Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээний талаар Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Ганбаттай ярилцлаа.

Та цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээний талаар бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу?

- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг 2019 онд Улсын хэмжээнд 35 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өссөн дүн мэдээтэй байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирох, бусдын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” аяныг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.  

Дундговь аймгийн хэмжээнд энэ гэмт хэрэг хичнээн бүртгэгдэж байсан бэ? Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тулд танай байгууллагаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

- Дундговь аймгийн хувьд 2018 он, 2019 он, 2020 оны эхний улиралд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам зөрчигдсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг бүртгэгдэж байгаагүй эерэг дүн мэдээтэй байна. Гэмт хэрэг бүртгэгдээгүй нь хэдий сайн мэдээ боловч бид энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй. Болзошгүй аюул осол бидэнд хэлж ирэхгүй учраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллана. Манай тасгийн хувьд Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байгаа 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалган ажилтан, ажил олгогч нарт мэдээлэл өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар нь дээр нь засуулах ажлыг зохион байгуулан ажиллаа. 

Иргэд маань энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ? 

- Энэхүү гэмт хэрэг голчлон ажилтан, ажил олгогч нарын эрх зүйн мэдлэг дутмаг, ажилтан эрх үүргээ ухамсарладаггүй, ажил үүрэгтэй хайнга хандах, ажил үүрэгт нь тохирсон хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэдэггүй, ажил олгогчийн зүгээс орчин тойрныхоо аюулгүй байдал, эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын хайрс хашаа зэргийг хийдэггүй, ХАБ хариуцсан инженерийн зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөггүй эсхүл зүгээр л нэр төдий гарын үсэг зуруулаад орхих зэрэг хайхрамжгүй үйлдлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа сайтар мөрдөж ажиллахыг Аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгаас анхааруулж байна.

Маргааш бол таны өнөөдөр аюулгүй байдлаа сахин хамгаалж ажилласны шагнал юм шүү гэж хэлмээр байна.

- Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

- Баярлалаа та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.