Нэгэн зүйл: Орчин үеийн “үг” бүтээлүүд

1. Эхний үг гэсэн утгаар: “Ном эхлүүлэх үг”, “Урьдчилан хэлэх хэдэн үг”, “Мандаах үг”, “Эхлэн өгүүлэх нь”, “Гараанд өгүүлэх нь”...

2. “Тосон угтсан шинжтэй: “Угтуул үг”, “Угтуул өчил”, “Угтуулан учирлах үг”, “Угтлага үг”, ‘Тосгол үг”...

3. Нээж, танилцуулсан аястайгаар:  “Чандманийн түлхүүр” (МУЗД 108 боть), “Хуудас нээх үг”, “Судрын хуудас нээж хэлэх үг”, “Ном нээх үг”, “Ам нээсэн өмнөтгөл”, “Толилуулга”, ‘Толилуулах үг”, “Учирлан толилуулах өмнөх үг”, “Толилуулах ану”, “Тольдохуйн олз” (Л.Түдэв)...

4. Хөтөч, залуурч гэсэн утгаар: “Хөтөчийн үг”, “Хөтчийн үг” (алдаатай), “Номын өмнөх хөтчийн үг”, “Заллага үг”, “Годогодох үг”...

5.Зуучилсан сэтгэлийн илэрхийлэл, өргөл болгож: “Зурвас үг”, “Оршлын оронд зуучлах сэтгэлийн үг”, “Талархлын үг”, “Сэтгэлийн үг”, “Түүчээ үг”, “Өргөл үг”, “Номын өмнөх өргөл үг”, “Судар мялаах өргөл үг”, “Дээж үг”...

6. Товч, цөөн үг гэж онцлон: “Цөөн хэдэн үг”, “Оршил хэсэг”, “Бяцхан оршил”, “Оршил болгон өгүүлэх нь” (Ц.Гомбосүрэн), “Оршилд өгүүлэх нь”, “Оршлын оронд товчхон”, “Оршлын оронд”, “Өмнөх үгийн оронд”, “Бичил өмнөтгөл”...

7. Айлтгаж өчсөн: “Айлтгал”, “Айлтгал үг”, “Айлтгах үгс”, “Урьдчилан айлтгах үг”, “Ном бүтээгчийн айлтгал”, “Зохиолчийн өчил”, “Номын өмнөх өчил” (Ш.Сүрэнжав, 2012), “Өчүүхэн өчиг минь" (түүх), “Өчил үг”...

8.Учирласан өнгө аясаар: “Учир үг”, “Учирлал үг”, “Учирлах үг”, “Зохиогчийн учирлал”, “Урьдчилан учирлах нь”, “Учирлахуй”, “Зохиогчоос учирлахуй”, “Номын өмнөх учирлал”, “Номын учир өгүүлэх нь”, “Ном бүтсэн учир”, “Энэ номын учир”, “Өгүүлэхийн учир”...

9. Хэний үг болохыг ялгасан: “Зохиогчийн үг”, “Зохиогчийн өчил”, “Зохиогчийн өмнөтгөл”, “Хэвлүүлэгчдийн үг”, “Нийтлүүлэгчийн үг”, “Эрхлэн гаргагчийн үг”, “Эх нооргийг анхалж уншигчийн үг”, “Хөрвүүлэн буулгагчийн үг”, “Эмхтгэгчийн үг”, “Эмхэтгэгчдийн үг”, “Эмхтгэн найруулагчийн үг”, “Эмхэтгэгчээс”...

10.Хянаж, редакторлосноо илэрхийлж: “Редакторын үг”, “Хянан тохиолдуулагчийн үг”, “Хянан тохиолдуулагчийн хэлэх үг”, “Ариутган шүүгчийн үг”, “Редакторын өмнөтгөл”, “Редакцийн үг”, Редакцийн зурвас”, “Редакцаас” (алдаатай)...

11. Төрөл зүйлийн хувьд эндүүрсэн: “Өмнөх өгүүлэл”, “Удиртгал өгүүлэл”, “Оршил өгүүлэл” (Ж.Неру, 1987), “Удиртгал үг”, “Удиртгал анги”, “Ерөнхий оршил’’...

12.Орчуулгаас үүссэн: “From the author, от авторов- Зохиогчоос”, “От редакции- Редакциас”, “От редколлегии тома- Ботийг эрхлэн хэвлүүлэгчдээс”, “Publisher’s note, от издательства- Хэвлэлийн газраас”, “От составителя- Эмхтгэгчээс”, “О пользования словарем- Толь бичиг ашиглагчдад",“Вступительная статья- Оршил өгүүлэл”, “Вводная статья- Удиртгал өгүүлэл”, “Translator’s preface- Орчуулагчийн үг” “About this book- Энэхүү номын тухайд”... 

13.Орчуулга, хөрвүүлгийн ном болохыг онцолж: “Монгол хэвлэлийн оршилд”, “Монгол хэвлэлийн газраас”, “Монголчилсон анхны хэвлэлийн өмнөх үг”, “Хоёр дахь монгол хэвлэлийн өмнөх үг”, “Орос орчуулгын оршил”, “Крилл үсгийн хэвлэлийн оршил”, “Крилл үсгийн хэвлэлийн өмнөх үг”, “Крилл бичгийн хэвлэлд зориулан өгүүлэх нь"...

14.3ан үйлийн шинжтэйгээр: “Мялаалга үг”, “Оршил болгосон мялаалгын үг”, “Ном мялаах үг”, “...номын мялаалгын үг”, “Хөтөчийн мялаалга”, “Цацал үг”, “Ариусгалын цацал”, “Учиг шингээх үг”, “Ширгэж ерөөх үг”, “Сэвлэг үргээх үг”, “Найрагчийн дөрөөнд өргөх сүү”...

15.Шашин, ёс суртахуунтай холбож: “Номын тахилга” (Л.Түдэв), “Бодь мөрийн цөөн үг”, “Аравнайлах үг”, “Хадаг өргөж айлтгах үг”, “Хөтөчийн залбирал”, “Ёст үг, ‘Жудаг үг...

16.Гэрийн эд хогшлоор төлөөлүүлэн: “Үүд үг, “Номын үүд үГ (Л.Хүрэлбаатар) “Үүд сөхөх үг”, “Үүдэн үг”, “Үүдэчийн үг”, “Босго үг” (“Соёмбо” Нэвтэрхий Толь), “Цуврал нээх босго үг”, “Тотго үг”, “Тотгоны бичээс” (Д.Пүрэвдорж)...

17.Морины сэдэвт: “Амгай үг”, “Амгайн үг”, “Гарааны үг”, “Ганзаганы үг”, “Дөрөө мялаах үг”, “Олом чангалах үг”, “Уялга үг”...

18.Гоёл чимэглэл, дэс тоогоор: “Чимэг үг, “...номын титэм үг” (Л.Түдэв), “Титэм үг” (С.Дулам), “Өмнөх үг I", “Өмнөх үг II” (Ж.Эрдэнэбаяр, 2010)...

19.Хаалтанд тодотгосон: (Хянан найруулагчийн үг), (Зохиогчийн бичсэн оршил), (Номын хадаг оршвой), (Номд өргөх ерөөл үг), (Номын өмнөх даллагын үг), (Түрлэг үг)...

 

Ном гэсэн үг орсон тайлбар аястай: “Номын өмнөтгөлд нисгэх үг’’, “Номын өргөл үг”, “Номонд өргөх үг”, “Номын “салхи” хагалах үг” гэх зэргээр хөвөрнө.

Эдгээр нь хэдий судалгааны “эх хэрэглэгдэхүүн” бус ч бүгдийг давтан тоочихоос зайлсхийж ийн “ангилж” авч үзэхээс аргагүйд хүрсэн билээ. Учир нь үүнд ямар ч хяналтгүй хэвээр буй агаад оюун санааны чөлөөт байдал, хэвлэлийн эрх чөлөөний хажууд хариуцлага, үүрэг нь дагалдаж явдгийг манай засаг төр, мэргэжлийн байгууллага, хэвлэлийн газрууд зөнд нь орхижээ. Нэг үгээр хэлбэл хэн их уянгатай байна, төдий чинээ номын оршлыг янз бүрээр бичиж “эрэл хайгуул” хийж байна гэж болохоор юм. Үүнд Монголын нэртэй эрдэмтэд, орчуулагч, ардын уран зохиолчид манлайлах үүрэгтэй байгаа нь анхаарууштай зүйл билээ.

 

Нэгэн зүйл: Нэртэй уран бүтээлчдийн нээлт “үг”-үүд

 

Монгол улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв 29 дүгээр ботьдоо “Үүдэчийн үг” (2005) бичиж “номынхоо өргөөний үүдийг сөхөгч” хэмээн өөрийгөө танилцуулсан төдийгүй МУЗД 108 ботийн I боть (МНТ, 2005)-ийн өмнөх үгийг “Номын тахилга” хэмээн нэрлэсэн (бусад 107 боть нь “Чандманийн түлхүүр”), “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” (3 боть)-ийн оршлыг “Тольдохуйн олз” (2015) гэж нэрийдэн бичсэн бол мөн хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж “Тотгоны бичээс” (2007), мөн хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн,  анхны ном нь бус атал “Сэвлэг үргээх үг" (2002), ТШ-т яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” (2008) номонд “Тосгол үг” тус тус бичжээ.

 

 

 

АУЗ Ш.Сүрэнжав “Хэрлэнгийн барьяа” (2011) номондоо “Толилуулах үг”, шавь Банзрагчийн Энхтуяагийн номонд “Хөтөчийн залбирал” (2008) үйлдсэн бол мөн АУЗ Д. Цоодол “Сюзаннад барих сарнай” (2006) орчуулгын номондоо “Заллага үг” дайжээ. Түүнчлэн АУЗ Т.Галсан “Ёст үг” (2010) “хайрласан" бол ардын багш, ШУГЗ С.Дулам, орчуулагч шавь Д.Гүн-Үйлсийн сургалтын эх хэрэглэгдэхүүнд “Титэм үг” (2007) бичжээ.

 

 

 

ТШ-т зохиолч Ж.Пүрэв, “Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хамтран бичсэн номондоо “Урьдчилан айлтгах үг” (2003) өргөсөн бол ТШ-т зохиолч З.Дорж мөн, СГЗ Ж.Саруулбуянгийн номонд “Бодь мөрийн цөөн үг” (1990), ТШ-т Д.Гармаа, Азийн тэргүүн найрагч Д.Урианхайн номонд “Өмнөх үгийн оронд...” (1990) гэж бичсэн байдаг. ТШ-т Д.Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат шавийнхаа номонд “Жудаг үг" бичсэн бол Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, орчуулагч Н.Энхбаяр, зохиолч, судлагч Д.Гүн-Үйлсийн “А.С.Пушкины шүлгүүд” (2007) орчуулгын түүврийг мялааж “Ном мялаах үг” айлджээ.

 

Түүнчлэн академич, ТШ-т эрдэмтэн Д.Цэрэнсодном диссертацид “Уялга үг” (2008), академич Х.Сампилдэндэв удирдаж хамгаалуулсан шавийнхаа эрдмийн зэрэг горилсон бүтээлд “Өргөл үг” (2007) бичжээ. Чингэж багш нь шавийнхаа, шавь нь багшийнхаа номыг өндөрт дэвшүүлж “Өргөл үГ бичээд буй нь сонирхол татна. Мөн ТШ-т эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба “Утга зохиолын онолын товч” (1958) бүтээлдээ “Зохиогчоос", “Удиртгал анги” гэх зэргээр бичиж асан байхад Гавьяат багш, доктор (Sc.D), профессор Д.Галбаатар “Уран зохиол- нэвтэрхий толь" онолын бүтээлдээ “Зохиогчийн үг" (2012) бичсэн нь ийм нэр томьёо, ухагдахуун (An author’s word the writer’s word, слова писательский) дэлхийн утга зохиолын онолд үгүй юм. Түүнчлэн “Монгол Улсын шинжлэх ухаан” цувралын 16-р дугаар (С.Лочин, МОҮУЗ-ын судлал, 2011)-т БСШУ-ы сайд, профессор А.Цанжид “Уншигч түмэндээ ариун номын хадаг өргөж айлтгах үг” бичсэн нь бий.

Энэ мэт орчуулгын номонд “оршил” бичдэггүй уламжлалыг огоорсон, зөрүү оноолт үүсгэсэн нь ч ажиглагдах төдийгүй СГЗ, зохиолч До:Цэнджав (2010), мөн СГЗ яруу найрагч Дан Нямаа (2008) нар номууддаа “Учир үг”, “Өргөл үг" өөрсдөө бичицгээж Нацагдоржийн шагналт найрагч, Нямлхагва нөхөр маань Хулд сумынхаа ойн ном (Төгсжавхлант нутаг, 2003)-ын оршлийг “Мандаах үг” (нар?) хэмээн нэрийдсэн зэргээр үргэлжилсээр байх төлөвтэй тул зөв, буруу оноолт, таньдаг, хүндэлдэг уран бүтээлч үл хамааран жишээ татан баримтжуулав. Хэдүй чанарын үнэлгээ, чадлын хэмжүүр нь бус ч эрдэмтэн судлаач, зохиолчдын зарим зэрэг цол, гавьяа шагналуудыг тодотгосон нь магадгүй тухайн уран бүтээлчдээ эртэдсэн, хүндэдсэн байж болох ч олон нийт, эхлэн бичигчдэд нөлөө үзүүлэхүйц үлгэрлэл, хариуцлагатай холбоотой онцолбор болно. Учир нь нэртэй зохиолчдын бүтээлээс хэл шинжлэлийн эрдэмтэд жишээ татан "Монгол хэлний тайлбар толь" (цахим)-доо шинэ үг, ойлголт, ухагдахуун болгон оруулдаг тул шүүмжлэн сануулахаас аргагүйд хүрэв.

 

Нэгэн зүйл: Төрөл зүйлийн онцлогууд

 

Орчуулагч, хэвлэн нийтлэгчээс “Өмнөх үг”-ийн өмнө “Оршил” давхар бичих болдог хэдий ч “Оршил”-ын өмнө “Удиртгал” болгож бичсэн, мөн эмхтгэл бүтээлийн өмнө “Удиртгал” гэж бичээд буй, “Өмнөх үг”-ийн өмнө “Өмнөтгөл” бичсэн, өгүүллэгийн түүвэрт мөн “өмнөтгөл” хийсэн гэх мэт эндүү ташаатай зүйл ажиглагдаж өөрийн үзэмж, дур сонгалтоор нэрлэж нэр томьёоны зөрүүтэй байдлыг үүсгэсэн байдаг. Энэ мзт тухайн номын төрөл зүйлээс шалтгаалсан нэрийтгэл, буруу оноолт цөөнгүй ажиглагдаж байна. Орчуулгаас үүссэн үгэнд “Дорогие ребята- Хүндэт бяцхан уншигчиддаа”, “To the teacher”-Багш, сурган хүмүүжүүлэгчдэд”, “A note to the reader- Уншигчдын сонорт”, “Dear readers-Уншигч танаа” зэрэг уншигч, хэрэглэгчдэд хандсан төрөл хэлбэр, хүндэтгэл бас нөлөөлсөн гэдгийг ч онцлон тэмдэглэе.

Тусгай мэргэжлийн зарим номонд уншигчдад хандсан зөвлөмж байдаг бөгөөд үүнд утга зохиолын онолын ном, сурах бичиг, тайлбар болон нэвтэрхий толь (“Толь ашиглагчдын анхааралд”, “How to read this book” г.м)-ийг жишээлж болно. Тиймээс их сургуулиудын буюу бусад ЭШ-ний тогтмол сэтгүүлийн өмнө “Редакцийн үг” (олон хүний үг бололтой), “Редакторын үг” “Редакторын өмнөтгөл”, “Редакцийн зурвас”, “Редакцаас” (алдаатай, 2005), “Оршилд өгүүлэх нь" гэх мэтээр бичсэн нь үзэгддэг.

Эртний монголчуудын номын соёл, уламжлал алдагдсанаас ийм зөрүү ойлголт нэмэгдэж ‘Талархлын үг”, “Сэтгэлийн үг”, “Чин сэтгэлийн үг" (зүй нь “Acknowledgement”, “Благодарность” гэсэн тогтсон нэг л үгээр олон улсад хэвшчихсэн), гэх мэтээр өргөжин дэлгэрч буй тул тухайн номыг “хөлөөрөө алхан орж” унших бол босго үг, “толгойгоороо тонгойн орж” унших бол тотго үг болгон ялган нэрлэжээ хэмээн ойлгоход хүргэж буй юм. Учир нь “Найрагчийн дөрөөнд өргөх сүү” хэмээн гарчиг өгснийг тайлах гэж оролдоход эмээл бус, морь ч бус дөрөөтэй хүн (утга) болж таараад байна. Эдгээрийг номын “Өмнөх үг”-ийг тодотгосон уран сайхны нэрийтгэлийн хувьд бус оноосон нэр томьёо, бүтвэрийн нь талаас авч үзэж байна.

 

Нэгэн зүйл. Санал дэвшүүлэлт

 

Бидний хувьд шинжлэх ухааны бүх төрлийн судлап, шүүмжийн ном бол “Оршил” (Preface, Вступительное слово), зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол, судалгааны бүтээл бол “Удиртгал” (Introduction, Введение) уран сайхны зохиол бүтээл, шүлгийн эмхтгэл, түүврийн өмнөтгөлийг яруу уянгаар нэрийдэж болох ч ерөнхийд нь ...номын “Өмнөх үг (Foreword, Предисловиё) гэж хэвшин тогтвол ямар вэ гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь эмхтгэл ном, бүтээлд хэд хэдэн хүн (редактороос, шавь нар, үр хүүхдүүд г.м) “Өмнөх үг” бичдэгээс энэ олон янз хувилбарыг үүсгэсэн бололтой юм. Харин “Оршил үг” нь орчуулгаас үүссэн (Foreword) бололтой байдаг ч хэрэв “Удиртгал”, “Оршил” болон “Өмнөх үг” бүгдийн өмнө редактор, эрхлэн хэвлүүлэгчийн зүгээс тайлбар бичих бол зөвхөн “Оршлын оронд” гэсэн гарчигтай бичвэрээр эхлүүлэх нь зүйтэй болов уу?

Учир нь энэхүү “оршил” гэдэг нь олон утгаар хэлбэржин тоггсон эртний уугал үг бөгөөд үндсэн гурван утга илтгэдэг (номын, шарилын, шашны /Бат оршил даншиг) нь бүгд “эхлэл”, “танилцуулга”, “оршил” гэсэн утгаа хадгалж монгол ахуй, соёлыг илтгэх дээрх томоохон төрөл зүйлүүдийн үгийн санд батжин тогтворжжээ. Харин “номын оршил”-ыг: “Ямар нэгэн бичиг зохиолын өмнөх өгүүлэл, номд оршил бичих” [Я.Цэвэл, 2013.591], “Өмнөх үг -Зохиолын бүлэг хэсгийн өмнө байдаг, тухайн хэсгийн гол утга санааг илтгэсэн товч үг буюу шүлэг” [2013:605] гэж тус тус тайлбарлажээ. Нөгөө талаар Я.Цэвэлийн энэхүү тольд “Анхны хэвлэлийн өмнөх үг”, “Анхны хэвлэлийн оршил" (1963) гэж бичсэн байдаг нь хожмын толь бичгүүдэд хэвшин тогтсон юм. Иймд уран зохиолын ном, орчуулгын бүтээлийн “Өмнөх үг”-ийг “Мөрөөдөлт санаашралаа дуулсан мөрөн дапай давалгаална” (Ч.Дагвадорж, 2009), “А.П.Чехов цагийн цагт шинээрээ” (Д.Цоодол) гэх мэт уран сайхны “нийтлэл нэр”-ээр нэрийдэж болно уу гэхээс ОЦМХ-ний үгийн сан, тогтсон” үгийг гажуудуулж болмооргүй байна. Учир нь “Оршил”, “Өмнөх үг”, “Удиртгал” тэргүүтэн нь угтаа “эхлэл” (proloue, пролог), “өмнөх үе” (preamble, преамбула), төрөл зүйлийн хувьд аман зохиол (үлгэр, дуу, хууч, туулийн эхлэл)-д; “эх, эхлэл, үүсгэл” (beginning, зачин) гэсэн хуучин үг, хөгжмийн төрөлд; удиртгал хөгжим (prelude, прелюдия) зэрэг олон утгаар салаалдаг. Өөрөөр хэлэхэд англи хэлэнд “exordium", “overture”, “preliminary”, “prolegomenon”, “prelusion", “proem” гэсэн, орос хэлэнд “вступление”, “предуведомление”, “начало”, “интродукция”, “вводная часть” гэсэн ойролцоо утгат үгс бий ч аль ч хэлэнд ном соёлын албан ёсны тогтсон үг хэллэгээр бичдэг уламжлалаас зөрж, өөрийн дураар нэрийдмээргүй байна. Уран сайхны эрэл, сэтгэлгээ нь ном бичгийн соёл уламжпал, гарчиг, нэр томьёонд бус зохиол бүтээлийн утга санаа, чанар чансаанд баяжин дэлгэрүүштэй санагдана. 

 

Нэгэн зүйл: Дүгнэлт

 

 

 

1990 оноос өмнө хэвлэгдсэн монгол номонд ийм дур зоргоороо бичсэн алдаа тун цөөн ажиглагддас бөгөөд ялангуяа уран зохиолын түүвэрт “Өмнөх үг" төдийлөн бичээд байдаггүй байжээ, Зөвхөн анхны ном юм уу хожмын түүвэр зохиол, ботиудад бүрлээч болсны дараа, эсхүл мэндэлсний нь ойд зориулан мэргэжлийн, дотны эрдэмтэн зохиолчид хүндэтгэн дурсах, үнэлэн дүгнэх зорилгоор “оршил” бичиж байсан нь түгээмэл болохоос одоогийнх шиг хэдэн шүлэг, зохиол бичингүүтээ хазтаслаж аль л алдартай, нэртэй хүмүүсээр хамгийн сайн үгсийн цуглуулга бичүүлэх гэсэн хэнээрхэл бус байсан нь чанарын түвшингээ өргөж байв.

 

 

 

Утга зохиолын номонд мэргэжлийн редактор томилж сайтар хянан засварлахын зэрэгцээ хэвлэлтийг нийтээр уншсаны дараа зарим зохиолд хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн, шүүмжпэл өрнүүлдэг байсан нь ч бий. Тиймээс эдгээр “чамирхал үг”-үүдийг “халтуурын үг”, “магтаалын үгс" хэмээн ойлгож болохоор байна.

Өөрөөр хэлэхэд зарим “зохиогчид” оршил, өмнөтгөл гэх мэт янз бүрээр нэрлэн бичиж буйг “туршилт”, эсвэл санаандгүй сонголт алин болохыг тодруулах үгийн сан, утгын ялгамжийн судалгаа шаардлагатай байна. Учир нь зохиолч, “соён гэгээрүүлэгчид”, эрдэмтэд нь өөрсдөө ийн бичээд буй тул бусад шинжлэх ухааны салбарын бүтээлүүдэд нэрт эрдэмтэн, зохиолч “сэтгэгчид”-ийн дээрх мэт уран сайхны нэрийтгэл, уянгын халилыг тойрч бус дайрч гарсныг нарийвчлан авч үзүүштэй юм. -Хэл шинжлэлийн эрдэмтэн, докторууд буюу академич, хэл шинжлэлийн салбарын эрхлэгчид нь өөрсдөө “Цуврал нээх босго үг" (Л.Болд), “Уялга үг”, “Хянан тохиолдуулагчийн хэлэх үг" (Э.Пүрэвжав) гэж бичээд буй тул бүх нийтийн боловсролын түвшинд төдийгүй мэргэжлийн салбарын хүрээнд ч эргэн харууштайг илтгэх боллоо. Ном хэвлэлтийн тоо нэмэгдсэн ч үр өгөөж чанар чансаа нь навс унаж мөнгө төлж “бестсэллэр” болгодог энэ цаг үед хуруу дарам судлагч, шүүмжлэгчид нь хүч тэнцвэргүй “тулаан”-д хүчин мөхөсдөн, зөвхөн “өмнөх үг"-ийг нь сөхөж харахад энэ мэт буюу. Эдгээр эмхтгэлүүдийг “редакторлосон", “ариутган шүүсэн", “эрхшээн соёрхсон”, “эрхлэн толилуулсан”, “хянан найруулсан”, “хянан тохиолдуулсан”, “уншиж зөвлөсөн”, "шүүтгэн нягтласан” зэргийг ч мэргэжпийн хүрээнд нэр томьёо, оноолтын хувьд нягтлан авч үзүүштэй байна. Сум, орон нутгийн ойн ном, ургийн болоод хүчит бөх, хурдан морины тухай эмхтгэл, орчуулга хөрвүүлгийн бүтээл, “бяцхан ном”, сонирхогчдын гарын авлага гэх мэт олон төрлөөр хэвлүүлэх болсон нь энэ мэт сайн дураар нэрлэгдэхэд хүрчээ. Тиймээс тухайн ном, эмхтгэл нь тэнгэр нарын тухай өгуүлэх бол “тотго” үгтэй, газар дэлхийн сэдэвтэй аваас “босго” үгээр эхэлжээ хэмээн онцлон ялгаж, тодорхойлон дүгнэхэд хүргэж буй юм. Нөгөө талаар тухайн үеийн сэтгэл санааны байдал нь нөлөөлжээ хэмээн үзэхэд хүргэж буй нь эртний монголчуудын ном бичгийн соёл, түүхт уламжлал алдагдсантай холбон тайлбарлагдахаар байна. Иймд шинжлэх ухаан мэдпэгийн салбар, төрөл зүйл төдийгүй монгол үндэстэн хоорондын бичиг ном, соёлын түвшинд харьцуулан, гүнзгийрүүлж судпах цаашдын шаардлагыг үүтгэж байна. Уран сайхны бүтээл, дурсамж намтраа бичих, шүлэг зохиох нь тэтгэвэрт гарсан хүний “орон зай” биш бөгөөд мэргэжлийн бус зарим нь “годогодох үг” гэж бичин тайлбарлаж буйг номын зохиогчоос нь сонсож явсны хувьд цаг, цаас ийн гарздав. Эхний хэвлэлдээ “Босго үг”, удаах хэвлэлдээ “Тотго үг” гэж оноон нэрлэж бичсэнээс үзэхэд монгол хэлээр наадан тоглож, “зугаагаа гаргасан” мэт эрх дураар сонголтыг хэрхэн хүлээж авах оюун санааны эрх чөлөөг уншигч танд үлдээе.

 

Ph.D, дэд проф Д.ЦЭВЭЭНДОРЖ (ШУА, ХЗХ, ЭША)