Өдгөөгөөс яг арван жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сарын 19. “Дорнод аймгийн Баян-Уул сумын IV багт зусч байсан Н.Алтангэрэлийн отгон хүү, арван настай А.Уранбаяр сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл олон нийтийг сандаргаж, аймаг, сум, улсын Онцгой байдлын аврагчид хүүг эрэн хайж, эцэстээ эрэл мухардаж, арга буюу хүүг хайх ажиллагааг зогсоосон байдаг. Энэхэн зуурт арван настай бяцхан Уранбаяр уулын гүн ширэнгэд 11 хоногийг өнгөрүүлж, төрж, өссөн сумаасаа 140 км-т явган алхсаар Дадал сумын нутаг дэвсгэрт хүний бараа харж, амь аврагдсан түүхийг өдгөө ч бид мартаагүй билээ.

Түүнийг “Монголын маугли”, “Робинзон крузо”, “Ширэнгэн ойн баатар” гэх мэтээр нэрлэж, дэлхийд малч хүний ухааныг, монгол хүний тэвчээрийг гайхууллаа хэмээн тодотгож, сэтгүүлч бүхэн түүнийг зорьдог байв. Тоодон дээл, тоглоомон машинаас салаагүй аравхан насандаа бяцхан нуруундаа үүрч хазаар, амгай хоёроороо гурван ч чоно үргээж, бугын урамдаан дунд нойрсон амарч, ойн гүнээс Онон голын хөвөө рүү унаж,  урсах, живэхийн заагт өөрийгөө хамгаалж дөнгөсөн хөдөөгийн хэрсүү бор жаал өдгөө ханагар том залуу болжээ. Ширэнгийн буйдад төөрчихөөд уул өгсөж явсаар 11 хоног өлөн зэлмүүн, ядарч, эцэж,  хад асга, өргөст хөвд, цэцэгт нугыг хөл нүцгэн туулсан Алтангэрэлийн Уранбаяр хүүг нэхэн сануулж, уншигч тантай уулзуулж байна. 

-Сайн байна уу, А.Уранбаяр аа. Хотод төвхнөсөн үү. Саяхан танай нутагт тав хоночихоод ирлээ. Хавар хуурайшилт ихтэй ч малчид төлөө хүлээж аваад салхи урин, сайхан байна лээ. Нутгийнхан чинь чамайг хот руу сурахаар явсан гэж хэлсэн. Улаанбаатарт хаана амьдарч байна вэ?
-Дарь-Эхэд сарын 120 мянган төгрөгөөр нийтийн баяр түрээслэж, эгчтэйгээ амьдарч байна. Сурахынхаа хажуугаар ажил хийх санаатай. Би чинь гурван эгч, хоёр ахтай, айлын бага хүү. Тийм болохоор аав, ээжийнхээ нуруун дээр ачаа үүрүүлээд яах вэ, өөрөө өөрийгөө болгоод явъя гэж боддог. Монгол Солонгосын Политехник коллежид цахилгаанчнаар суралцаж байгаа. Цар тахлаас болоод одоогоор сургууль амарчихсан учраас барилгын туслах ажил хийж байна.

Өвөл гэрээ санахгүй байсан. Саяхнаас хавар болоод ч тэр үү, нутгаа санаж байна. Манай нутагт шувууд ганганаж, мал тал дүүрэн бэлчсэн, сайхан хавар болдог доо. Аав, ээж хоёр минь 100-аад төл бүрэн хүлээж аваад, дууссан гэсэн. Манайх 10-аад адуу, 300 гаруй богтой үхэр цөөнтэй. Гэхдээ л мал маллагаа, арчилгаа ихтэй болохоор аав, ээж хоёртоо очиж хань, бараа болохсон гэж үе үе боддог. Аав намайг Эрдэм номтой хүн бол гэдэг учраас мэргэжлээрээ сайн сурахыг хичээж байна. 

-Ойд 11 хоног төөрч явсан жаахан хүү том залуу болжээ. Найз охинтой юу?
-Байхгүй. 

-Хүүхэд насандаа туулсан зоригт үйл явдлаа ангийнхандаа болон найз нөхөддөө хэлдэг үү?
-Хэлдэггүй. Хэлэх гэхээр хүн үнэмшихгүй үлгэр яриад гэх байх гэж бодоод, ичээд хэлдэггүй, нууцалдаг. 

-Өнгөрөгч арван жилд А.Уранбаяр юу амжуулав?
-Цэрэгт явсан. Дорнод аймгийн Эрдэнэцагааны 0146 дугаар ангид алба хаасан. Ингэхдээ хамгийн хол буюу Халх голын наахна байрладаг есдүгээр заставт эх орныхоо  хилийг манасан. Цэргийн амьдрал гэдэг хүнд аав, ээжийн заагаагүй тэвчээр, хатуужил, хүмүүжил, хүн хүнээ гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг юм байна гэж бодсон. Цэрэгт очсоны эхний долоо хоног л нэлээд хүнд, шантрамаар санагдсан. Долоо хоногийн дараагаас цэрэг хувцсаа өмсөөд, хөл тавьж сурсны дараа бахархалтай, сайхан байсан. Тангарагийн баяр, хөл тавьж жигдрэх, манаанд хонох... гээд эр хүн болгоны үзэх ёстой амьдралыг үзсэндээ баяртай байдаг. 

-Алд хүрэхгүй биетэй, аравхан настай хүү ширэнгэд 11 хоног төөрч, эрүүл саруул ижий аавдаа ирэхэд чинь монголчууд баярласан бол дэлхий гайхаж байсан. Замдаа таарсан бэрхшээл, айдас, зовлонг шантарч, няцахгүй зоригтой туулсан үйл явдлыг өнөөдрийн уншигчдад сануулаач гэвэл мартагдаж, баларсан зүйл үгүй болов уу?
-Одоо бодоход заримдаа зүүд шиг санагддаг. Тухайн үед би үхэж ч болмоор үйл явдлуудтай их тулсан байдаг. Тухайлбал, 11 хоногийн хугацаанд гурван чонотой таарсан. Нэг нь бүр унтаж байхад хөлнөөс минь үнэрлээд зогсож байсан. Хоёр чоно нь намайг 48 цаг дагасан. Азаар унаж явсан мориныхоо хазаар, амгайгаа хооронд нь харшуулж, чимээ өгсөөр амь аврагдсан гэж боддог. Манай өвөө надад энэ аргыг зааж өгч байсан нь биеэ хамгаалахад тусалсан. Ингээд хоёр чононоосоо айж явсаар усгүй хатаж үхэхийн даваан дээр булаг урсах чимээ сонсож, булгийн эхэн дээрээс олсон ундааны саванд ус дүүргэж уусаар өл залгасан. Хоёр өдөр усгүй, чононоос зугатаж явсан учраас туйлдаа хүртэл ядарсан. Эхний хоёр өдөр үнэхээр их өлссөн учраас ус уунгуут хоол идсэн юм шиг болоод, нойр хүрээд унтаад өгсөн. Өглөө нь сэртэл намайг тойроод найман буга урамдах нь урамдаж, ус уух нь уугаад зогсож байсан. Тухайн үедээ хүүхэд байсан учраас тоолчихоод л босоод явсан. Одоо тэр агшинг бодохоор яг л уран сайхны кино шиг, бидний төсөөллийн ертөнц дэх диваажин шиг санагддаг. 

-Унтаад сэртэл чоно хөлийг чинь үнэрлээд зогсож байсан гэсэн. Балчир хүү бүү хэл, томчууд ч сүнсээ зайлтал айхдаа яаж ч мэдэх энэ агшинд хазаар, амгай шаргиулах ухаан гарна гэдэг гайхалтай. Өвөөгийнхөө заасан бүхнийг ягштал сурсан хүү ойд өл залгах хэмжээний өвс, жимстэй таарч байв уу?
-Миний өвөөг Жамба гэдэг байсан. Өвөө минь намайг таван настайд морь унаж сургасан. Таван настайдаа морь унаж сурчихаад хамгийн анхны наадамдаа айрагдаж байлаа.  

Намайг ойд төөрчихсөн, хөлтэй бүхэн хайж байхад өвөө минь ганцаараа эрхиэ эргүүлээд, гэрээ нар зөв гороолоод өдрийг бардаг байсан гэсэн. Хүүгийнхээ төлөө ингэж залбирч, мэддэг маани, мэгзэмээ уншсан нь намайг чононоос хүртэл хамгаалсан юм болов уу гэж боддог. Мөн өвөө минь аав, ээжид “Хүү минь эсэн мэнд ирнэ ээ. Ингэхдээ зүүн хойноос л ирэх болов уу” гэж ярьдаг байсан гэдэг. Өвөө  биднийг багад жимсэнд их дагуулж явна. Ингэж явахдаа “Болц нь гүйцээгүй, ногоон жимс битгий идэж байгаарай. Гэдэс нь гүйлгээд, шингэн алддаг.

Үхэлд ч хүргэх аюултай” гэж ярьдаг байсан учраас ойд яаж ч өлссөн, ногоон булцуут жимс идээгүй. Хэрэв би “За, жимс юм чинь идчихье” гээд идсэн бол цанх татаад, үхэх байсан. Тийм учраас уснаас өөр зүйл амандаа хүргээгүй. Хүн ер нь хоолгүй болбол, эхний хоёр өдөр л гол харлаж, шүлс ялгараад, дагжин чичиртлээ өлсдөг юм билээ. Гурав дахь хоногоос нь өлсөх мэдрэмж төрөхөө больсон.  

-140 км газрыг чи хөл нүцгэн туулсан нь яах аргагүй Монгол эр хүнээс л гарах эр зориг, тэвчээр юм гэж бодоход хүргэсэн. 
-Би ууланд 11 хонож, намайг аварсан хоёр хүн Дадалд айлд аваачсан учраас танихгүй айлд нэг хоносон. Баян-Уулаас Дадал хүртэл 140 км газар хөл нүцгэн, алхсан байдаг. Миний хувьд төөрснөөсөө хоёр дахь хоног дээрээ гуталгүй болсон. Анх гэрээсээ гарахдаа унаж явсан саарал гүү маань гэнэт юмнаас үргээд, булгиад унагачихсанаас болоод ухаан балартаж, хэсэг газар хэвтсэн. Босоод иртэл морь ч байхгүй, нэг бакал маань ч байгаагүй. Ингээд нэг бакалтайгаа хэсэг явж байгаад хаясан. Гэрээсээ гарахдаа ороолт ороож бакалаа өмсөлгүй, нүцгэн хөл дээрээ өмсчихсөн байсныг хэлэх үү, хөл шархалж, идээлээд баларсан. Ингээд аргаа бараад өмссөн цамцаараа хөлөө ороож хэсэг явсан. Сүүлдээ цамц маань ч салмарч, урагдаад хөл ороох аргагүй болсон.

Ес хоног гуталгүй, нүцгэн хөлөөрөө бүхнийг туулсан. Сүүлдээ гишгэж чадахаа болиод, халуураад. “Босохгүй бол, гишгэхгүй бол, урагшаа явахгүй л бол үхнэ. Тиймээс мөлхөөд ч болов ойн зах руу гарах ёстой” гэж бодсон. Ингээд уйлах газраа уйлж, дуулах газраа дуулж, тоглох газраа тоглоод, унтах газраа унтаж явсаар Онон голын хөвөөн дээр гарч ирсэн. Туулж барамгүй их ой дунд явж байгаад голын хөвөөн дээр гарч ирэхэд гэрийнхээ барааг харсан юм шиг баярласан. Үнэхээр нүдэнд баяр төрөөд, яг л гэрийнхээ ойрхон ирсэн юм шиг санагдсан.

Ингээд голынхоо хөвөөг дагаад явж байтал эрэг нь гэнэт цөмрөөд, Онон гол рүү цүлхийгээд л уначихсан. Нэлээд урссан, санагддаг. Гар, хөл хоёроо савчуулаад, эрэг рүү сэлэх гэхээр урсгалд нь цохигдоод байсан учраас эрэгт дөхөж чадахгүй байлаа. Ингээд урсаж байтал гол руу саглайж ургасан модны мөчир таарахаар нь самардсаар байгаад зуураад авсан. Ингээд нөгөө мөчрөөсөө атгаж, барьцаа ахиулсаар эрэг дээр гарсан. 

-Хоол ундгүй, эцэтлээ алхсан хүүд модны мөчрөөс удаан зуурах чадал үлджээ. Онон голын эрэг дээр загасчилж явсан хоёр хүнтэй таарсан нь чамайг аврах бурхны илч, зараалууд байж дээ гэж сүсэглэж боддог уу?
-Алтангэрэл, Золбоо гэж хоёр хүн загасчилж явсан юм билээ. Эрэг дээр арай гэж гарчихаад, ухаан санаа балартаад хэвтэж байтал хүн яриад байх шиг сонсогдсон. Гэнэт сэргээд, хувцаслаад, Онон голын эрэг рүү хартал үнэхээр хоёр хүн явж байсан. “Амь авраарай” гээд хашгирсан. “Дорнодын Баян-Уулаас төөрөөд явна” гэж хэлээд хамаг бие сулбайгаад, ойчоод унасан. Өнөөх хоёр хүн надад дөнгөж давстай хар цай уулгаад аваад явсан. Ингээд танихгүй айлд хоноод өглөө нь сэрүүтээ л ээжийнхээ утасны дугаарыг санаж байсан учраас хэлж, залгуулсан. Одоо ч миний ээж 99253484 гэх дугаараа барьдаг. Ээжийнхээ дугаар руу залгаад, Уранбаяр байна, гээд ярьтал аав, ээжийн хэн  нь ч итгээгүй. Уянга эгчтэйгээ ярьсны дараа гэрийнхэн итгэсэн. Тэр шөнөдөө гурван мотоцикльтой ирж, намайг авсан. 

-12 дахь өдрийн өглөө нь “Би Дадалд байна” гэж ээж рүүгээ утсаар ярьсан байдаг. Арван настай хүү ээжийнхээ утасны дугаарыг мэдэж байсан нь мөн ч их хэрэг болж дээ. Мөн ээж, аавтайгаа уулзсан мөчийг үгээр хэлэмгүй сайхан байсан биз?
-Аав, ээж минь намайг хараад шууд уйлцгаасан. Хамаг бие нь шумууланд хазуулснаас болж гөвдрүү болсноос гадна хөлийн уланд нэлээд бүдүүвтэр мод хатгаж ороод хавдчихсан байсан. Ингээд Баян-Уул явах замаараа эмнэлэг орж, хөлөндөө боолт хийлгэж, -хатгасан модоо авхуулсан.  

-Өөдөсхөн хүүгээ эсэн мэнд гэртээ ороод ирэхэд нь өвөө нь мөн ч их баярласан байх даа?
-Өвөө маань хүүгээ тосоод гэрийнхээ гадна зогсож байсан. Гүйгээд очтол толгой  үнэрлээд, уйлж байсныг нь мартдаггүй. Гэртээ ороод өвөөтэйгөө гурван удаа шатар нүүж, хожсон. Гэрийнхээ зүүн хаяанд суучихаад эрхиэ эргүүлээд л, залбирдаг байснаа хэлдэг. 

-Тухайн үед наадам болох гээд айл бүр морь, малаа үсэргэж байх үед чи алга болсон байдаг. Гэтэл чи уяж, уралдуулах гэж байсан дааганыхаа араас яваад төөрсөн байдаг. Энэ даага нь одоо бий юү?
-Тухайн үед манай сумын овооны наадам зургадугаар сарын 22-нд болох гэж байсан юм. Аав бид хоёр буурал даагаа уралдуулах гэж уяж байсан. Зургадугаар сарын 19-нд овооны наадамд сойсон дааганыхаа үсэргээг хийсэн юм. Тэгээд л үсэргээ дуусч, аав, мотоцикльтой гэр рүү явж би эмнэг саарал гүүгээ унан буурал даагаа хөтлөөд гэр рүүгээ явж байсан юм шүү дээ. Гэнэт буурал дааганы хазаарын сагалдарга тасраад мод руу давхичихсан. Би дааганыхаа араас хөөсөн ч барьж чадаагүй. Тэгээд л нэг мэдсэн хаана яваагаа мэдэхээ болиод төөрсөн юм.

Уг нь урагшаа модноосоо гарах гээд гэр рүүгээ явж байна даа гэж бодоод л яваад байсан чинь одоо бодоод байхад хойшоо яваад байсан юм билээ. Удалгүй харанхуй болж зүг чигээ мэдэхгүй болчихсон. Намайг алга болсны хоёр дахь хоног дээр даага, эмнэг саарал гүү хоёр ижилдээ ирсэн байдаг. Ирэхдээ эмээл нь гэдсэнд нь зүүгдчихсэн, дөрөө нь цус нөж болчихсон байсан гэсэн. Тухайн үед цагдаа нар манай эгчийн нөхрийг буруутан болгож хэсэг хугацаанд шалгаж, байцааж, хорьсон байдаг. 

-Ямар шалтгаанаар хүргэн ахыг чинь буруутгаж, хорьсон юм бол?
-Шалтгааныг нь би сайн санадаггүй юм. Хураахай ахынхаа даагыг би тухайн үед унаж явсан. Хүргэн ахыгаа түрүүлээд харьж байя гэхээр нь явуулчихаад, араас нь даагаа хөтөлж яваад төөрчихсөн учраас ямар шалтгаанаар дүүгээ орхиод явсныг нь хардаж, шалгасан юм шиг байгаа юм. Гэтэл би жаахан хүүхэд байсан учраас даагаа олохгүй бол болохгүй гэж бодсоор яваад төөрчихсөн. Уг нь би эхний шөнөдөө нэг их олон үхэр дунд хоносон юм. Тэр үхрийг дагаад явахаа мэдэхгүй, цаашаа явчихсан нь буруудсан. Тэр үхэр сүргийг дагасан бол айлд очих л байсан. 

-Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн залуусаас бүрдсэн эрлийн баг дөрвөн өдөр чамайг хайж, уул, модыг самнасан байдаг. Ингээд хүүхэд явсан мөр олоогүй, эрэл мухардсан учраас арга буюу зогсоосон байдаг. Гэтэл аав, ээжийн сэтгэл амрахгүй бөө, удган, мэргэн түргэн гэсэн бүхэн дээр очсон байдаг шүү дээ?
-Намайг аймаг, сумын онцгойн алба хаагч, орон нутгийн иргэд гээд 60 гаруй хүн эрлийн багт орж хайсан байдаг. Тухайн үед 40 хэм хүрч халсан өдрүүд байсан учраас зарим үед эрлийн багийнхан уул самнах боломжгүй болж, ухаан алдаж унах, амьсгал нь давчдах хүртэл нөхцөлд орсон байдаг. Ингээд дөрвөн өдөр хайгаад, эрлийн баг ажлаа зогсоосон ч аав, ээж минь санаагаа чилээсээр байсан тул сайн гэсэн хүн бүхэн дээр очсон юм билээ.

Үздэг хардаг хүмүүс янз бүрийн л үг хэлсэн ч тэдний дунд нэг л бөө үнэнг хэлсэн байна. Тэр бөө “Танай хүү нэг их модтой газар л яваад байна. Гэхдээ удахгүй, гурван хоногийн дараа баярт хэл ирнэ. Хүү чинь эсэн мэнд байна. Утсаа сайн чагна” гэж хэлснээр болж, бөөгөөс ийм үг сонссоны яг гурав дахь хоног дээр би ээжтэйгээ холбогдсон. Ингэж л амьд мэнд гэртээ ирсэн дээ. Хүмүүс намайг ус уух хувьтай хүү гэдэг бол зарим нь тэнгэр, хангайн сахиус, ямар нэг хүч хамгаалж, аварчээ гэдэг. Аль алинд нь итгэдэг. 

...Энэ бол 20 настай А.Уранбаярын хөвч тайгад 11 хоног төөрсөн тухайгаа 10 жилийн дараа сийрүүлсэн яриа. Тэрбээр өдгөө хаана, юу хийж явааг уншигч танд хүргэхэд ийм байна. Хүний амьдрал гэдэг богинохон. Амьдарч буй он жилүүдийнхээ аль нэгхэн хугацаанд алив хүн эр зориг, авьяас ухаан, амжилт ололт, өөрийн шандсаа сорьдог болов уу гэж санадаг. Тэгвэл балчирхан насандаа баймгүй эр зориг, тэвчээр хатуужил, ухаанаа харанхуй тайгад луужин мэт алдалгүй барьсаар амьд мэнд аав ээждээ ирсэн А.Уранбаяр хүүг өдгөө нэхэн сануулахад таатай байна.  

Тэр бол морин дэл дээр өссөн монгол хүүгийн эр зориг, тэвчээр хатуужил, хэрсүү ухааны бэлгэ тэмдэг яах аргагүй мөн билээ. Хөвч тайгад ч, халуун цөлд ч, хангайн уулсад ч Алтангэрэлийн Уранбаяр мэт хөвгүүд өсөн торниж, эх орныхоо хилийг манаж, хэнд ч анзаарагдахгүй ажиллаж, амьдарч байдаг нь амьдралын сайхан нь билээ. Энэ цагийн эгэл баатрууд гэдэг нүүдэлчдийн ухааныг залгаж, удмыг таслахгүй төрсөөр байх нь амьдралын тойрог оо. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН