Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ буруу хүнтэй уулзаж, алдаа дутагдал гаргах вий гэхээс эмээдэг. Нөгөө талаар хүүхэдтэйгээ тэр бүр ярилцаад байдаггүй нь  зарим нэг эрсдэл дагуулж байна. Тухайлбал,  өсвөр насны хүүхдүүд насаа нэмээд Фэйсбүүк хаяг нээдэг нь нууц биш. Харин цахим орчин хэт замбараагүй тул хүүхдийг садар самуунд уруу татах эрсдэл өндөр бий. Үүний хохирогч болсон тохиолдол хэд хэд бүртгэгдсэн бөгөөд  хэргүүд нь эхнээсээ шүүхээр шийдэгдсэн байна.

Хэдийгээр хуулийн дагуу гэм буруутай этгээд ял авч байгаа ч өсвөр насны хүүхэд сэтгэлдээ шархтай үлдэж байна. Харин гэм буруутай этгээдэд ял хөнгөдөж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

16.8 дугаар зүйл.Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах тухай заасан байдаг ч ял нь дэндүү хөнгөн ажээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 16.8.1-д “Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.

 

Яг энэ зүйл ангиар ял сонссон этгээд анхан давж заалдах шатны шүүхээс нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн байгаа юм. Харин хохирогч охин сэтгэл санаагаараа хохироод үлдсэн байгаа юм.

Хэргийг тодруулбал, Э.Н гэгч этгээд 11 настай хүүхдийг нүцгэн зургаа явуул гэж шаардлага тавьсан үйлдэл нь нэг бус удаа давтагдсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Э.Н нь Ү, Э, Ц гэх 3 охины нүцгэн зургийг гуйж авч байсан. Шинжээчийн дүгнэлтээр компьютерын хатуу дискэнд садар самуун агуулсан 711 ширхэг зурган файл, 21 ширхэг дүрс бичлэгийн файл хадгалагдаж байгаа нь тогтоогдсон. Энэ хүн “Гомдомхой найз” гэсэн фэйсбүүк хаягаас дандаа насанд хүрээгүй охидын хаягтай холбогдож, улмаар насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татдаг байсан нь тогтоогдож байжээ. Мөн ашиглаж байсан компьютер, гар утсыг хураан авч үзлэг хийхэд 193086 илэрц гарч ирснээс фэйсбүүк болон бусад сайтаас татаж авсан 1730 ширхэг садар самуун агууламж бүхий зураг, дүрс бичлэг байгаа нь илэрсэн байна.

Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Нг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд Э.Н-гаас 290.518 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д олгуулж, анхан шатны ялыг хэвээр нь үлдээсэн байна.

Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээс харин хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэгтэн”  хариуцлагаас мултарч, өсвөр насны охин  сургуульдаа явж чадахгүй, араас нь байнга хүн дагаж яваад байх шиг санагддаг болсон. Үүнээс болоод доошоо цус алддаг болсон юм...

Энэ бол хохироод үлдсэн нэгэн жишээ. Шүүх хуулийн хүрээнд хэргийг шийдсэн. Гэвч хууль нь ийм цоорхойтой байхад өсвөр насны хүүхдүүд хохирсоор байх болно. Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хуульд өөрчлөлт орох хүртэл өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, анхаарал хандуулах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.