Аугаа хүний суут бүтээлийг эх хэл дээрээ унших боломжтой боллоо

Ньютон шүү дээ, та минь ээ, нөгөөх алдарт “Натур философийн математик эхлэл”. Монголчууд (физикчид голдуу унших биз) эх хэлээрээ унших нь байна. Нухаад, ноцолдоод байх сайхан ажилтай болж дээ. Монгол хэвлэл нь яахав, боломжийн, “Соёмбо” хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн.

Ньютон болон түүний суут бүтээлийн тухай товч

Нэг орны аугаа хүн нөгөө орны аугаа нэгнээ ийн үнэлсэн байдаг. Францын их философич, соён гэгээрүүлэгч, зохиолч Вольтер: “… Ньютон хамгийн аугаа суутан байлаа. Учир нь, бурхнаас хүчирхэг авьяас билгийг хүртэж, түүнийгээ өөрөө боловсрох ба бусдыг гэгээрүүлэхэд зориулан жинхэнэ сүр жавхланг цогцлуулсан, ноён Ньютон шиг тийм хүн арван зууны туршид ганцхан удаа л тохиож магадгүй, үнэхээрийн аугаа, гэтэл … улс төрч болон байлдан дагуулагч нар бол ерийн ихэмсэг хорлогчдоос өөрцгүй …” гэж. Ньютоны талаар хэлсэн нь мэдээж үнэн, манай улстөрчдийг харахад улстөрчдийн талаарх дүгнэлт нь бүр ч үнэн байгаа биз.

Ньютоны энэ бүтээл гарснаар физикийг одоогийн физикчдийн ойлгодог физик дүр төрхтэй болгосон юм. Тэр үед физик гэсэн нэр томьёог өргөн хэрэглэдэггүй байж. Тэр ч байтугай, физик гэсэн үгээр анагаах ухааныг ойлгодог байж. Энэ бол уг бүтээлийг латинаас анх орос хэл рүү хөрвүүлсэн академич А.Н.Крыловын үг юм шүү. Монгол хэвлэлийн 3-р боть дээр нь буй.

Ньютон энэ бүтээлээ анх бичихдээ тэр үеийн шинжлэх ухааны хэл болсон латинаар бичсэн байдаг. Латинаар байгаль шинжлэлийн ухаануудыг натур философи хэмээн нэрийддэг байж. Тэгэхээр “философи бол бүх шинжлэх ухааны эцэг”, “модоор зүйрлэх юм бол философи бол их бие нь, харин тусгай шинжлэх ухаанууд бол тэр модны салаа, мөчир” гэсэн үгнүүд энд л утгаа хадгалж болох юм.

Ньютоны ертөнцийг үзэх үзэл нэн өвөрмөц. Тэр тусмаа бурхны талаарх ойлголт. Энэ тухай монгол хэвлэлийн 3-р ботийн 141-144-р талд буюу Ертөнц хэрхэн зохион байгуулагдсан, түүний бүтцийн тухай өгүүлсэн Ерөнхий сургамж гэсэн хэсэгт буй. Өөрийнх нь өгүүлснээс харахад, бурхан гэдгийг Ертөнцийн дээд хууль, бүх юмс үзэгдлийн зүй тогтол гэж л ойлгосон шиг байгаа юм. Бүгдийг захирдаг, бүх зүйл захирагддаг тэр зүйл бол хууль юм. Тухайн зүйлийн хуулийг мэдэх явдал тун хэцүү. Бурхан, хууль, зүй тогтол нь тун чанагуухи зүйл бөгөөд хүмүүний оюун ухаан тэр зүйлийн илрэлтэй харьцдаг аж. Ө.х. Ньютоныхоор хүмүүс бурхныг танин мэднэ гэдэг бол “төрөлхийн сохор хүн өнгөний талаар төсөөлөлтэй болох лугаа” гэсэн байдаг. Хүмүүс ихэвчлэн феноментой (Кантын философийн энэ нэр томьёог манай философид “үзэгдэл” хэмээн орчуулсан) харьцах бөгөөд ноументэй (үүнийг “мөн чанар” хэмээн орчуулсан) харьцаж чаддаггүй байна.

Христийн шашны хувьд Исусийг Бурхны хүү биш, харин бусад аливаа зүйлийн адил Бурхны жирийн нэг бүтээл хэмээн үздэг арианист маягийн үзэлтэй байсан ч гэлцдэг.

Шинжлэх ухаанд оруулсан Ньютоны хувь нэмрийн тухай бүгдийг бичнэ гэвэл нэг өгүүлэл байтугай нэлээн зузаан ботид ч багтах аргагүй. Тэгээд ч миний мэдлэг хүрэлцэхгүй, тоочих төдий өгүүлье. Хөдөлгөөний алдарт 3 хууль, бүх ертөнцийн таталцлын хууль, наран төвт систем, гэрэл бөөмлөг шинжтэй болох баталгаа, импульсийн хууль, дууны хуулийн судалгаа, биномын задаргааны томьёолол (Ньютоны бином), физикийн оптикийн салбар гээд бүгд түүний нэртэй холбоотой. Ньютон судалгаа, шинжилгээний багаж зэвсгээ өөрөө хийдэг байсан бөгөөд ойдог дуран авайг ч хийсэн байна.

Ньютон, газрын татах хүчний санаагаа цэцэрлэгт сууж байгаад модноос алим унахыг хараад олсон гэдэг. Түүний суут чанар энд л харагддаг. Учир нь, Ньютоноос өмнө модноос алим унахыг хэдэн сая, живаа хүмүүс харж л байсан. Гэтэл “Яагаад?” гэсэн гайхамшигт асуултыг хамгийн “энгийн” энэ үзэгдэлд Ньютон л тавьсан байгаа юм. Суут нээлтийн үндэс ингэж тавигдсан ажээ.

Ньютон “Эхлэл”-ээ латинаар бичжээ. Уг хэвлэлийн доторх хавтасны зураг. Энэ бүтээл гарснаар ертөнцийг үзэх аристотельч үзэл,  ньютонч үзлээр ө.х. илүү шинжлэх ухаанч дүр зургаар халагдсан юм.

Ньютон, Лейбниц хоёрыг дифференциаль тооллыг зэрэг шахуу нээсэн гэдэг. Харин Лейбниц одоогийн бидний хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг зохиосон. Энэ хоёр суутан нэг, нэгнээсээ хамааралгүйгээр энэ нээлтийг хийж. Аугаа их хүмүүс нэг цаг хугацаанд бие, биенээсээ хамааралгүй ижил нээлт хийсэн баримт олон бий.

Робэрт Хуук, Ньютон хоёрын харьцаа нэг тиймэрхүү байсан гэдэг! Хуукэд ч бас газрын татах хүчний санаа байсан гэлцдэг. Зарим нь бүр хэтрээд Ньютоныг Английн Вангийн нийгэмлэгийн тэргүүн байхдаа Хуукийн бүх бичмэлийг шатаахыг үүрэгдэж байсан гэх нь бий. Энэ хоёрын талаар янз бүрийн цуу яриа байсаан, гэлээ ч энэ хоёр хүн хоорондоо захидал бичгээр харилцаж байсан л үнэн юм даг. Яагаав, нөгөө хүн бүрийн мэддэг “Хэрэв би илүү холыг харж чадсан бол өмнөх үеийнхээ аваргуудын мөрөн дээр зогсож байсны хүчинд тэгж чадсан хэрэг” гэсэн үгийг Ньютон Хуукэд бичсэн захидалдаа бичсэн байдаг.

Ньютон тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байсан учраас эзэн хаанаас “Сэр” хэргэм хүртсэн анхны эрдэмтэн болсон юм.

Одоо манай зарим нэг псевдо-сэхээтнүүд “энэ ямар Эйнштейнийн бүтээл биш, аль 17-р зууны Ньютоных шүү дээ” гэж мэдэх л байх. Уг нь мэдлэг, боловсролтой, шинжлэх ухаан, танин мэдэхүйд хүндэтгэлтэй ханддаг хүн бол Ньютоны тухайд ийм үг цухуйлгахгүй л дээ. Гэхдээ ийм зүйл хэлж мэдэх хүн нэлээд байдгийг миний бие либертари үзлийн талаар ярьж байхдаа цөөнгүйг харсан. Либертари үзлийг философийн хувьд үндэслэсэн Жон Локк, эдийн засгийн хувьд үндэслэсэн Адам Смит нарын суут бүтээлийн талаар ярих үед эд яг ингэж хэлдэг. Гэтэл Локк, Ньютон, Смит нар бол үеэс үед дуурсагдах giant-ууд шүү дээ. Ньютоны энэ бүтээл хүн төрөлхтөнд ертөнцийг үзэх цоо шинэ үзлийг (ньютонч дүр зургийг) өгсөн юм шүү дээ.

Физикийн нэлээд гүнзгий мэдлэгтэй нэгний Ньютон, Эйнштейн хоёрыг харьцуулан ярьж байсныг сонсож байсан юм байна. Тэрээр Ньютоныг Эйнштейнээсээ арай илүү гэж хэлсэн. Түүний хэлж байгаагаар хэрэв Эйнштейн Ньютоны үед амьдарч, тэр үеийн шинжлэх ухааны нөхцөлд байсан бол түүний хийсний 80% орчмыг хийх байсан, харин Ньютон Эйнштейний амьдарч байсан нийгэм, шинжлэх ухааны орчинд байсан бол түүний хийснийг 100% хийчих байсан гэж.

Бүтээлийг латинаас орос руу орчуулсан нэгэн эрхэм

“Натур философийн математик эхлэл”-ийн орос орчуулга байсан учраас энэхүү суут бүтээлтэй эх хэлээрээ танилцах боломжтой боллоо. Д.Төмөрбаатар маань оросоос орчуулсан хэрэг.

Ер нь, оросууд энэ бүтээлийг 3 удаа хэвлэсэн юм билээ. Хамгийн анхны бөгөөд сайн орчуулгыг А.Н.Крылов хэмээгч академич хийсэн байна. Орос, Зөвлөлтийн математикч, физикч, усан онгоц зохион бүтээгч энэ хүний маш сайн орос орчуулгын ачаар бид ч гэсэн Ньютоны суут бүтээлтэй эх хэлээрээ танилцах бололцоотой болсон хэмээн хэлж болно.

А.Н.Крылов “Эхлэл”-ийг анх бичигдсэн латин хэлнээс орос руу буулгасан юм. Тэгэхдээ математик тайлбарыг төгс хийсэн гэдэг. Энэ нь Крылов өөрөө маш сайн математикч байсантай холбоотой байх.

Академич А.Н.Крылов. 1863-1945 он.

Номын үндсэн утга санааг тодотгоход зураг, зураглал ихээхэн ач холбогдолтой. А.Н.Крылов өөрөө номын бүх зургийг хоёр дахин өсгөж, өтгөн бэхээр тодотгон зурагласан байна. Заримыг нь тексттэй нь нийцүүлэн зурсан байна.

“Эхлэлийн” 3-р ботид хийсэн Крыловын тайлбарын ач холбогдлыг физикчид их үнэлдэг.

Бүтээлийг монголчилсон андынхаа тухай

Оросын нэгэн алдартан “Тэр [Крылов] Ньютоныг бидэнд өгсөн нь танин мэдээгүй байсан асар уудам газар нутгийг бидэнд нээж өгсөнтэй адил” хэмээн үнэлж байсан шиг Д.Төмөрбаатар маань Монголын оюун санаанд асар уудам талбарыг нээж өглөө дөө.

Анд маань өмнө нь Австрийн онолын физикч, Нобелийн шагналт Э.Шредингерийн “Амьдрал гэж юу вэ?” номыг орчуулсан. Харин одоо энэ суут бүтээл. Тэрээр “академич” энэ тэр гэсэн элдэв “мундаг цол хэргэмтэй” хүн биш. Монголд юм хийгээгүй байх тусмаа элдэв цол хэргэмд дурлагсад их байдаг. Харин жинхэнээсээ оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нь зав чөлөө багатай тул шагналын хойноос хөөцөлддөггүй ч юм уу, угаасаа тиймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй болоод ч тэр үү, энгийн даруу амьдрах юм. Найз маань МУИС-ийн жирийн нэг био-физикийн профессор.

“Миний муусайн найз нар” гэдэг шиг эдэнтэйгээ нэг “зуу” тавьчхаад маргалдаж, хөөрөлдөж суух үед оюун санааны минь цангаа тайлагдах шиг болдог. Хүний үгийг сонсож сурсан, маш анхааралтай чагнана, сайтар бодож эргэцүүлсэн хариу аргументаа хүчтэй гаргаж тавьдаг. Эсрэг этгээдийнхээ ухаалаг бодол санаанд үнэн сэтгэлээсээ баярлаж сурсан хүмүүс. Сэхээтэн шиг сэхээтнүүд дээ. Эд маань улс төрчид шиг буруу шийдвэр, үйлдлээрээ улс орон, олон түмэнд хэдэн тэрбумын хохирол учруулдаггүй, үзэг, цаас, гар утсаа ашиглан гэмт хэрэг үйлддэггүй. Үзэг-цаасаа зөв зүйлд, эрдэм номын ажилд л ашигладаг. Ёстой л зөв амьдарсаар насыг барж байна.

Анд маань хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг. Бас чиг “хэлмэгдээд” авсан гэж байгаа. 1980-аад оны дундуур түүнийг “Монгол-Зөвлөлтийн найрамдалд харш зүйл ярьдаг, ийм хүн МУИС-д багшилж, оюутан залуусыг хордуулж болохгүй” гээд МУИС-аас хөөж, жил хагас хэртэй хар бор ажил хийлгэсэн. Хэр баргийн хүн гудманд гарах байсан болов уу. Харин манай хүн үзэж тарсаар байгаад, эргэж ирсэн. Би ч мэднэ л дээ, манай үеийнхэн овоо гэдгийг. Гэхдээ бидний дунд олиггүй аргаар амьдрагсад бас л харагддаг. Тэр тусмаа улс төрөөр хоолоо олж идэгсэд.

Д.Төмөрбаатар маань орчуулах ажилдаа тун чамбай хандсан нь орос хэвлэл дээр зургийн дугаар солигдсон, зарим үг, үсэг, тэмдэглэл дээр алдсан байсныг засаж залруулснаас харагдаж байгаа юм. Энэ номтой 10 гаруй жил ноцолдсон доо. Мань мэт нь сүүлдээ асуухаа ч больсон, манай хүн нухаад л суусан. Одоо тэр, нөр их хөдөлмөр, зүтгэлийнх нь үр шимээр энэ гайхамшигт бүтээл олон түмний гар дээр монгол хэл дээр очиж байна.

 

Ньютон алдарт 3 хуулиа ийн томьёолжээ. Энэ 3 боть бүтээл бүхэлдээ тус гурван хууль юмс үзэгдэлд хэрхэн илэрч байгааг харуулан батлахад зориулагджээ.

Энэ маань ийм том үйл бүтээчхээд дуугүй л яваад байх юм. Гэтэл улс төрчид, шүлэгчид болохоор дурсамж маягтай ном бичих, жижиг ном орчуулах, хэдэн шүлэг хэлхэх төдий зүйл хийчхээд сүржигнэж байхыг зөндөө л харлаа. Тэд номынхоо нээлтийг хийнэ гээд Төв номын сангийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулан, уншлагын танхимд сууж байсан хүмүүсийг тарааж тавьтаргүйддэг. Энэ бүхнээс болж, номын сангийн удирдлагатай нь сайдах муудах дээрээ тулж л байлаа. Иймэрхүү сүржигнэсэн, хуурмаг, хоосон үзэгдэл Монголд хэт газар авснаас “оюуны энтропийн сүйрэлд” хүрч мэдэхээр болчхоод байгааг анд маань монгол хэвлэлийн оршилдоо онцлон анхааруулсан байсан. Санал бүрэн нийлж байна.

Ингээд Д.Төмөрбаатартаа олон түмний өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдынх нь сургалт, судалгааных нь ажилд амжилт хүсье.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН