Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг. Гэвч Улсын баатар Э.Бат-Үүл хэдхэн хоногийн өмнөх сүр дуулиантай амлалтаасаа ухарч АН-ын ахлах зөвлөх З. Энхболдтой өрсөлдөхөөсөө татгалзлаа. Яг 15 хоногийн өмнө “З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нэр дэвшинэ. Ардчиллаа хамгаална. АН-аа цэвэрлэнэ” гэж байсан.

Гэтэл өнөөдөр Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, МАН-ын дарга, генсек хоёртой өрсөлдөхөө мэдэгдлээ.Ноёд урваач, нохой шарваач гэгчээр яг тулсан цагт нь амлалтаасаа урважээ. З.Энхболдтой тохирчихов уу яав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын хувьд нам руугаа явсан ч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч дэх холбоо сүлбээ нь хэвээрээ байгаа. Энэ утгаараа З. Энхболд өнгөрсөн 7 хоногт шүүхээр хэрэг нь шийдэгдэж 4,6 жилийн ял авсан М.Энхсайханы хэрэгт ямар нэг байдлаар нөлөөлсөн байхыг улс төрийн хүрээнийхэн үгүйсгэж чадахгүй байгаа. Энэ нь эр бяр нь амтагдаж асан Э.Бат-Үүлийн зүрхийг үхүүлсэн бололтой.

Э.Бат-Үүлийн хувьд Хотын дарга байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд өөрийн хүү Б. Чулуудайгийн компанийг оролцуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Шүүх хурал нь хэд хэдэн удаа хойшлогдсон ч М.Энхсайханы араас ял авах нь гэсэн айдастай байгаа. Тиймээс шүүх засаглалд нөлөөтэйгөө харуулсан З.Энхболдыг хорхойтой араанд зуугдаж байхаар тохиролцохыг илүүд үзсэн бололтой. Ямартай ч Э.Бат-Үүл нарын холбогдсон хэргийн шүүх хурал болох нь болно.

Харин тэр үед Э.Бат-Үүл болон хүүгийнх нь хэрэг хэрхэн шийдэгдэхээс улсын баатар маань хуулийн өмнө тэгш байх ардчиллын үнэт зүйлээ худалдсан эсэх нь тодорхой болно. Сонгууль гэж хулгайч, хуйвалдагчдын тохиролцооны талбар болж дээ.

http://tvmongolia.mn/8338.html