Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар 11:00 цагийн ээлжит мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-тйн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 23-нд нийтдээ 66 шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 19 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналт руу шилжлээ.

Яг одоогийн байдлаар Монгол Улсад 141 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, одоо 109 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа иргэдийн 85 иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байгаа. 

Энэ дашрамд сануулахад улс орон даяар дархлаажуулалтын 10 хоног явагдаж байна. Бусад оронд улаан бурхны өвчлөл нэмэгдэж, дэгдэлттэй байгаа. Тийм учраас товлолт дархлаажуулалт явагдаж байгаа цаг үед дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юм" гэлээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орон нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгэдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. 1,900 гаруй хүн сүүлийн 24 цагийн байдлаар нас барсан. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9,434 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. Манайтай хил залгадаг тус улсын хотуудад өмнөх өдрөөс өвчлөл нэмэгдэж, тархалт эрчтэй тархаж буй нь хэвээр байна.

Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн байгаа.

ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв.