнд нь орсон танилдаа архи сөгнөдөггүй УИХ-ын гишүүн, сайд, дарга ч байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Баяр ёслолын үеэр “Сая тэр гишүүн вискигээр дайллаа. Одоо түүний өрөөнд орно” гэж ярьж яваа хүнтэй бишгүй таардаг.Төрийн ордонд архидалт хэрээс хэтэрснийг УИХ-ын гишүүд үг, үйлдлээрээ илэрхийлсэн нь ч цөөнгүй. Тухайлбал, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гишүүний арын өрөөнд битгий согтуу таарч байгаарай” хэмээн захисан.

Байдал ямар байдгийг биеэр мэдэрсэн хүний үг энэ. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар чуулганы хуралдаанд согтуу ирсэн гишүүдийг эргүүлэн татах тухай заалт бүхий хуулийн төсөл санаачилсан нь ч санаандгүй хэрэг биш байж таарна. Төрөө дээдлэх уламжлалаа бодсон ч тэр, төр, засгийн аливаа шийдвэр алагчлалгүй тэгш үйлчлэх зарчим, улстөрчдөд ёс зүй төлөвшүүлэх шаардлагыг харгалзсан ч тэр, “архитай зарласан дайн”-ыг түшээдээс, Монгол төрийн гал боломт болох Төрийн ордноос гадуур өнгөрөөх учиргүй санагдана. УИХ-ын гишүүд, сайд нар төрийн албан хаагчид төдийгүй нийт иргэдэд ёс зүй, хариуцлагаараа үлгэрлэх ёстой улс. Тиймээс тэднээс ёс зүй нэхэхэд хил хязгаар байх учиргүй. Хэдэн яам, тамгын газраар ороод сураг алдарсан архины хяналт шалгалтыг шаргал байшин дотор оруулж, УИХ-ын гишүүдийн хөргөгч шүүгээг татаад үзээч.

Төрийн алба, төрийн албан хаагчид архидалтгүй байх ёстой гэчихээд өөрсдөө үлгэрлэх ёстой хүмүүс нь өрөөндөө архидаад суух нь ариун явдал биш. Нөгөө талаас, олон нийтийн таашааж хүлээж авсан, Засгийн газрын эхлүүлсэн зөв ажил “томчууд”-ын толгойг илж орхиод, чадал багатай дорой нэгэнд эр бяр гаргадаг, аар саархан зүйлээр хөөцөлдөж, хийж амжуулснаасаа хэд дахин том тайлан бичээд дуусдаг буруу жишгийг бүү үргэлжлүүлээсэй. Яам, агентлагын дунд, доод албан тушаалтнуудыг бөндөгнүүлж чадсан бол “томчууд”-ыг ч ялгалгүй шалгаж, төрийн албаны ёс зүй, дүрэм журмыг сахихыг шаардаасай гэж хүсэж байна.

ТӨРИЙН ОРДНЫ АРХИЧИД

Төрийн ордны архидалтыг түмэн олны нүдэнд ил болгосон Ш.Сайхансамбуу
“УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы 2008 оны наймдугаар сарын 28-ны хуралдаан 17.50 цагт эхлэв. Хуралдааныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр нээж, даргаллаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж хуралдаанд орж ирсэнгүй. Хэнтий аймаг буюу 18 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар СЕХ-ны дарга Б.Баттулга танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Л.Гүндалай, С.Баярцогт нар асуулт тавилаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж асуултаа дуусгаагүй байхад гишүүн Ш.Сайхансамбуу “Тангаргаа өргөхгүй юун олон юм ярьдаг юм” хэмээн дургүйцсэнээр танхимд маргаан дэгдэж, Н.Батбаяр гишүүн “Энэ чинь Төрийн ордон, Нарантуул зах биш”, С.Баярцогт “Согтуу хүнээ гарга” гэж хэлэв.

Энэ үеэр гишүүн Л.Гүндалайн үг хэлэх ээлж болоход гишүүн Ш.Сайхансамбуу “Чиний хэлэх үгийг мэдэж байна, одоо боль, тангаргаа өргөе. Та нар орж ирэхгүй хоёр сар төрийн ажлыг гацаачихаад юугаа яриад байгаа юм” гэх зэргээр загнахад гишүүн Л.Гүндалай “Муу луйварчин минь захынхныгаа очиж загнаарай. Мөнгөтэй нь ганцхан чи юм уу, хөлдүү газар хүмүүсийн эрүүл мэндийг нь хохироож, мөнгийг нь шулж баяжчихаад” гэх зэргээр маргаан нь хэрүүл болж, гишүүн Д.Лүндээжанцан Ш.Сайхансамбуу руу очин хөөрөг зөрүүлж хэсэг ярилцсанаа авч гарснаар танхимд тайван байдал тогтов...

Асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу тангараг өргөх ёслол эхэллээ... Гишүүн Ш.Сайхансамбуу Төрийн далбаанаас адис авсны дараа гишүүн Р.Гончигдорж руу очиж гараас нь адис авч байв...”

Энэ бол 2008 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулганы тэмдэглэл. Хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарантуяагийн хөтөлсөн уг тэмдэглэл Төрийн ордон дахь төрхгүйтлийн талаар тод томруунаар бичиж үлдээсэн анхны албан ёсны бичиг баримт болов уу. Тангараг өргөх ёслолдоо согтуу ирж, өмд, цамцаа дэрвүүлэн намбагүйтсэн Ш.Сайхансамбуугийн энэ үйлдэл тухайн үедээ иргэдийн нүдийг орой дээр нь гаргах шахсан ч цаашид ийм бусармаг, ёс зүйгүй зүйлд дасах эхлэлийг тавьсан юм. Тэр УИХ-ын гишүүн байх хугацаандаа Төрийн ордонд нэг биш удаа согтуу явж хүмүүсийн анхааралд өртсөн бөгөөд тухайн үедээ “Төрийн ордны мөнхийн согтуу” хэмээх нэр зүүж байлаа.

“Н.Батбаяр аа, чи архи уусан байна, гэртээ харьж амар”
2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудал хэлэлцэж байтал Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр согтуу орж ирж “Монгол Улс төр засгаа бүтээх асуудлыг хэлэлцэж байна. Харамсалтай нь шөнө дөлөөр хэлэлцэж байна. Алийн болгон чонын бэлтрэг шиг шөнө дөлөөр хэлэлцэж, бие биеийнхээ араас хутга шаах юм бэ. Өнөөдөр заавал хэлэлцэх ёстой юу.

Нэг дэх өдөр хэлэлцэж болохгүй юу. Шөнөөр хэлэлцвэл сайн цаг ирэхгүй. Үүнийг хүн болгон санагтун, бодогтун, сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Гэхдээ үүнийг дээр сууж байгаа гурван хүн нийлчихээд Монголыг барина гэвэл андуурал. З.Энхболд оо, чи наанаа суучихаад Монголын төрийг удирдаж байна гэж бодвол эндүүрэл. Чи АН-ын Засгийн газрыг авч хаячихаад...” хэмээн УИХ-ын даргад агсам тавьж байлаа.
Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд түүнд “Н.Батбаяр аа, чи архи уусан байна, гэртээ харьж амар” хэмээх “алдарт” үгээ хэлсэн юм.

“Архи, тамхи... гурав”
Тамхины эсрэг хууль санаачилж, батлуулаад овоо дориун явсан Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордон дахь албан өрөөндөө бусдыгаа цуглуулан найрласан бичлэг сонгуулийн “буян”-аар олон нийтийн хүртээл болсон. Түүний өрөөнд УИХ-ын хэд хэдэн гишүүн сархад хүртэж, багагүй хөлчүүрхсэн Л.Эрдэнэчимэг “Архи, тамхи, секс гурав бол амьдралын бүх зүйл” хэмээн аальгүйтэж суугаа нь дүрс бичлэгт мөнхөрсөн. Төрийн түшээдийн ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам гэдэг зүйл “хайлж урссан”-ы томоохон жишээ болох уг бичлэг хойшид ч үе үе гарч ирж, Төрийн ордны архидалтыг сануулсаар байна биз ээ.

Хамгийн их дуулиан дагуулсан, хаашаа ч булзах газаргүй болсон цөөхөн тохиолдлыг дурдахад энэ. Хяналтаа алдатлаа, өөрийгөө авч явах мэдрэлгүй болтлоо уугаад, дүрстэй, яриатайгаа олон нийтэд хүрсэн азгүй хэд нь энэ. Эднээс гадна Д.Дамба-Очир, Б.Ундармаа мэтийн баригдчихаад мэлзээд өнгөрсөн нь ч бий.

Төрийн ордон, захиргааны байранд хүний амь эрсдүүлсэн архидалт
Төрийн ордон, төр, захиргааны байгууллагын хаана ч дарга, цэрэггүй архидсаар байгааг сүүлийн ганц жилийн дотор гарсан хоёр хүн амины хэрэг ил болгов. Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд АПУ-гийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан. Түүнтэй тэр өдөр уулзсан гишүүд өрөөндөө архи задалж, хундага тулгаснаа хүлээн зөвшөөрч хэвлэл мэдээлэл, шүүх цагдаад хэлсэн нь бий. Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга өрөөндөө архидаж, түүнээс улбаалж залуу бүсгүй хорвоог орхисон. Төрийн албаны ёс зүй, төр, засгийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт ийм байхад улс орноо хөгжүүлэх, сайн сайхан нийгэм цогцлоох тухай яриа үлгэр болж төгсөхөөс яах вэ. Төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчдыг архидалтаас нь салгачихвал олон бузар үүнийг дагаад арилна даа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН