Зах зээлийн эдийн засагтай оронд ажиллаж, амьдарч байгаадаа заримдаа эргэлзэх үе байна. Тэр тусмаа сонгууль ойртох тусам энэхүү эргэлзээ улам лавшрах төдийгүй хуучин тогтолцоогоо бид халаагүй мэт засаг төрийн шийдвэр цуварч өгнө.

Бүхнийг бидэнд бэлдээд өгөх юм шиг учиргүй ихээр эрх баригчид сайрхаж, санаа тавина. Гэнэт гэнэт зах зээлийн дэгийг эвдсэн, сүүлийн 30 жилд байгаагүй алхмууд ар араасаа гарч ирнэ. Үүний нэг нь ноолуурын үнийг төрөөс тогтоох тухай хачин шийдвэр байлаа. Эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ шаардлага, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах нөөц боломжоос шууд хамааралтай экспортын бүтээгдэхүүнийг хатуу үнээр хүлж, зах зээлийн эсрэг гэмт хэрэг манай төр энэ хавар үйлдчихлээ. Ноолуурын үнэ килограмм нь 100 төгрөгөөс доошгүй байх ёстой гэж хээвнэг загнасан нь эсрэгээрээ дотоодын ноолуурын зах зээлд хямрал өрдчихлөө. Мянга мянган малчны орлогыг өнөөгийн төр сүйдэлж чадлаа. Малчдынхаа магнайг тэнийлгэх гэсэн төрийн шийдвэр алдаа болж, ноолуурын үнийг огцом газардуулав. Эдийн засаг хүндэрч, дэлхий нийтээр бараа бүтээгдэхүүний борлуулалт хумигдаж, өрхийн худалдан авах чадвар дордож байхад ноолуур 100 мянга гэж төр шууд зарласан нь судалгаа, тооцоогүйг илтгэнэ. Харин ч төр ноолуурын үнийг дур мэдэн тогтоох гэсэн захиргаадалт малчдыг төдийгүй дотоодын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулав. Үүнээс болж “Говь” тэргүүтэй үндэсний компаниуд өнөөдөр ажилтнаа цомхотгож, түүхий эдээ худалдан авч чадахгүйд хүрэв. Ноолуураа 100 мянгаар өгнө гэж хөөрсөн малчин өнөөдөр хоёр дахин бага үнээр өгөх гээд ч чадахгүй байна. Өндөр үнээр ноолуур авах ченжүүд лав алга. Ад үздэг хятадууд ч ноолуураас дөлөв. Хятадын ноолуурын салбар хүндрэлд хэдийн оржээ. Ноолуурыг үнийг 100 мянга гэж зарласан салбарын сайд малчдаа ч төөрөгдүүлж, мал аж ахуйн салбар дотроо ямааг чухам өргөмжиллөө. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт хагарал үүсгэж, төр зах зээлийг хэрхэн бусниулж байгаагийн тод жишээ. Өөрөөр хэлбэл, төр малчдад тус болох гээд ус гэгч нь болов.

Малчдыг ноолуурын үнээр дэмжих тухай Ерөнхий сайдын мэдэгдэл эсрэгээрээ зах зээлд үйлчиллээ. Ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь ноолуурын үнийг 100 мянга гэж үүрэгдсэн нь байгаа оносонгүй. 230 гаруй мянган малчин өрх, үүнийг дагаад хөнгөн үйлдвэрлэлийн салбар хаалгаа барихад хүрэв. Хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд ноолуурын үнэ тогтоодог ченж биш ээ. Гэтэл ченжийн үүргийг Засгийн газар гүйцэтгэж, ноолуурын үнийг хүлээлтээс дордуулав. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр Засгийн газар малчдад тал засаж, алдаагаа баллуурдах гэж килограмм ноолуурт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болж байна. Малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төр дахин шийдвэрээ тодотгов. Гэвч урамшуулал олгох тухай мянга яриад ч унасан салбар, уруудсан үнэ энэ хавар сэргэхгүй нь тодорхой болж байна. Хөдөө аж ахуйн бирж байгаад ч ноолуурын үнэ тогтворжиход нэмэр болсонгүй. Засгийн газрын шийдвэр малчдад гай, зах зээлд лай авчирлаа. Ноолуурын үнийг хүчээр тогтоох гэсэн судалгаа, тооцоогүй төрийн шийдвэр болгон зах зээлийн эдийн засагт өсөлт бус уналтын урхи болов. Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 100 мянга хүрэхгүй байна. Мөнгөгүйдсэн малчид, түүхий эдээ 100 мянгаар татан авах боломжгүй үйлдвэрлэгчид төрийн харалган шийдвэрийн золиос болж байна.